Тусгай зөвшөөрөл эзэмшигчид дийлэнх нь гэрээ байгуулдаггүй

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрөл эзэмшигчид дийлэнх нь гэрээ байгуулдаггүй

Хайгуулын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс өнгөрсөн онд Ньюсаймонресорсис, Рео-Баянхонгор, Эм Эм Ар Ай, Андын тэмүүлэл, Деронгмонголиа, Түшээ говь, Хөх булгийн хөндий, Сайнс элементс, Эс Кью Эс гэсэн есөн компани 26 хайгуулын тусгай зөвшөөрөл дээр аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллажээ.

Улирагч оны зөвлөлгөөний үеэр хайгуулын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсаны дараа үйл ажиллагаа явуулж эхэлж байхаар зөвшилцсөн. Гэтэл 2011 оны хоёрдугаар сард хийсэн судалгааны дүнгээр өнгөрөгч онд 130 аж ахуйн нэгж хайгуул хийсэн болж таарав. Сумдаас ирүүлсэн дүн мэдээ, сумдад хийсэн судалгаа ингэж гарчээ. Эндээс харахад сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хайгуулын компаниудыг аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсаны үндсэн дээр нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулах ёстойг мэдсээр атал хэрэгжүүлээгүй гэж болохоор байна.  Түүнчлэн хайгуул хийгээгүй хэрнээ жилийн эцсээр хайгуулын ажил хийсэн мэтээр сумын байгаль орчны байцаагчаас дүгнэлт авчихдаг тусгай зөвшөөрөл эзэмшигчид ч байгаа аж.

Хайгуулын тусгай зөвшөөрөл авчихаад хайгуул хийхгүй дамлан худалдаалах, ашигт малтмалын эргэлтийг удаашруулж, орон нутгийн хөгжилд тушаа болох нөхцөл ийнхүү бүрдчихдэг байх юм. Сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар үүнд холбогдож байгаа гэж үзэхээс өөр аргагүй байдал бий болж байгааг ч холбогдох албаныхан хэлж байна. Аймаг орон нутгийн баримтлаж буй бодлогод харшлах, мэдсээр атал хариуцлагагүй хандаж байгаа сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хариуцлагагүй байдлаа зогсоож аймаг орон нутгийн болон иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах шаардлага байгааг албаныхан онцлов.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж