Монголын дууны урлагт өөрийн гэх өнгө төрхийг бий болгож чадсан “Нюанс” хамтлагийнхан дуурийн театрын хаяаг бараадан олон жил суусан. Харин театраас өрх тусгаарлаад удаагүй байгаа тус хамтлагийнхан өөрсдийн ажлын байр, дуулаачийн студийг байгуулж эхэлжээ. Удахгүй студиддээ элсэлт авч дуулах сонирхолтой хүүхэд, залуучуудад дуулах арга барил, бүжиг, хөгжим, гитарын сургалтыг явуулахаар төлөвлөж байгаа аж. “Урлагийг дэмждэг, тэр дундаа сонгодог урлагийг ойлгож, гар сунгадаг “Гангар Инвест”-ийн хамт олон, урлагт хайртай ах эгч нар маань энэхүү студийг байгуулахад тусалж байна” гэж хамтлагийн дуучин Боргио онцлон хэлсэн юм. Мөн “Нюанс”-ынхан СУИС-ийн магистрантурт хамтлагаараа суралцаж байгаа бөгөөд тэд арваннэгдүгээр сарын дундуур СУИС-ийн концертийн танхимд диплом хамгаалах ажлын урьдчилсан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Т.ДАРХАН