Хорооноос дээргүй хөгжилтэй хотын дүүрэг

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Хорооноос дээргүй хөгжилтэй хотын дүүрэг

Хорооноос дээргүй хөгжилтэй хотын дүүрэг
Өнгөрсөн ням гарагт Ардчилсан намын “Монгол хүн 2020” ээлжит хэлэлцүүлэг Багахангай дүүрэгт боллоо. Дорнод аймгаас гараагаа эхэлсэн хэлэлцүүлэг ийнхүү их хотын дүүрэгт үргэлжилсэн юм. Дүүргийн иргэдээс анх удаа Багахангайчуудын үгээ хэлж, үзэл бодлоо солилцов.

“Монгол хүн 2020-Багахангай” хэлэлцүүлэгт АН-ын генсек Д.Эрдэнэбат, Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Багахангай дүүргийн АН-ын дарга Б.Мөнхжаргал нар оролцсон юм.

Үйлдвэрийн бүс болох зайлшгүй шаардлага, шалтгаан бий

Дэд бүтцийн хөгжил 3605-хан хүн ам суурьшдаг сонин суурин Улаанбаатараас 90 гаруйхан километрт байна. Зөрөөд л өнгөрөх замын гийчинд үйлдвэрийн район байж болохуйц дүр зураг эндээс харагддаг байж магадгүй. Үнэхээр Багахангай дүүрэгт хөгжих боломж, нөөц бололцоо асар их байна. Харин бодлогын хувьд менежментийн дутагдалд оржээ гээд өнгөцхөн дүгнэчихэж болно.

Зам дагаж хөгжил гэдэг бол Багахангайд эсрэгээрээ. Уг нь энэ дүүрэг төмөр замын өртөөтэй. Галт тэргэнд суугаад л иргэд нь 2600 төгрөгөөр хот руу орчихно. Бас хар замтай учраас ганц цаг давхиад л ирчихнэ. Налайх дүүргээс 50 гаруйхан километр зайтай. Налайхын хөндийд хэдэн жилийн дараа Оюутны хотхоныг байгуулахаар Засгийн газар шийдвэр гаргачихаад байгаа. Тэгвэл хотхон байгуулахаас өмнө Багахангайд хүнсний чиглэлийн үйлдвэрүүдийг, тэр дундаа мах, сүүний үйлдвэрийг нэгдсэн бодлогоор бөөгнөрүүлээд хөл дээр нь зогсоочихвол бүтээгдэхүүнийг нь зөөх бэлэн дэд бүтэц байна. 3000 гаруйхан хүн амтай хэрнээ 30-50 мянган хүн амтай орон сууцны бохирыг зайлуулах хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтай. Одоогийн байгаа байдлаараа Багахангайнхны бохир хүчин чадлынх нь талд ч хүрдэггүй ажиллуулдаг. Улаанбаатар хоттой харьцуулахад цэвэр агаартай, хаашаа ч харсан цэлгэр уудам талбайтай. Хойд хэсэгт нь сайн чанарын тоосгоны түүхий эдийн орд газар бий. Түүхий эдийг нь урд аваачаад шинжилгээнд оруулахад өндөр чанартай тоосгоны түүхий эд болохыг тогтоосон боловч одоог хүртэл ашиглаагүй. Үндсэндээ бүтээн байгуулалтын ажил хийвэл барилгын түүхий эд бараг л бэлэн байгаа нь эндээс харагдана. Тэр байтугай онгоц буух талбай ч энд бий. 20 жилийн өмнөх байгууламжуудаас ямар ч эвдрэлгүй үлдсэн талбайн нэг нь онгоцны талбай аж. Оросын цэргийн анги байсан болохоор тэр шүү дээ.

"Орхигдсон" Багахангай

Өмнийн цэнхэр говийн баялгийг ашиглахын тулд дэд бүтцийг хөгжүүлэх асар их шаардлагатай байгаа. Гэхдээ дэд бүтэц хөгжөөгүй ч Монголын ажилтай, ажилгүй хүн бүхэн Оюутолгой, Тавантолгой руу хошуурч буйг бид харж байна. Тэд амар хялбар амьдрахыг хүссэндээ бус, амьдралдаа хүрэлцэхүйц цалинтай ажиллахын тулд өөрийгөө ч мартан Оюутолгой, Тавантолгойг зорьж байгаа. Харин Багахангайд тэднийг даллан дуудах боломж илүү их байгаа нь дэд бүтцийн хөгжил юм. Татаасаар хэдхэн үйлдвэр байгуулчихаад л Улаанбаатарт чихэлдэж буй залуус аяндаа хүрээд ирэх нөхцөл бий. Наад захын жишээ татахад ажиллах хүсэлтэйг нь орон сууцаар хангах боломж зөвхөн энд л байна. Хуучин Оросын цэргийн ангийнхан байрлаж байсан 200 айлын орон сууцны блок хээрийн салхинд элэхээс цаашгүй, урд зам талбай, блок нь бэлэн боловч ашиглагдаагүй. Эдийн засгийн эргэлт сайтай газарт бол тэдгээр барилгууд хэн нэг баяны гараар ороод хэдэн тэрбумаараа эргүүлчих л байсан байх. Гэлээ ч өдрөөс өдөрт иргэд нь дайжихад хүрч буй "Орхигдсон" дүүрэг Багахангайд эдгээр блок зүгээр л балгасын үүрэг гүйцэтгэж байна. Энэ мэт бяцхан жишээ татахад хүн ам багатай, дэд бүтэц сайтай Багахангай хөгжих боломж асар ихтэй хэрнээ боломжоо огтхон ч ашигладаггүй буюу менежментийн дутагдалд оржээ гэдэг нь харагдаж байгаа юм.

Улсын хамгийн том махны үйлдвэр

Монголд байхгүй өндөр хүчин чадалтай махны том үйлдвэр энд бий. 1993 онд Финляндын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Германы технологитой, өдөртөө 100-200 бод, 300-400 бог мал нядалж, махыг нь бэлтгэх хүчин чадалтай, хиаман цехтэй, 400 тоннын багтаамжтэй махны зоорьтой, Монголын хамгийн том махны үйлдвэр аж. Мал аж ахуйн орон гэгддэг Монгол Улсад хамгийн хэрэщээтэй, тэр дундаа махны үнийг өвөл бүхэн дийлддэггүй Улаанбаатарчуудад бол энэ том үйлдвэр маш чухал юм. Гэлээ ч төрийн өмчит компани болоод ч тэр үү өнөөдөр үр ашиггүй, их өртэй тоног төхөөрөмж л болж хувирсан байна. Анхандаа Баганхангай, Улаанбаатарыг махаар хангаад зогсохгүй Япон, ОХУ руу мах экспортлодог байжээ. Харин 2001 оноос хойш бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй. Ажиллах нөхцлийг ч Засгийн газар бүрдүүлээгүй. Финляндад манай Засгийн газар 1,5 тэрбумын өртэй. Хоёр улсын Засгийн газар хоорондох асуудлаас болоод үйлдвэрийн үйл ажиллагаа үндсэндээ зогсох нөхцөл бүрджээ. 2005 онд үйлдвэрийн удирдлагаар н.Батсайхан, 2008 оноос "Ганьт" компанийн захирал н.Энхбат нар ажилласан боловч ямар нэг юм хийж чадаагүй. Засгийн газрын өрийг тэглээд, дээр нь 500 сая төгрөгөөр засвар үйлчилгээ хийсний дараа л энэ үйлдвэр хүчин чадлаараа ажиллах боломж бүрдэх аж. Учир нь үйлдвэрийн тоног төхөөрөмж сайн боловч шугам сүлжээ нь хагарч цоорсон, барилга нь суулт өгсөн. Эдгээрийг засч янзлаад үйлдвэрийг ажиллуулчихвал дор хаяж 200 хүн ажлын байртай болчих аж. Өмнө нь үйлдвэр ажилладаг байхад Багахангайн 200 гаруй хүн ажилладаг байжээ. Харин өнөөдөр тэд ажилгүйчүүдийн эгнээн тэлчихсэн. Үйлдвэрт ердөө дөрвөн манаач, нэг сахиул, хоёр нярав л ажилладаг юм байна. Үйлдвэр тог цахилгаангүй, түлэх түлээгүй. Төрийн өмчийн компани гэдэг ч сахиул манаач нь гартаа ганц зэвсэггүй ажилладгийг иргэд ярьж байна.

Хортой үйлдвэрийн цэг Багахангай болох ёстой гэж үү?

Дээр дурдсанчлан Налайхад Оюутны хотхон байгуулагдвал хоол хүнсийг нь хаа нэгтээгээс зөөх шаардлага гарч л таарна. Харин дэд бүтцийн хөгжил сайтай ч хараахан хөгжиж амжаагүй Багахангай үүнд хамгийн том хувь нэмрийг оруулах боломжтой суурин. Гэтэл яагаад ч юм дандаа л хортой үйлдвэрүүдийг энд авч ирж барьдаг аж. Химийн, керамзитын, төмрийн, хөнгөн цагааны үйлдвэрүүд энд байна. Цаашдаа арьс ширний үйлдвэрүүдийг ч энд авчрахаар төлөвлөж буй бололтой. Хүн ам олноор суурьшчих боломжтой энэ газарт хүний эрүүл мэндэд хоргүй өч төчнөөн үйлдвэрийг байгуулчих боломж байхад зөвхөн хортой үйлдвэрүүдийг татдагт дургүйцэх хүн олон байлаа. Тэр дундаа төмрийн үйлдвэрүүдэд хятадууд дангаараа ажилладаг нь дүүргийнхний бухимдлыг төрүүлж байна. Арга ч үгүй бололтой. Хятадын хоёр ч төмрийн үйлдвэр байдаг. Тэдгээрт нь дүүргээс гуравхан эмэгтэй хүн ажилладаг юм байна. Бүртгэлтэй хятадууд нь 70 гаруй, цаана нь визгүй хятадууд ч бий гэх сураг сонсогддог аж. Ажлын цаггүй, илүү цагийн мөнгөгүй, гачигдал гараад чөлөө авах эрхгүй гуравхан монгол иргэн нь ажлаа алдахгүйн тулд юм ярьдаггүй. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалгүй гэх мэт асуудлыг зарим нэг хөдөлгөөнийхөн л илрүүлдэг бололтой юм. Энэ мэт ажлын байр нэмэгдүүлэхгүй хэрнээ нутгийг нь бохирдуулж, иргэдийг нь дээрэлхдэг иймэрхүү хятадын үйлдвэрүүд л "орхигдсон" дүүрэгт үүдээ нээж байгаа нь Монголын хуулийг уландаа гишгэх гэсэн арга гэж үзэхээс аргагүй аж. Аюулгүй ажиллагааны ажлын хувцас, маск, хортой нөхцөлд ажилласны хангамж ч энд байхгүй. Хөнгөн цагааны үйлдвэрт хүн ухаан алдаж байсан ч удаатай аж. Энэ бүхэн бол Багахангайд ажлын байр бий болохгүй байгаа бас нэг нөхцлүүдийн нэг.

Багахангайн иргэдийг байтугай Улаанбаатарын ажилгүйчүүдийг ажилтай, орлоготой байлгачих дэд бүтцийн хөгжил сайтай энэ газар өнөөдрийн байдлаар зөв бодлого, оновчтой менежментээ хүлээсэн байдалтай, "орхигдсон" гэдэг нэр авчихаад байна.

Багахангайхны эрүүл мэнд ч "орхигдсон"

Хүн төрөх гэдэг байгалийн жам ёсны эрх. Харин энд эмэгтэйчүүдийн эмч ч байхгүй болохоор эмэгтэйчүүд өндгөвчний үрэвсэл болсон ч хот орох хэрэгтэй болно. Жирэмсэн болсон эмэгтэй бүх шинжилгээгээ өгөхийн тулд 90 километрийн цаадах Улаанбаатарыг л зорино. Төрөх гээд өвдсөн ч Улаанбаатарыг л зорино. Төмөр замынхан нь яах вэ Улаанбаатар хотод очоод Төмөр замын эмнэлэгтээ хэвтчихдэг, харин бусад нь нэг, хоёрдугаар эмнэлгийн хооронд гадуурхагдана. Дөнгөж хүүхэд төрүүлсэн эхнэрээ авчрах гэж 90 километр замыг туулах шаардлага гарна. Амьдралын боломж муутай зарим нэг нь нарийн шинжилгээ өгч чадалгүй явсаар хүндрэл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Улаанбаатараас 90 километрийн цаана амьдардаг хүмүүс алслагдсан сумын малчны гэрийн эзэгтэйтээс дор эмнэлгийн үйлчилгээ авна гэдэг бодохоос ч хачин. Гэхдээ л хөгжлөөс холуур "орхигдсон" Багахангай ийм л байна. Мэс заслын, шүдний гэх мэт ойр зуурын шаардлагатай эмч байхгүй. Дүүргийн статустай хэрнээ дөнгөж саяхан л эхоны аппараттай болсон гээд бодохоор Багахангай Улаанбаатарын хаана нь явна гэж бодохоос аргагүй.

Данхар төсөвтэй халамжийн район

Багахангайн төсөв 950 сая төгрөг. Бараг л тэрбум төгрөг хэрнээ иргэдэд төдийлөн ;: харагддаггүй. Тодорхой тайлан тавьдаггүй болохоор захын нэг иргэнээс нутгийн удирдлага төсвийн хөрөнгөөр юу хийдэг юм бэ гэхэд мэддэг хүн олдохгүй. Харин төслийн хөрөнгөөр алдаа мадагтай боловч юу хийснийг нь нутгийнхан мэддэг аж. Биеийн тамирын талбай, хүүхдийн тоглоомын талбай, сургуулийн дээврийн засвар гэх мэтчилэн урсгал засварын шинжтэй ажлуудыг янз бүрийн төслүүдийн шугамаар хийдэг юм байна.

Энэ завсар татвар төлөгчдийн мөнгө хүнээ хөгжүүлэхэд бус, халамжаар царцаахад зориулагддаг бололтой. Багахангай 3605 хүн амтай. Гэтэл статистикийн газрын мэдээлснээр халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо 13 мянга 366 хүн. Дунджаар нэг хүн дөрвөн удаагийн халамжид хамрагдсан дүн статистикт харагдаж байгаа юм. Багахангайнхан бүгдээрээ халамжид тийм их хамрагддаг юм уу гэвэл бас үгүй. Тухайн хүний үзэл бодлоос хамаарч халамжийн мөнгөөр тансаглагчид олон байдаг бололтой юм. Би ямар ч халамж хүртээгүй, би халамжид хамрагдаагүй байхад хамруулсан юм шиг дүн гардаг гэж ярьдаг хүмүүс байдаг аж. Нөгөөтэйгүүр дүүргийн статустай болоод ч тэр үү, бусад 200-300 мянган хүн амтай дүүрэгтэй адил халамжийн хангамж өндөр байдаг болохоор хүнийг ажил хийлгэхээсээ илүү тэжээвэр болгоход чиглэсэн бодлого хүчтэй үйлчилдэг. Ийм хэмжээний их халамжаар амьдарч буй иргэд хүний хөгжлийн төлөө бодохоос илүү халамжаар амьдрах боломжийг харах нь ойлгомжтой болж таарч байгаа юм.

Харин тэрбум төгрөгийн төсөвтэй энэ дүүрэг жилдээ 20 гаруйхан сая төгрөгийн орлого олдог. Хийсэн ажил нь харагддаггүй "орхигдсон" дүүрэг гэж бодохоор дарга нарыг чимээгүй баяжуулах гол талбар болдогийг үгүйсгэх аргагүй аж. Яагаад гэвэл энд юу болж байдгийг хэн ч анзаардаггүй. Жонш ухсан ч мэдэхгүй, алт ухсан ч хамаагүй, мөнгө идсэн ч падгүй. Гэхдээ Монгол Улс, тэр дундаа Багахангайнхан энэ замаар хөгжихгүй. Дэд бүтцийн хөгжил сайтай Багахангайнхан "Монгол хүн 2020" хөтөлбөрт өөрсдийнхөө хөгжлийн макетыг Улаанбаатар хотын тэлэлтийг багасгаж, олон залуусыг татахуйц хөнгөн, хүнсний үйлдвэрээр зурж байна.
Иргэдийнхээ амьдралд ямар зовлон, бэрхшээл байгааг сонсч, гарах арга замыг нь хамтдаа ярилцсан цэнхэр тугтнуудын хэлэлцүүлэг үргэлжилсээр байна.

Х.Монголхатан
Зохиогчийн эрх: “Зууны мэдээ” сонин

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж