Оросууд С.Баярыг ”баривчлав”

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Оросууд С.Баярыг ”баривчлав”

Олег Дерипаска ууртай байна. Тэр С.Баяртай тооцоотой бололтой. Тиймээс тэд өнгөрсөн өдрүүдэд Эрхүүд хоёр дахь удаагаа нүүр тулцгаав. Нүүрэлдэх, нүүрэлдэхдээ ОХУ-аас Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан Борис Говориныг гэрчээр байлцуулав. С.Баяр Ерөнхий сайдын хувьд хөнгөн цагааны магнат Олег Дерипаскатай Эрхүүд анх сэм уулзсан нь 2009 оны нэгдүгээр cap.

Харин тэр үед орос олигархи хаширлаж, Кремлийн "утсан хүүхэлдэйнүүд"-ээр мөн л гэрчийн үүрэг гүйцэтгүүлсэн юм. ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд асан А.Гордеев, "Росатом"-ын тэргүүн Сергей Кириенко, экс Элчин сайд Б.Говорин нар "Базовый элемент"-ийн босст бараа болцгоож, С.Баярт дипломат тулгалт хийсэн билээ. Эрхүүд хийсэн эхний тохиролцоо амжилттай болов. Олег Дерипаска С.Баярт "Эрхүү мужийг түшиглэн Монгол Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллаж болох юм. Тэгээд ч бид олон жилийн найрсаг харилцаатай VIP түншүүд шүү дээ" гэдэг санал тавьж, Эрхүү мужийн амбан захирагч асан Игорь Есиповский "Ангар орчмын бүс нутаг, тэр дундаа Эрхүүг Монголтой улам ойртуулмаар байна.

Эрчим хүч, хөнгөнцагаан үйлдвэрлэл болон бусад салбарт хамтран ажиллая" хэмээн хүч нэмсэн удаатай. С.Баяр, Олег Дерипаска нар мөр, мөрөө алгадалцан томоохон тохиролцоо хийснээс хойш яг хоёр жил өнгөрчээ. Тэдний хувьд хамгийн том наймаа нь Тавантолгой байсан юм. Сонирхолтой нь оросуудтай өмнийн говиор наймаалцаж, оргилуун дарс тулгаж явсан С.Баяр хэдхэн сарын дараа Ерөнхий сайдын албанаас сайн дураараа огцорсон билээ. Харин оросууд түүнээс хариу нэхсэн хэвээр хоцров.

С.Баяр зангаа хувиргалаа. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийн төлөөх өрсөлдөөнд оросуудын хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь болох "Пибоди энержи"-ийнхэнтэй АНУ-д ч, Монголд ч найр тавин уулзах болов. Мэдээж хэрэг, оросуудын хор шар хөдлөлгүй яах вэ. Тэд С.Баярыг "багалзуурдаж" авах нь холгүй юм болов. Экс Ерөнхий сайдыг Монголд биш, АНУ-д эрэн сурвалжлахдаа тулав. С.Баяр, Олег Дерипаска нарын барьцгүй тохиролцооноос үүдэж, Улаанбаатар, Кремлийн хооронд "гал" асах нь тэр.

Оросууд ерөө нэхэж, С.Баяр биеэ эмчлүүлж байгаа гэх нэрийдлээр Сиэтлд саатсаар багагүй хугацаа өнгөрчээ. Ангар орчмын бүс нутаг, тэр дундаа Эрхүү, Улаан-Үдийг түшиглэн Монголын баялгийг хяналтдаа байлгах гэсэн хөнгөнцагааны магнатын санаархал ч энэ зуур бүтэлгүйтсэн юм. "Евро Сиб Энерго" компанийнхан орос олигархид Буриадын эрчим хүчний томоохон компани болох ОГК-З-ын хяналтын багцийг хоёр сая ам.доллараар худалдаж авах санал тавьсан ч мань эр төлөвлөгөөнөөсөө гэнэт буцсан билээ.

Учир нь тэр С.Баярт найдаж байсан. Найдвартай тохиролцоо хийсэн гэх эрхэм нь албан тушаалаасаа бууж, алс холын Америкт "Пибоди энержи"-ийнхэнтэй найзлах болсон учраас өмнийн говийн баялгаар бизнес хийх бодлоо түр хойш тавьсан хэрэг. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг эцэслэн тодруулахад тун бага хугацаа үлдэв. Монголчууд "Эрдэнэс Тавантолгой"-г удирдах “дохиур”ыг барууныханд өгчихсөн байдаг.

С.Баярыг Америкаас ирмэгц "баривчлах" операциа амжилттай зохион байгуулав. Тийм ээ, тэдний хувьд одоо л давшилтад ордог цаг. Тавантолгойн ордод хөрөнгө оруулалт хийх консорциумыг тодруулах хоёр дахь шатны хэлэлцээр саяхан дууссан. Монголын Засгийн газрын шийдвэр Оросын талд гарах эсэх нь тодорхойгүй хэвээр үлдсэн. Чухам ийм л учраас Кремлийн цаг орос олигархид дохио өглөө. Орос олигархи С.Баярыг бажигадуулж эхлэх нь тэр.

Учир нь Тавантолгойд "Транс бүжигчид"-ийг тодруулах гурав дахь шатны хэлэлцээр удахгүй эхэлнэ. Оросууд ч цагаа олж, хэрэгтэй хүнээ барьж авч. Товчхондоо, оросуудын зүгээс сонгон шалгаруулалтад барьж орох хамгийн чухал "материал" нь экс Ерөнхий сайд С.Баяр юм. Олег Дерипаскагийн хувьд С.Баярыг барьц алдуулах олон шалтаг бий. Ерөнхий сайд В.Путин 2009 оны тавдугаар сард "Найрамдал+Дружба=Уран" хэмээн Монголд хэсэгхэн зуур саатсан бол Ерөнхийлөгч Д.Медведев тэр цагаас хойш гурван сарын дараа их өрийн үлдэгдэл, Тавантолгой тийш татах төмөр замын зурагт "пайз" барин Улаанбаатарт хөл тавьсан билээ.

Орос төрийн хоёр өндөрлөг Кремль "ханиаж" эхэлснийг сануулах зорилгоор ээлжлэн ирэх үед Олег Дерипаскагийн цээжинд Тавантолгой тэр чигтээ багтаж байсан юм. Түүний мэдлийн En+Group холдинг өмнийн говь дахь нүүрсний орд газрын хайгуулын 20 лицензийг эзэмшдэг ОСЕ компанийн нийт хувьцааны 31 хувийг гартаа оруулчихсан байсан учраас арга ч үгүй биз. Хамгийн гол нь Монголын говьд орос "баавгайнууд" бяраа гайхуулах фантастик мөрөөдөлд тэр хэт автчихсан байв. ""Базовый элемент"-ийн босс Олег Дерипаска, "Северсталь"-ийг хяналтдаа байлгагч Алексей Мордашов, "Ренова"-ийн тэргүүн Виктор Вексельберг тэргүүтэй олигархи ертөнцийн гурвал Тавантолгойг овоо хараандаа авчихсан байсан юм.

Орос нударгын хүчийг өрнө, дорнынхонд мэдрүүлэхээр тэд төлөвлөсөн байлаа. Гэвч С.Баяр барьцгүй загнаж, Олег Дерипаскагийн бизнест хямрал нүүрлэж эхэлмэгц "Северсталь"-ийнхан замаасаа буцсан нь орос олигархид хүндхэн цохилт өгөв. Хамгийн сонирхолтой нь орос олигархи Дерипаска Тавантолгойг хяналтдаа оруулах мөрөөдлөө орхисонгүй. Тиймээс С.Баярыг оросуудад өгсөн амлалтаар нь барьцаалав. Тэрхүү амлалтад уран, Тавантолгой, төмөр зам, эд цөм багтсан. В.Путин Монголд ураны төлөөх давшилт хийж их өрийн үлдэгдлээр бойкотлон Москвагийн амбицийг илэрхийлсэн нь цаасан дээр биеллээ олсон билээ.

Монголын Засгийн газар "Дорнод уран" хамтарсан компанийг 51:49 хувиар байгуулах гэрээг өнгөрсөн оны эцсээр оросуудтай үзэглэсэн. "Базовый элемент"-ийн босс Олег Дерипаска тэргүүтэй олигархиуд Тавантолгойн төлөөх тулаанд орос нударгын хүчийг мэдрүүлэхээ хэдийнэ илэрхийлчихсэн. Харин С.Баяр оросуудад өгсөн амлалтаа хэрхэн биелүүлж, Монголын тал "Дорнод Уран" хамтарсан компани байгуулах асуудлыг гацаанаас хэдийд гаргах нь тодорхойгүй хэвээр.

Ямартай ч С.Баяр Н.Энхбаярт биш, оросуудад "баривчлагдлаа". Кремль хэр хүчтэй "ханиах"-аас түүний хувь заяа шалтгаална. Орос бол шархадсан баавгай Н.Энхбаяраас ч аюултай.

С.Баттулга
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж