-Намрын чуулганаар нэлээд чухал хуулиуд хэлэлцэх гэж байна. 2014 оны төсвийн төсөл ч ороод ирлээ. Төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?
-Аль ч үеийн намрын чуулган улсын төсөв, төрөөс баримтлах мөнгөний бодлогыг баталдгаараа онцлог байдаг. Тухайн жилд төвлөрүүлэх орлого, зарлагын хэмжээ, орлогоо аль байгууллага хаанаас төвлөрүүлэх, орон нутгийн төсөвт үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг хаанаас гаргах зэрэг асуудлыг хуульчилж өгдөг л дөө. Төсвөөр цалин тэтгэвэр ямар байх юм, төсвийн байгууллагад ажиллагсадын гадаад дотоод томиллолт, албан контор, унаа тээврийн хэрэглээг хэдээр тооцох юм гэдгээс өгсүүлээд аль салбартаа ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадах юм, монгол улсын гадаад дотоод өрийн асуудлаа яаж шийдэж явах юм гэх зэрэг олон чухал асуудал яригддаг. Ер нь төсөв батлах нь парламентийн хэнтэй ч хуваалцах ёсгүй нэг гол үүрэг нь юм даа.
-Төсвийн төсөлтэй танилцсан байх. Дээрээс нь бас 2013 оны Төсвийн тодотгол ороод ирлээ шүү дээ?
-Төсвийн төсөлтэй танилцсан. Даваа гаригт болсон манай бүлгийн хуралд Сангийн сайд Ч.Улаан төсвийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. 2014 оны төсвөө зохиох суурь нь өнөө жилийн төсвийн гүцэтгэл шүү дээ. Тэгэхээр өнөө жилийн төсөв нэлээд хүнд байдалтай байгаа. Тийм учраас тодотгол хийх шаардлага гарч Засгийн газраас оруулж ирэхээр болсон.
-Төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж Засгийн газар ярьж байсан ч гэнэт тодотгол хийх шаардлагатай гэж УИХ-д өргөн барьчихсан. Үүнийг та юу гэж харж байгаа бол?
-Гол асуудал нь төсвийн орлого 1,5 их наяд төгрөгөөр тасрахаар байгаа юм. Шалтгаан нь гэвэл өнгөрсөн жил төсвийн орлогоо төлөвлөхдөө маш их субъектив хандсан тал бий. Жишээ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах замаар төсөвт 445 тэрбум төгрөг оруулна гэж тооцсон боловч энэ төлөвлөлт тасарчсан. Гэтэл гэрээнд өөрчлөлт оруулах нь ганц манай талын санаачилгаар тийм хурдан хийж чадах ажил биш байсан нь одоо амьдралаар харагдаж байна л даа. Мөн импортын хэмжээ сүүлийн жилүүдэд өсөлттэй байсан бол энэ жилийн хувьд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. Манай уул уурхайн зэс, нүүрс гэсэн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унасан. Үүнээс үүдэн бизнесийн идэвхи саарсан зэрэг байдлаас үүдэлтэйгээр импортоос хамааралтай НӨАТ, гааль, онцгой албан татварын орлого 638 тэрбум төгрөгөөр тасрахаар байна. Иймээс тодотгол хийж төсвийн хуулиа бодит байдалд нийцүүлэх шаардлагатай болж байгаа юм. Ингээд харахаар бид ирэх жил хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж амьдрах шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, ямар хэмжээний орлого олж чадахаа маш бодитой төлөвлөөд түүндээ таарсан зарлагатай төсөв батлах болчихоод байна. Иймээс зардал тал дээр нэлээд таналт хийх шаардлага бий болж байгаа харагдсан. Урсгал зардал тал дээр мэдээж дээд зэргийн хэмнэлтийн бодлогоор явах хэрэгтэй болно. Аль болохоор илүү юм худалдаж авахгүй, гадаад, дотоод томилолт гэх мэт тэвчиж болох бүх зардлыг танах ёстой.
-Хөрөнгө оруулалтын зардлыг танах талаар төсөвт юу тусгасан байна вэ?
-Хөрөнгө оруулалтын бодлого тал дээр нарийн ярих юм бий. Хэрвээ хөрөнгө оруулалтаа танана гэвэл ямар хэсэгт нь танах вэ гэдгээ сайн ярих хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын хөрөнгө оруулалт чухал хэрэгтэй боловч тэр нь эргээд дараа жилийн төсвийн урсгал зардал дээр ачаалал болж ирдэг гэдгийг анхаарах ёстой болно. Бодит сектороо дэмжсэн хөрөнгө оруулалтаа аль болохоор үлдээж эдийн засгийн өсөлтөө дэмжих хэрэгтэй байх. Хөрөнгө оруулалтын асуудлыг ярихдаа нэгдсэн дүнгээр нь биш обьект бүрээр нь ярьж таарна. Ямар төсөл хөтөлбөрийн, аль обьектийн мөнгийг ямар үндэслэлээр хасч байгаа юм гэдгийг ярих шаардлага гарна. Тэгээд гол нь дараа жилийн хөрөнгө оруулалтын зардал зөв төлөвлөгдсөн байх хэрэгтэй. Энэ нь манай экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнийг төсөвт хэр бодитой тооцсон бэ гэдгээс олон зүйл шалтгаална даа.
-Ер нь хэдээр тооцож оруулж ирсэн байгаа вэ?
-Нэг тонн зэсийг 6241 ам.доллар, нэг тонн нүүрс 115 ам.долларт байхаар тооцсон төсөв оруулж ирсэн. Энэ нь 2013-2016 оны дундаж үнэ юм л даа.
-Төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас ч хэтэрч магадгүй гэсэн яриа бий. Үнэн үү?
-2014 оны төсвөө батлахдаа энэ төсвийн алдагдлын хувиа тал талаасаа нягталж сайн ярих хэрэгтэй гэж бодож байгаа. Төсвийн тогтвортой байдлын хуульд төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байна гээд заачихсан байгаа. Үүнд баригдана гэвэл 400 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв батлах болж байна. Гэтэл нарийн яривал Чингис бонд, Хөгжлийн банкны мөнгийг төсвийн зарлага талд суулгах уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэхгүй бол дахиад нэг бие даасан төсөв байгаа юм шиг байдал үүсч байгаа юм. Иймээс төсвийн зардал талдаа суулгалгүй тусад нь орхиж болохгүй гэж бодож байна. Яагаад гэхээр Чингис бонд, Хөгжлийн банкинд эрсдэл гарвал улсын төсвөөс л төлж таараа. Хэрэв энэ мөнгийг төсөвт суулгана гэвэл төсвийн алдагдал бүр 12 хувьд хүрэх гээд байна. Ийм зангилаа асуудал байгаа учраас 2014 оны төсвийг олон талаас нь ярилцах шаардлагатай байна. Магадгүй Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа заасан төсвийн алдагдлыг хоёр хувьд барина гэдэг тоогоо өөрчлөөд, Чингис бонд, Хөгжлийн банкны мөнгийг төсөвтөө суулгаж төсвөө илүү хариуцлагатай болгох ёстой гэдгээ ярилцах л хэрэгтэй. Ер нь төсөв өөрөө улс төрийн шийдвэрийн үр дүн болдог тул улс төржих юм гарч л таараа гэхдээ аль нэг нам нь хэтэрхий улс төрийн ашиг хонжоо хайж, бие биеээ баалалгүй асуудлыг хамтарч зөвөөр шийдэх хэрэгтэй болов уу гэж бодох юм. Бас нэг хэлэх зүйл бол төсвийн хүндрэл зөвхөн энэ жил үүсчихсэн юм биш, өмнөх жилүүдээс уламжлагдан ирсэн өр зээлүүд ихээхэн нөлөөлсөн. Тиймээс хаа хаанаа сайн бодох ёстой байх.
-Ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн төслүүдээс хоёр чухал хуулийг нь баталчихлаа. Үлдсэн хуулиудын тухай та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийг намрын чуулганаар баталлаа. Энэ нь Монголд бизнесийн орчин тогтвортой байх, бизнес аль болохоор улс төр, нийгмийн тодорхой бүлгээс хамааралгүй, урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх боломжийг гадна, дотны хөрөнгө оруулагчдад олгож байгаагаараа чухал боллоо. Төсөв баталсны дараа яригдах өөр нэг чухал зүйл нь Эрдэс баялгийн салбарт баримтлах төрийн бодлого юм. Энэ бодлогоо баталж гаргасны дараа Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах байх. Намрын чуулганаар хэлэлцэх, анхаарал татсан хууль нь урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл. Урт нэртэй хууль өөрөө нэг талаас уул уурхайн салбарт ажилладаг компаниуд, нөгөө талаас малчид, байгаль хамгаалах чиглэлийн иргэний байгууллагуудын тал талын сонирхол, зөрчил дунд байсан учраас сайн хэрэгжиж чадаагүй. Тиймээс энэ хуулиа цаашид дагаж мөрдье гэж байгаа юм бол журмыг нь өөрчлөн хуульчилъя гэдэг асуудал яригдаж байна.
-Алтны худалдааг ил тод болгох хуулийн төслийн ажлын хэсэгт та байгаа байх аа. Энэ яг ямар хууль гарах гээд байна вэ?
-Алтны худалдаанд ил тод байдал бүрдүүлэх тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Энэ бол алтны чиглэлээр төрөөс баримтлах бодлогоо тодорхой болгоё гэдэг л хууль. Алт бол байгальд эцсийн бүтээгдэхүүн байдлаар олддог цорын ганц металл шүү дээ. Өөрөө ямар ч валют руу шууд хөрвөдөг. Тэгээд ч хүн төрөлхтний түүхэнд алт ямагт үнэт цэнэтэй бүтээгдэхүүн байсаар ирсэн. Цаашид ч тийм байх болно. Ялангуяа сүүлийн жилүүдэд алтны үнэ байнга өсч байна. Манайд нөөц бол бий. Жишээ нь, Оюутолгой ордод гэхэд 1838 тонн алт байх жишээтэй. Тиймээс олборлосон алтыг Монгол банк Арилжааны банкууд зөвхөн худалдаж авдаг, зөвхөн Төв банк алтыг экспортод гаргах эрхийг дангаараа эдэлдэг байхыг хуульчилж өгөх гэж байна. Алтны компаниуд арилжааны банкинд алтаа барьцаанд тавьж, санхүүжилт авч болно. Гэхдээ тухайн компани зээлээ төлж дууссаны дараа барьцаанд тавьсан алтаа зах зээлийн ханшаар Монголбанкинд худалдах үүрэгтэй болох юм. Үүнтэй холбоотойгоор алтны роялтын татварыг 2.5 болтол буулгахаар ярьж байна. Одоогийн хуулиар Монголбанкинд алт тушаасан компаниуд олсон орлогоосоо нөөц ашигласны төлбөрт таван хувийн татвар төлдөг. Үүнийг өөрчилж, 2.5 болгож бууруулъя гэдэг санаа явж байгаа юм. Ийм л хууль байна.
-Таны онцолж харж байгаа өөр ямар хуулиуд байна вэ?
-Газрын тосны хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ салбарт 1990-ээд оны дундуур бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээ байгуулан, гадны компаниудыг түлхүү оруулах бодлого баримталдаг байлаа. Учир нь газрын тос өөрөө өндөр эрсдэл шаардсан учраас тэр л дээ. Харин одоо Монгол Улс бол бага хэмжээгээр ч болов нефть экспордолдог нефтьтэй орон болсон. Тиймээс цаашид энэ салбарт баримтлах төрийн бодлого чухал байх ёстой. Нефтийн импортын асуудал дээр ч яах вэ гэдгээ энэ хуульд тусгах шаардлага бий. Дээрээс нь Газрын тухай хууль орж ирж байна. Улаанбаатар хот болон бусад төв суурин газруудын шинэ төлөвлөвлөлт, менежмэнт, газар өмчлөл, эзэмшлийн цоо шинэ харилцаа бий болж бидэнд эрх зүйн шинэ орчин хэрэгтэй шаардлагатай байна. Тиймээс газрын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг намрын чуулганаар хэлэльцье гэж тохиролцоод мэрийж байна. Өөр нэг чухал хуулийн төсөл бол Улс төрийн намуудын тухай хууль.
-Та ажлын хэсэгт нь байгаа бил үү?
-Тийм. Улс төрийн нам гишүүнчлэлтэй байх юм уу, үгүй юу. Санхүүжилт нь яаж явах юм, улс төрийн намын өмч гэж байх уу. Байвал ямар хэмжээнд байх юм. Намын шийдвэр гаргадаг бүрэлдэхүүнийг хаанаас сонгодог, томилдог байх юм гэдгийг энэ хуулиар тодорхой болгох ёстой. Яагаад гэвэл улс төрийн нам эцэстээ засгийн эрхийн төлөө л явдаг. Засгийн эрх авч чадсан нь өөрийнхөө үзэл баримтлал, нийгэм эдийн засгийн хөтөлбөрийг монгол төрийн бодлого болгохыг зорьцгоодог шүү дээ. Нам бол нэг талдаа олон нийтийн байгууллага юм шиг хэрнээ парламентад суудалтай болчихоороо төрийн статустай байгууллага мэтээр явчихдаг. Иймээс бүх намуудын тоглоомын дүрэм нэг стандартаар хуульчлагдсан байх нь тулгамдсан асуудал болоод байна. Үүнийг намрын чуулганаар шийднэ.
20 гаруй жил улс төрийн амьдралд оролцохдоо нам гэдэг байгууллагын удирдах албан тушаалд томилогдож, гал тогоонд бишгүй хутгалдаж явсны хувьд бага, сага туршлага надад бий. Тиймээс энэ хуулийн ажлын хэсэгт орсон. Шинэ цагийн Монголын улс төрийн нам ямар байх вэ гэдгийг шинэ концепциор тодорхойлох цаг болсон гэж үзэж байна. Намрын чуулганаар хэлэлцэх ёстой өөр нэг чухал зүйл бол Сонгуулийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудал. Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгууль нэг процессоор явах ёстой. Өнөөдрийн хүрсэн түвшингээ хадгалаад зарим дутагдал, саар зүйлүүдээ засаад хуулиа батлах нь зөв гэж намууд тохиролцоонд хүрсэн. Хамгийн төгсгөлд нь нэг зүйл хэлэхэд УИХ-аас тээврийн ложисткийн өнөөгийн байдал, транзит тээврийн талаар Монголын төрийн бодлого гаргах ажлын хэсгийг томилсон. Энэ ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, олон нийтийг хамарсан, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан бага хурлыг хоёр ч удаа хийлээ. Орос, Хятад руу томилолтоор явж, транзит тээвэр хариуцсан хүмүүстэй уулзахаар төлөвлөж байгаа. Ингээд төрөөс баримтлах бодлогоо гаргаж цаасан дээр буулгаад энэ намрын чуулганаар танилцуулах үүрэг хүлээсэн.
-УИХ-ын хувьд ийм ажилтай байна. Тэгвэл Засгийн газрын ажилд ямар дүгнэлт хийж байна вэ. Сүүлийн үед Засгийн газар муу ажиллаж байна гэх шүүмжлэлд их өртөөд байгаа?
-Засгийн газрын бүх салбарыг жигд сайн ажиллаж байна гэж үзэхгүй. Доголдолтой салбарууд бий. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан УИХ-ын гишүүд янз бүрийн үнэлэлт, дүгнэлт өгч байна. Төсөв мөнгөний бодлого яриад эхэлж байгаа учраас хүссэн ч хүсээгүй ч Засгийн газар дүнгээ тавиулна. Хэдийгээр он дуусаагүй ч гэлээ хүлээгдэж байгаа ажлуудын гүйцэтгэл ямар байна вэ гэдгийг Ерөнхий сайдаас гишүүд асууж, хариултаа авч таарах байх. Ер нь бол Ерөнхий сайдыг зохицуулах чадвартай улстөрч юм байна гэж бодож үнэлж явдаг. Илэн далангүй ярихад манайд фракцийн улс төр давамгайлж байна шүү дээ. АН ч тийм байна. Ардын нам ч фракцтай. Жижиг гэгддэг намын гишүүдийн угшлыг харах юм бол аль нэг намаас тасарсан фракциуд байгаа нь нууц биш. Ийм нөхцөлд эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр зохицуулах чадвартай хүн шаардлагатай. Энэ тал дээр Алтанхуяг сайдын хувьд менежерийн үүргийг сайн биелүүлж байгаа гэж хэлнэ. Ерөнхий сайд чамгүй санаачилга гаргаж, зүтгэж ажиллаж байна. Засгийн газрыг бүхэлд нь хариуцаад, УИХ-ын өмнө хариуцлага хүлээж байгаа ч цаана нь үүрэг даалгавар аваад ажиллаж байгаа сайд нарын ажил жигд сайн байж чадахгүй байна. Энэ нь асуудлын нэг тал. Нөгөө талаас жижиг фракцийн улс төрөөр том бүтээн байгуулалт явуулахад төвөгтэй. Тийм учраас ялангуяа АН фракциудын дотоод зөрчил, маргаанаа хурдан даван туулж байх хэрэгтэй. Том төслүүдээ урагш нь ахиулахын тулд улс төрийн бусад намуудтай зөвшилцөж, ойлголцох тал дээр Засгийн газар илүү санаачилга гаргаж ажиллаасай гэж боддог. Мөн Засгийн газар энэ цаг үед глобал мэдрэмжтэй байж, ялангуяа тив, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү ач холбогдол өгч ажиллах шаардлагатай юм гэж боддог доо.