Энэ оны сүүлчээс шинээр газар өмчлүүлж эхэлнэ гэв үү?

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

Энэ оны сүүлчээс шинээр газар өмчлүүлж эхэлнэ гэв үү?

Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэдийн 10 хүрэхгүй хувь нь Үндсэн хуулиар олгогдсон газраа өмчилж авсан байдаг бөгөөд шинээр газар өмчлөхтэй холбоотой асуудлууд иргэдийн дунд гарсаар байгаа. Иргэд одоо дүүргийн газрын албандаа очоод шинээр газар өмчлөх өргөдлөө өгөх гэвэл, хий дэмий явдал болоод байна. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан нийслэлд шинээр газар олгох ажлыг түр хугацаагаар зогсоох захирамжийг хотын мээр өнгөрсөн онд гаргасан. Энэ хүрээнд одоогийн байдлаар газар олголт, өмчлүүлэх ажлыг түр зогсоож,  хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна. Албаны хүний хэлснээр энэ оны сүүлчээр төлөвлөлтийг боловсруулж дуусгаад иргэдэд газар өмчлүүлэх ажил өрнөх гэнэ. Нийслэлд эхний ээлжинд иргэдэд өмчлүүлэх  шинээр сууршлийн 52 бүсийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, энэ 52 бүс газраас шинээр газар өмчилж авах боломжтой бөгөөд эхний ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Багахангай зэрэг дүүрэгт иргэдэд өмчлүүлэх нь тодорхой боллоо. Гэхдээ эдгээр дүүргийн яг хаана газар өмчлүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ер нь хотын хүн амын нягтаршлыг задлах, хот байгуулалтыг тэлэх зорилгоор шинээр газар олголтыг хийж буй бөгөөд иргэдэд зарим шаардлагыг тавьж байгаа.Тухайлбал, зөвхөн Улаанбаатар хотын харъяат буюу 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн харьяат болсон иргэд ийнхүү шинээр газар өмчилж авах эрх нь нээгдэх ажээ. Энэ нь төр иргэдээ хот, хөдөөгийн гэж ялгаварлаж буй мэт харагдах боловч цаанаа хэд хэдэн шалтгааныг агуулж байгаа гэх юм.  Учир нь нийслэлд газар өмчилж авсан иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд байдаг гэнэ. Үүнийг дагаад хөдөөнөөс нийслэлийг чиглэх шилжилт хөдөлгөөн улам эрчимжсэн. Тиймээс ийм арга хэмжээ авснаар уг хөдөлгөөнийг бууруулах талтай аж. Түүнчлэн орон сууцны иргэдийн олонхи нь газар өмчилж аваагүй тул энэ удаагийн арга хэмжээ нь эдгээрт түлхүү боломжийг нээж буйгаараа онцлого юм. Эхний ээлжинд 52 бүс газар гэж хэлэх учир нь заасан бүс газарт иргэд газраа өмчилж авсаны дараа өөр газарт дахин төлөвлөлт хийж, өмчлүүлэх ажээ. Газар өмчлөлийн том ажлыг гэнэтийн ачааллаар бус, алгуур, эмх цэгцтэйгээр хийх нь зөв гэсэн шйидэлд нийслэлийн захиргааныхан хүрсэн байна.

Зөвшөөрөлгүй газар буухыг хатуу хориглоно

Тухайн газрыг авахын тулд эхлээд хуулийн дагуу зөвшөөрөл авах учиртай байтал иргэд эхлээд хашаагаа хатгаж тайвширч орхичихоод, дараа нь газрын албаар газрынхаа зөвшөөрлийг хөөцөлдөж явдаг нь хэтэрсэн. Жилийн жилд зөвшөөрөлгүй газар буухыг хориглосон ч иргэд жалга, цахилгаан хүчдэлийн ойролцоо, уулын орой, энгэрт хамаагүй “буусаар” ирсэн. Энэ зөрчлийг гаргахгүйн тулд гэр хорооллын төлөвлөлтийг нарийн хийж, дэд бүтцэд холбох боломжтой, зам, үйлчилгээнд ойрхон газрыг өмчлүүлэх чиглэлээр газар олгох ажээ. Дээр хэлсэнчлэн нийслэлд шинээр газар олгох ажлыг өнгөрсөн жилээс эхлэн түр хугацаагаар зогсоосон учраас  хууль, дүрмээрээ бол энэ үеэс хойш нийслэлд нэгийг ч хашаа шинээр хатгасан байх ёсгүй. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газраас дээрх шинээр сууршлийн бүсэд сануулга бүхий том самбаруудыг байршуулж буй. Уг самбарт “НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр хамгаалалтад авагдсан газар зохих зөвшөөрөлгүйгээр эзэмших, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Төрийн өмчид зөвшөөрөлгүй халдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж томоор бичсэн байх юм. Нэг ёсондоо ийм самбар хатгасан газар нь төрийн өмч төдийгүй зөвшөөрөлгүй буувал албадан нүүлгэх ажээ. Нүүлгэхдээ бүх зардлыг тухайн иргэн, аж ахуй нэгжээс гаргуулах юм байна. Зөвшөөрөлгүй газарт хэдэн сая төгрөгийн үнэтэй байшин барьсан ч хамаагүй албадан буулгах буюу нэг үгээр хэлбэл “Хууль бол хууль” гэдэг зарчмыг ягштал мөрдөх цаг нэгэнт иржээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж