Тооллогын үр дүн аж ахуйн нэгжүүдэд ашигтай

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Тооллогын үр дүн аж ахуйн нэгжүүдэд ашигтай

Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгийг “Ярилцах танхим”-даа урьж аж ахуйн нэгж, байгууллагын 2011 оны улсын тооллогын талаар ярилцлаа.

-Аж ахуйн нэгж бай­гууллагын тооллогыг хуу­лийн дагуу таван жилд нэг удаа явуулдаг. Хамгийн сүүлд 2006 онд тооллого явуул­сан хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажил­лагааны чиглэл, цар хү­рээ хэрхэн өөрчлөгдсөн бай­на вэ?

-Сүүлчийн тооллогыг 2006 онд хийснээс хойш манай улсын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж, цар хүрээ нь асар ихээр нэмэгдсэн. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалсан. Аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ өргөжиж байна. Тоо нь ч ихээр нэмэгдсэн. Олон тооны аж ахуйн нэгж шинээр бий болсон. Иймд энэ удаагийн тооллогод ихээхэн ач холбогдол өгч байгаа. Ерөнхийдөө 2006 онд авсан тооллогоос өнөөг хүртэлх хугацаанд аж ахуйн нэгжүүдийн бий болсон  үйл ажиллагааны шинэчлэл, чиг хандлага, хөгжлийн түвшинг тодорхойлох үндсэн зорилгын хүрээнд ажиллаж байна.

-Тооллогын үр дүнгээр мэдээллийн сан байгуулж, бодлого гаргах түвшинд ашиглана гэж байгаа. Тэгвэл 2006 онд хийсэн тооллогын үр дүнд баталсан хууль, тог­тоомжууд амьдралд  нийц­­тэй оновчтой болж чад­сан уу?

-Тооллогын үр дүн, мэ­дээллийг танилцуулна гэ­­дэг нэг хэрэг. Бид энэ үүр­гийг хүлээсэн. Түүнчлэн мэ­дээл­лийг үр дүнтэй ашиг­лах тал дээр мэргэжлийн бай­гуул­лагын үүднээс зүгээр хараад сууж болохгүй. Өмнөх тооллогын дүн гарсны дараа Засгийн газраас  тогтоол гаргасан. Хамтарсан тушаал ч гаргаж байсан. Бүртгэлийг цэгцэлж, нэг стандартад оруулах, хууль гаргах ажлын суурийг 2006 онд тавьсан.  

Олон улсад мөрдөж байгаа эдийн засгийн ангилал, кодыг нэг мөр болгож, холбогдох журмыг баталж байна. Сангийн яам, Үндэсний статистикийн хороо энэ ажлыг хамтарч хийсэн юм. Улсын хэмжээнд мөрдөх ёстой стандартыг ч нэгтгэж байна. Энэ бүгд аж ахуйн нэгж, байгууллагын 2006 оны тооллогын үр дүнд хийсэн ажлууд.

-Аж ахуйн нэгж, байгууллагын 2011 оны тооллогын үргэлжлэх хугацаа дуусахад  гурван  хоног үлдсэн. Байршил нь тодорхойгүй, үйл ажиллагаа тогтмол явуулдаггүй жижиг аж ахуйн нэгжүүдийн идэвх хэр байна вэ?

-Аж ахуйн нэгж байгууллагууд идэвх гарган, ирж бүртгүүлж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагууд энэ үүргийг хуулиар хүлээсэн. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж  байгаа л бол тооллогод идэвхтэй оролцож, үйл ажиллагаагаа баталгаажуулах хэрэгтэй. Манай улсад том аж ахуйн нэгж маш цөөн. Монгол Улсын эдийн засгийн бүтцийг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны хүрээгээр аваад үзвэл жижиг аж ахуйн нэгж массын хувьд зонхилж байна. Гэхдээ бий болгосон  бүтээгдэхүүн, нийт үйлдвэрлэлийн хэмжээ, шинээр бий болгож буй өртгийн хувь хэмжээ нь маш бага. Ердөө 10 хүрэхгүй хувийг эзэлдэг. Томоохон аж ахуйн нэгжүүдийн эдийн засагт эзэлж буй хувь хэмжээ нь их. Тэглээ гээд жижиг аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг авахгүй, тоолохгүй орхиж болохгүй. Тиймээс ч тооны харьцаа, бүтцээс шалтгаалан тооллогыг  хоёр үе шаттай явуулахаар болсон.

-Энэ сарын 30-ныг дуустал үргэлжлэх ёстой биз дээ?

-Дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг дуустал нэг сарын хугацаанд тооллого явуулах тов гарсан. Гэхдээ энэ хугацаанд тооллогын ажлыг хоёр чиглэлээр зохион байгуулна. Эхний хэсэг нь 14 хоног буюу дөрөвдүгээр сарын 15-30-ны хооронд үргэлжилнэ. Энэ хугацаанд бүхий л өмчийн аж ахуйн нэгж, байгууллагаа бүрэн тоолно. Харин сүүлийн 14 хоног буюу тавдугаар сарын 1-15-ны хооронд нутаг дэвсгэрийг эргэж самнана. Байгаа байршлынх нь дагуу тооллогод орсон эсэхийг хянана гэсэн үг. Хүндэтгэх шалтгаанаар тооллогод орж чадаагүй үлдсэн байж болно. Гадаадад томилолтоор явсан, өвдсөн зэрэг  шалтгааны улмаас хамрагдаж  чадаагүй компанийн  удирдлагууд сүүлийн 15 хоногт нь аж ахуйн нэгжээ тоолуулах боломжтой. Жижиг аж ахуйн нэгжүүдийн хаяг нь тодорхойгүй байх нь их. Олон  жилийн өмнө гэрчилгээ авсан, нэг ажилчинтай байгууллага ч бий. Ийм компани хуулийн этгээд мөн үү гэвэл мөн. Үйл ажиллагаа явуулаагүй, Х тайлан өгөөд явдаг. Тэдгээр аж ахуйн нэгжийг эрэн сурвалжилж, тооллогод хамрагдахыг сурталчлах ажлыг түлхүү хийх юм.

-Та жижиг аж ахуйн нэгжүүд Монгол Улсын эдийн засгийн бүтэц, нийт үйлдвэрлэлийн 10 хувийг эзэлдэг гэлээ. Үлдсэн 90 хувийг бүрдүүлж буй том аж ахуйн нэгжийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Тооллогын үр дүн гарах гэж байгаа учраас олон тоо хэлж хүмүүсийг төөрөгдүүлэхийг хүсэхгүй байна. Манай мэдээллийн санд 70 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй. Тэр бүртгэлийн хүрээнд шинээр байгуулагдсан болон татан буугдсан байгууллагын зааг ялгааг гаргаж тавина.

-Өнгөрсөн долоо хоногт Аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллого 40-60 хувьтай үргэлжилж байна хэмээн мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр хэдэн хувьтай байна вэ?

-Албан  ёсоор  хувь хэлэх бо­ломжгүй. Тооллого дууссаны дараа бодитой тоо гарна. Орон нутагт тооллогын ажил өндөр хувьтай үргэлжилж байгаа. Гэхдээ хамрах хүрээгээ өргөжүүлээд өөр тийшээ шилжсэн, ор сураггүй болчихсон байгууллага олон байна. Зарим аймагт тооллогын ажил дуусах тийшээ хандсан.  Архангай, Завхан, Хэнтий, Сүхбаатар аймагт тооллого маргааш /өнөөдөр/ дуусчих болов уу. Энэ долоо хоногт байгууллагын гэрчилгээгээ авч, бүртгүүлсэн хэдий ч тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжүүд заавал тооллогодоо хамрагдах ёстой гэдгийг анхааруулж байна.

-Бүртгүүлэхгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно гэж байсан. Яг ямар хариуцлага тооцох юм бэ. Торгох уу, эсвэл үйл ажиллагааг нь зогсоох уу?

-Бидний баримталж байгаа зарчим үүнээс өөр. Аж ахуйн нэгж, байгууллагын 2011 оны тооллого үргэлжилж буй энэ үед “Торгоно. Арга хэмжээ авна” гэж айлган сүрдүүлэхээс илүү бүртгэх явцыг сайжруулж, бүх аж ахуйн нэгжийг хамруулах зорилтыг тавьж байгаа. Юу, юуны туханд хүрэлгүй “Танайхыг торгоно” гэж хэлэхгүй гэсэн үг. Аль, аль талдаа хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрх авсан л бол иргэн, байгууллага  гэлтгүй улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой.

-Огт хариуцлага тооцохгүй гэсэн үг үү?

-Тэгж ойлгож бас болохгүй. Хэрвээ бүртгүүлэхгүй бол захиргааны арга хэмжээ авах, мөнгөн торгууль ноогдуулах, цаашлаад нэр хүндэд нь нөлөөлөх зэрэг шат дараалсан арга хэмжээ авч болно. Гэхдээ хамгийн түрүүнд энэ асуудлыг хөндөхийг хүсэхгүй байна. Магадгүй дараа нь энэ талаар ярина байх. Хамгийн гол нь аж ахуйн нэгжүүд гарах үр дүнг бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэх боломжтой гэдгийг ойлгох ёстой. Энэ боломжийг олгоход аж ахуйн нэгж байгууллагын үүрэг, оролцоо чухал.

-Тухайлбал, юунд ашиглана гэж?

-Энэ удаагийн тооллогыг газар зүйн мэдээллийн системтэй уялдуулан хийж буй. Хаана, ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хэдэн байгууллага байдгийг мэдэж болно. Гэхдээ нэг  ч байгууллагын мэдээллийг гадагш нь гаргахгүй. Аж ахуйн нэгж байгууллагууд бусад байгууллагатай харилцахгүйгээр дангаараа үйл ажиллагаа явуулдаггүй шүү дээ. Банк, санхүүгийн байгууллагаас эхлээд бизнесийн салбарынхантай хамтарч ажиллаж таарна. Зээл авах, тусгай зөвшөөрөл эзэмших, тендерт оролцох хэрэг гарна. Тэр үйл ажиллагаанууд тооллогын үр дүнгээр баталгаажих ёстой юм.

-Тэгэхээр тооллогод хамрагдсан байгууллага л зээл, тусгай зөвшөөрөл авах, тендерт оролцох эрхтэй болно гэсэн үг үү?

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг хөтлөх эрх бүхий байгууллага бүртгэл хийхдээ Үндэсний статистикийн хорооны саналыг заавал тусгах ёстой гэсэн заалт бий. Аж ахуйн нэгж, байгууллагын 2011 оны тооллогын үр дүн үүнтэй холбогдож орж ирнэ. Аж ахуйн нэгж, байгууллагууд мэдээлэгч байдлаар бүртгэлээ өгөөд, дараа нь нийтийн жишгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой. Тооллогод хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагад энэ боломж нээлттэй болно.

-Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод хамрагдаагүй мөртлөө тендерт оролцох саналаа илэрхийлдэг байгууллага хэр олон байдаг юм бол?

-Энэ талаар нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Ямартай ч үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй, тооллогод хамрагддаггүй мөртлөө аливаа бизнесийн үйл ажиллагаа, тендерт оролцох гээд гэнэт гараад ирдэг байж болохгүй.

-Тэгвэл тендер зарласан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд саналаа ирүүлсэн аж ахуйн нэгжийн  талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос авах боломжтой юу?

-Ийм боломж байгаа. Өмнө нь хийж байсан бүх тооллогын мэдээллийг үндэслэн бүртгэл, регистрийн нэгдсэн санг бий болгосон. Түүн дээрээ үндэслээд Үндэсний статистикийн хорооноос холбогдох үйлчилгээг үзүүлдэг. Тухайлбал, энэ байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн эсэх, эдийн засгийн үйл ажиллагаа нь олон улсын стандартад нийцсэн зэргийг тодорхойлж өгөхийг хүсдэг. Албан ёсны хариултыг ч өгдөг. Одоо явуулж буй тооллогын үр дүнд энэ талаарх бүх мэдээллийг гадагш гаргах бололцоотой болно. Гагцхүү хувь байгууллага, аж ахуйн нэгжийн мэдээллийг хуулийн дагуу нууцалдаг. Байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд садаа учруулна гэсэн зүйл огт байхгүй.

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувь­цааны 10 хувийг үндэсний ком­­па­ниудад эзэмшүүлэхтэй хол­боо­той­гоор Жижиг аж ахуйн нэг­жүүдийн гэрчилгээг худалдаж авах нь эрс нэмэгдсэн  гэх мэдээлэл байна.  Энэ талаар тодорхой мэдээлэл гарах болов уу?

-Олон хүн энэ талаар сонирхож байгаа. Үндэсний статистикийн хорооны байр суурь бол тооллогын үр дүнг гаргаад, хэрэглэгчдэд хүлээлгэж өгөх. Гэхдээ тооллогын үр дүнг юунд ч ашиглаж болно. Магадгүй үүнтэй холбоотой мэдээлэл гарч болно. Ер нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй компаниудын  хамгийн сүүлчийн үеийн мэдээлэл тооллогын дүн гарсны дараа тодорхой болно.

-Тооллогын үр дүнг хэзээ танилцуулах юм бэ?

-Энэ оны арваннэгдүгээр сард багтааж мэдээлэх төлөвлөгөөтэй байгаа.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж