
Улс орон зах зээлд шилжин үйлдвэр, байгууллагууд цалингаа тавьж чадахгүй болсон тул дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн, 20-оос доошгүй жил ажилласан ээжүүдийг хуйгаар нь тэтгэвэрт гаргасан нь энэ. Уг нь 50 нас гэдэг тэтгэвэрт “илгээгдчихээргүй” бас ч гэж туршлага чадвар тэгширсэн л нас. Гэвч ажилласан жил дутуу ч дээр дурдсан шалтгааныг “хангасан” л болон бүрэн тэтгэвэр бус нөхөн олговортойгоор гэртээ суусан нь олон.
Соёл урлагийнхан, цэргийнхэн гээд бүх салбарынхан өөрөөр хэлбэл “улс”-ад ажиллагсад бүгд ийм давалгаанд өртсөн. Тэр үед “улс”-ад ажилладаггүй хүн ч гэж юу байх вэ, нийтээрээ л гэсэн үг. Тээр жил нэрт дуучин Б.Нандинцэцэг агсан ид хийж бүтээх насандаа хүчээр тэтгэвэрт гарч “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгынхан тэврэлдэж уйлалдан тайзаа орхиж байсан талаар сэтгэл шимшрэм дурсамж ярьж байсан билээ. Яалт ч үгүй нийгмийн шилжилтийн үед ширвэгдэж орхисон тэд өнөөдөр хамгийн бага тэтгэвэртэнгүүд. Магадгүй цөөнгүй нь хорвоог орхисон биз.
Бас ч гэж нийгэм тэгширч байгаа энэ жилүүдэд тэртээ яалт ч үгүй цагийн эрхэнд ширвэгдсэн тэдний тэтгэврийг нэмэх тухай яригдаж эхэлсэн. Үүний нэг том алхам нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль гэж ойлгогдож байлаа. Гэтэл үгүй юм байна. Уг нь анх энэ хуулийн төсөл яригдаж байх үед С.Одонтуяа нарын эмэгтэй гишүүд нийгмийн шилжилтийн үед олон хүүхэдтэй гэдгээр хүчээр тэтгэвэрт гаргасан эхчүүдэд тустай хууль юм гэж ярьж байсан санагдах. Гэтэл батлагдаж гарсан хуулиар бол,
“…тухайн онуудад /1990-2000/ нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтоолгоогүй байх” гэсэн заалттай учир дээр дурдсан ээжүүд энэ хуулийн гадаа үлджээ. Ингээд 1991 онд тэтгэвэрт гарч байсан ээж маань “Надад хамааралгүй юм байна” гэсхийн санаа алдан үлдэж, харин тэр жил дунд сургуулиа төгссөн эгч маань овоо хэдэн жилийн шимтгэлээ нөхөн төлж, бараг л тэтгэвэрт гарах эрх нь үүсэх боломжтой болж хэмээн баярлав. Гэхдээ энэ хууль нийгмийн шилжилтийн үед ажилгүй болсон олон хүнд шимтгэлээ нөхөн төлөх бололцоо гаргаж өгсөн нь гарцаагүй үнэн. Гэвч анх ярьж байсан ээжүүдийн асуудлыг “будилуулаад” өнгөрөөчихсөн юм байна даа л гэж ойлгохоос өөр яах вэ.
Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн “гавьяа”-гаар 1990-ээд онд тэтгэвэртээ гарсан ээжүүдийн тэтгэвэр өөрчлөгдсөнгүй. Уг нь хамгийн бага хэвээр байгаа тэдний тэтгэврийг нэмэгдүүлэх зорилготой санаачилсан хууль гэж ойлгогдоод байсан юмсан. Ямар ч гэсэн ийн тээр жил нэг ширвэгдэж, энэ жил бас хуулийн цоорхойгоор “гоожин” мартагдсан ээжүүд шүүхэд хандаад байгаа гэсэн. Одоо нэгэнт шимтгэлээ нөхөн төлөх хугацаа дууссан. Олон хүнд буян үйлдэж байгаагаа бахархалтайгаар ярьсаар байгаа улстөрчид тэдний үгийг сонсох болов уу даа, хөөрхий. Хорвоогийн жамаар цөөрсөөр л байгаа даа, тэд маань.