“Хөгжлийн төмөр зам” Дорнын говиос эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн төмөр зам” Дорнын говиос эхэллээ

Өнгөрөгч баасан гаригт Сайншанд, Чойбалсан, Даланзадгад чиглэлийн 1100 км  төмөр зам барих ёслолын үйл ажиллагаа Сайншандаас  зүүн хойд зүгт 10 гаруй км-т орших Хар тоором хэмээх талд болсон юм. Тавантолгой- Сайншанд- Чойбалсан чиглэлийн  1100 км төмөр замыг барихад 20 гаруй компани ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд төмөр зам барих эрхээ аваад байгаа “Дорнын төмөр зам”, “УБТЗ” компани оролцсон юм. Бүтээн байгуулалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар өрнүүлнэ.  Төмөр замд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой компаниуд мөнгөө нийлүүлж барьчихаад тодорхой хугацааны дараа ашгаа аваад Монгол Улсын өмч болгон хүлээлгэж өгөх учиртай. Монгол Улсын хувьд хил залгаа хоёр хөршөөс гадна гуравдагч хөршүүдтэй хамтарч ажиллах сонирхолтой байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг, бүс нутгийн орнуудтай хамтарч ажиллах  гэнэ.“Хөгжлийн төмөр зам” шинэ төмөр замын шав тавих ёслолын арга хэмжээнд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга,  тус яамны дэд сайд А.Гансүх, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга,  Ж.Бат-Эрдэнэ, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхан гээд 300 гаруй хүн оролцлоо. Дорноговь аймагт төмөр зам баригдсанаар Монгол Улсын газрын доорх баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, гадаад зах зээлд худалдан борлуулах Сайншандын хүнд  аж үйлдвэрийн цогцолбор баригдах бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлнэ. Эхний ээлжийн 1100 км төмөр зам ашиглалтад ороход 1000 хүний ажлын  байр бий болох гэнэ.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж