“Жаст”-ын хэрэг юу болов

Хуучирсан мэдээ: 2013.10.09-нд нийтлэгдсэн

“Жаст”-ын хэрэг юу болов

Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан, Хадгаламж банкны харилцагчдын мөнгийг хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр “Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүүг наймдугаар сарын 13-нд баривчлан хорьсноос хойш бараг хоёр сар болох гэж байна. Түүний хэрэгт холбогдуулан “Жаст” групп болон Хадгаламжийн банк, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан зарим хүмүүсийг өнгөрсөн есдүгээр сард цагдаагийнхан саатуулжээ.

Энэ хэрэг долоон жилийн өмнөөс буюу 2007 оноос эхлэлтэй. Тухайн үед “Жаст” групп “Стандарт” банкнаас зээл авахад Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар баталгаа гаргаж өгсөн байдаг. Түүний дараа Ш.Батхүү удаа дараа зээл авсан бөгөөд нийтдээ 109 сая ам.долларыг зээлжээ. Анх зээл авахад нь “Стандарт” банкны зүгээс “Эрдэнэт”-ийг барьцаанд тавибал зээл олгож болох юм гэсэн саналыг Ш.Батхүүд тавьсан гэдэг. Тиймээс Ш.Батхүү ТӨХ болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж дэмжлэг хүсчээ. Тухайн үед “Улаанбаатар төмөр зам” компани санхүүгийн хүндрэл орсон, түүнийг нь яаж шийдвэрлэх вэ гэдэг арга ухаанаа олохгүй ТӨХ-ныхон сандарч байсан бололтой. Тиймээс  “Жаст”-ын тавьсан саналыг уухайн тас хүлээн зөвшөөрч “Жаст”-ыг мөнгөжүүлснээр “Улаанбаатар төмөр зам”-ыг санхүүгийн хүндрэлээс гаргах боломжтой гэж үзсэн байна. Ингээд “Жаст” группыг Стандарт банкнаас 20 сая ам.доллар зээлэхэд “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа болгосон бөгөөд энэ гэрээ 2008 оноор дуусгавар болжээ. Үүний дараа “Жаст”-ынхан дахин зээл авахдаа дахиад л Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд нь тавьж. Нийтдээ 109 сая ам.долларыг 4-5 хувийн хүүтэй 2015 онд барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн бөгөөд одоогоор 120 сая ам.долларын өр төлөлгүй үлдсэн аж. Өнгөрсөн гуравдугаар сараас “Жаст” групп гэрээнд тусгагдсаны дагуу зээлээ төлөөгүйгээс болж тавдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад Стандарт банкныхан хандсанаар энэ хэрэг ил болсон юм. Энэ хэрэгт холбогдуулан ТӨХ, “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам”-ын өмнөх удирдлагуудаас мэдүүлэг авчээ. Тэдний зүгээс Ш.Батхүүгийн авсан зээлд ямар ч баталгаа гаргаж өгөөгүй гэсэн мэдүүлэг өгчээ. Хамгийн ээдрээтэй нь уг зээлтэй холбоотой ямар нэгэн бичиг баримт “Эрдэнэт” үйлдвэрийн архиваас олдоогүй аж. Харин Төрийн өмчийн хорооны архивт Стандарт банкнаас ирүүлсэн батлан даалт гаргасан гэх албан бичигтэй адилхан хэрнээ өөр утга агуулгатай баримт нотолгоо олдсон байна. 

Гэхдээ зээл авахдаа баталгаа болгосон бичиг баримт тамга тэмдэг нь хуурамч байсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод байгаа гэх мэдээлэл бий. Гэвч Стандарт банкны зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавихыг зөвшөөрсөн Д.Сугар, Ч.Ганзориг нарын гарын үсэг хуурамч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Дээрх эрхмүүдийн гарын үсэг баталгаатай гэдэгт итгэлтэй байгаа учраас тус банкныхан энэ асуудлаар олон улсын  арбитрын шүүхэд хандаад байгаа юм.
 
Ш.Батхүү хэн нэгний гарын үсэг, албан газрын тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, их хэмжээний зээл авахдаа ашигласан нь тогтоогдвол түүнд Эрүүгийн хуулийн 233.1, 233.2 дугаар зүйл анги болох хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх ашиглах гэдгээр ял шийтгэл оногдуулах гэнэ. Өөрөөр хэлбэл, тамга тэмдэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэг нь батлагдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин, тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-3 сар хүртэлх хугацаагаар баривчлах ял шийтгэх аж. Харин Д.Сугар, Ч.Ганзориг нарын гарын үсэг баталгаатай болохыг олон улсын арбитрын шүүхээс тогтоовол төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр “Жаст”-ын тавьсан зээлийг барагдуулах өрөнд унана гэсэн үг. Олон улсын арбитрын шүүх дээр дуудагдсан тохиолдолд Монгол Улс өмгөөлөгч хөлслөх нь тодорхой.  Тэгвэл энэ мөнгө татвар төлөгчдийн халааснаас гарч магадгүй байгаа юм.

Монгол Улсын төсвийн 40 хувийг хангадаг, саалийн ганц үнээгээ хувийн компанийн барьцаанд тавих баталгаа гаргаж өгсөн гэгдэг Д.Сугар энэ талаар “Би мэдээгүй, гэрээнд гарын үсэг” зураагүй гэж хэлдэг ганц үгээ хэлсээр сууна. Үүнийг ХЗЯ, ТӨХ, Монголбанк ажлын хэсэг гарган судалж байгаа юм. Тэгвэл Ш.Батхүү энэ хэрэг “Монгол газар”-ын Ц.Мянганбаяртай холбогдсноос боллоо хэмээн хэвлэлээр дамжуулан халагласан. Ц.Мянганбаяр “Жаст”-аас авсан  шатахууныхаа төлбөрийг цагт нь төлөхгүй явсаар байгаад 10 тэрбум хүрсний дараа Олон Овоотод хамтрах замаар тэдний наймаа өрнөжээ. Гэвч тэд нэг салж, нэг нийлж явсаар С.Баярыг Ерөнхий сайд байх үед Ц.Мянганбаярын  эзэмшилд байсан Олон Овоотын “А” лицензийг Ш.Батхүү гартаа оруулсан байдаг. Олон банк дампууруулах шалтгаан болсон гэгдээд байгаа Олон Овоот дөрөвхөн тонн алттай байсан гэж Ш.Батхүү мэдэгдсэн. Харин Ц.Мянганбаяр 25 тонн алттай гэж Ш.Батхүүд зарсан Олон Овоотыг эргүүлэн авахад бэлэн гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан бий. Тус ордын батлагдсан нөөцийг АМГ-аас 18.5 тонн алттай хэмээн бүртгэсэн байдаг. Тиймээс энэ хэл амыг цэгцэлж, хэн нь худлаа, хэн нь үнэн яриад байгааг тогтоохоор Уул уурхайн яамнаас ажлын хэсэг томилон ажлуулж байгаа юм.

Ажлын хэсэгт АМГ-ын даргаар удирдуулсан таван хүн багтсан бөгөөд тэд энэ долоо хоногийн сүүлээр Олон Овоотыг зорино гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн. АМГ-ынхан газар дээр нь хяналт тавьсны дараа хөндлөнгийн шинжээчдээр судалгаа хийлгэх эсэхээ шийдэх юм. Хөдлөнгийн шинжээчдийг тодорхой хөлсөөр хөлслөх болохоор энэ мөнгийг Ш.Батхүү гаргах уу, Ц.Мянганбаяраас авах уу, эсвэл төр даах уу гэдэг нь тодорхойгүй байгаа бололтой. Анхны тайлан гаргасан геологич н.Готовсүрэн, н.Баярсайхан нарын хувьд уг ордыг 18.5-25 тонн алттай гэдэг нь үнэн гэсэн тайлбарыг хуулийнхан болоод холбогдох албаныханд өгсөн байна. Геологич н.Баярсайхан нь өмнө нь “Монгол газар” компанид ерөнхий геологичоор ажиллаж байжээ.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж