
Нийслэлд ханш нь өндөр байгааг дагаад хөдөө орон нутагт ч ноолуурын ханш нэмэгджээ. Албан мэдээгээр Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймагт өчигдрийн байдлаар ноолуурын үнэ 71 мянган төгрөгийн ханштай байна. Үүнээс шалтгаалан “Эмээлт” зах дээр авчирч ноолуураа тушаах малчид харьцангуй цөөрсөн гэх мэдээлэл ч байна. Ямар ч байсан энэ хаврын ноолуурын ханш хөдөөгийнхний сэтгэлд нийцэж байгаа нь лав. Гэхдээ өндөр ханшаар даллаж малчдыг бүх ямаагаа самнуулсных нь дараа ноолуурын үнийг буулгадаг жишиг бий болоод удаж байгаа. Яг үүн дээр ченжүүдийн ажиллаж буй арга барил харагддаг бөгөөд зах зээл дэх эрэлтээс үл хамаарч үгсэн тохиролцдогийг нь илтгэж байгаа юм.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ноолуурын үнэ манай улсад нэлээд тогтворгүй байдаг. Энэ нь зарим талаар хөдөө аж ахуйн түүхий эдийн худалдааны эмх замбараагүй байдлаас болж байгаа гэдэг?
-Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн үнэ тогтворгүй байдаг нь зарим талаар манай худалдааны бүтэцтэй холбоотой. Гадны худалдан авагчдын гараар орж үнэ өсч байгаа. Мөн ченжүүдийн оролцоо ч их бий. Тэгэхээр өнөөдрийн энэ эмх замбараагүй худалдааг цэгцлэх шаардлагатай. Харин үүнийг шийдэхийн тулд хөдөө аж ахуйн биржийг байгуулахаар ажиллаж байна. Одоо Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн хуулийн төсөл УИХ-ын дэргэд байгуулагдсан ажлын дэд хэсгийн түвшинд яригдаж байна.
-Танайхаас ченжийн захуудад очиж нөхцөл байдалтай нь танилцдаг уу?
-Өнгөрсөн жил мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч түүхий эдийн “Эмээлт” захад очиж ажилласан. Ченжүүдтэй уулзаж, сургалт зохион байгуулж ч үзсэн.
-Бирж байгуулснаар эмх замбараагүй байдал бүрэн шийдэгдэх болов уу?
-Биржээс өөр энэ зах зээлийг зөв зүйтэй хэлбэрт оруулах тогтолцоо хараахан алга. Одоо хэн бүхний харж байгаа энэ төрлийн худалдааны эмх замбараагүй байдал, үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд орж байгаа зэрэг асуудал байна. Бирж байгуулагдсанаар худалдааны эмх цэгцтэй байдал, түүхий эдийн чанарын хувьд дэвшил гарах байх гэж бодож байна. Манайхтай адил ийм бэрхшээлтэй учирч байсан улсууд бирж байгуулах замаар л түүхий эдийн зах зээлээ хөгжүүлж ирсэн. Тухайлбал Этиоп улсыг энд дурьдаж болно.
Дотоодын зах зээлийг хятадууд ирж хоосолж, түүн дээр нь нэрмээд ченжүүд хувийн тоглолт хийдэг нь түүхий эдийн зах зээлийг улам тогтворгүй болгож байна. Мөн хаврын эхээр ноолуур хялгас багатай, чанартайд тооцогддог байна. Харин оройхон самнасан ноолуураас хялгас их гардаг тул үнэ нь хямдрах шалтгаан болдог аж. Өнгөрсөн жилийн өвөл манай улс 20 гаруй сая ямааныхаа долоон саяыг нь зудад алдсан. Мөн энэ жил 7000 тонн ноолуур бэлтгэх байснаас 5000 тонн хүрэхтэй үгүйтэйг бэлтгэх бололтой. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчид түүхий эдийн хомсдолд орох эрсдэлд байгаа юм.
Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ноолуурын үнэ өсч байгаа ч эргээд огцом унах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа гэх яриа байна?
-Энэ бол зохиомлоор үнийг өсгөж байгаагаас үүдэлтэй. Өнөөдөр Хятадын зах зээл дээр ноолуурын үнэ манайхтай ойролцоо ханштай байгаа. Мэдээж том зах зээлд эрэлт байлгүй яахав. Гэхдээ энэ удаагийн үнийн өсөлт бол эрэлт гэхээсээ илүү ханшийг хөөрөгдөж байгаа хэрэг. Дотоодын үйлдвэрлэлийг урагш гишгүүлэхгүй гэсэн санаа ч энэ үнийн хөөрөгдлийн цаана бий байх.
-Экспортын татварыг сэргээх талаар ярьж байгаа. Энэ санаачлагыг төрөөс баталсан тохиолдолд ноолуурын салбарт бодит хувь нэмэр болж чадах уу?
-Экспортын татварыг сэргээх асуудлын хувьд Засгийн газар эхний удаад авч хэлэлцсэн. Одоо нэгдсэн байдлаар энэ асуудалд хандах байх. Дээр нь Засгийн газраас бонд гаргаж байгаа нь ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд боломж олгож байна.
-Ер нь ноолуурын үнэ таны ажиглаж буйгаар хэд байхад зах зээлтэйгээ уялдахаар байна вэ?
-50-55 мянган төгрөгийн ханштай л байх ёстой. Үүнээс өндөр өсвөл хөөрөгдөл болж хувирна. Тэгээд зах зээлийг хөргөх үйлдлүүд газар авч ноолуурын үнэ шалдаа буудаг шүү дээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин