
Зөвлөлгөөн дээр аймгийн Засаг дарга Д.Амарсанаа хэлсэн үгэндээ “Манай аймаг 2011 оныг ”Үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх” жил болгон зарлаж байгаа бөгөөд аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг уул уурхайн компаниудтай холбон өгч хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэн, уул уурхайн салбарт ажиллах ажилчдын хариуцлага чадварыг дээшлүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ онд хайгуулын үл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж байж үйл ажиллагаа явуулах эрх үүснэ. Гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах боломжгүй. Үүнд сумдын засаг дарга, байгаль орчны байцаагч нар онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Хайгуулын үйл ажиллагааг эрчимтэй явуулж нөөц тогтоон аймаг, орон нутгийг эрчимтэй хөгжүүлэх шаардлагын үндсэн дээр тусгай зөвшөөрлийг авчихаад хайгуул хийхгүй, ашигт малтмалыг эргэлтэд оруулахгүй байгаа компанитай цаашид хамтран ажиллахгүй” гэдгээ онцлов.
Зөвлөлгөөнөөр тодорхойлох шаардлагатай зарим асуудлыг хэлэлцэж тогтсон шийдэлд хүрсэн юм. Уул уурхайн компанид орон нутгаас ажиллах ажилчдыг аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн санд бүртгэлтэй иргэдээс авах, энэ нь нийт ажилчдынх нь 40 хувиас дээш байх, усны эх үүсвэрт тавдугаар сард багтаан усны тоолуур тавьж ус ашигласны төлбөрийг тоолуурын заалтаар төвлөрүүлэх зэрэг заалтыг баталсан. Мөн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг бий болгож, олборлосон баялаг, татвар, төлбөрөө ил тод байлган тайлагнаж байх заалтыг ч энэ онд хамтран хэрэгжүүлэхээр зөвшилцсөн юм. Энэ онд усны төлбөрт 78 сая, ашигт малтмал ашигласан нөөцийн төлбөрт 186 сая, газрын төлбөрт 25 сая төгрөгийн татвар бүрдүүлэлтийг төсөвлөсөн байна.
“Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллана” гэсэн заалтыг тогтоолд тусгагдсан “Шагай” ХХК-ний талбайг “Одод гоулд” компани авч 15 га, “Бадамлах очир” ХХК 28,5 га, “Монголболгаргео” ХХК 18 га, “Таван хангал трейд” ХХК 2 га-д техникийн нөхөн сэргээлтийг хийгээд байгаа аж. Харин “Хаан гарди” ХХК, “Тал булаг трейд” ХХК-ууд үйл ажиллагаа явуулаагүй учир нөхөн сэргээлт хийгдээгүй байна.