Монгол Улс логистикийн хуультай болно

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Монгол Улс логистикийн хуультай болно

“Монголын  тээврийн логистик- өнөөгийн байдал, цаашдын хөгжил" онол практикийн бага хурал  өнөөдөр Төрийн ордноо болж байна. УИХ-ын даргын захирамжаар  байгуулагдсан дамжин өнгөрөх  тээвэр, логистикийн талаар бодлого боловсруулах ажлын хэсэг, Эдийн засгийн байнгын хороо, Худалдаа аж  үйлдвэрийн тэнхим,  Монголын логистикийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж  байгаа аж.  Хуралд УИХ-ыхн гишүүд, мэргэжлийн холбоод, яам агентлагийн 100  гаруй төлөлөгч оролцож  Монгол Улсын тээвэр, логистикийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэн, бусад улсын туршлага, улс орны эдийн засагт тээвэр, логистик хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэл солилцож байна. УИХ-ын гишүүн Г.Батхүү "Бүх төрлийн тээвэр нь өөр өөрийн онцлогоос  хамааран давуу, сул талтай. Тухайлбал, төмөр замын тээвэр бага  зардлаар олон  зорчигч, их хэмжээний ачааг холын зайд тээвэрлэдэг байхад агаарын  тээвэр нь богино хугацаанд өндөр  зарлагатайгаар хязгаарлагдмал  тээвэрлэлтийг гүйцэтгэдэг. Харин авто тээврийн үйлчилгээ хаалганаас хаалганд хүргэх, богино болон дундын зайд үйлчилгээ  үзүүлэх  боломжтой. Эдгээр онцлог давуу талыг  харгалзан  худалдаа тээврийг хөнгөвчилсөн  холимог, логистикийн үйлчилгээг төрөөс бодлогоор дэмжих  шаардлага тавигдаж байна"  гэсэн юм.

Дэлхийн банкнаас жил бүр тээврийн логистикийн   талаар хийдэг судалгаанд  Монгол Улс 155 орноос логистикийн  индексээр 140-д оржээ. Тээврийн салбарт чухал  боловч бодлого, эрх зүйн хувьд  анхаарлаас хол байж ирсэн. Тиймээс Логистикийн  тухай хуулийн төслийг санаачлан батлуулахаар болсон байна. Хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар өргөн барихаар  төлөвлөж байгаа аж.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж