“Хоёрдугаар эгнээнийхэн&#34-д хэлэх үг

Хуучирсан мэдээ: 2013.10.08-нд нийтлэгдсэн

“Хоёрдугаар эгнээнийхэн&#34-д хэлэх үг

Улс төрд нэг, хоёр, бүр гуравдугаар эгнээнийхэн гэсэн ойлголт бий. Нэгдүгээр эгнээ­нийхэнд намын дарга болоод тус намын үнэт зүйлийг тээж явдаг улс төрийн лидерүүд, фракциудын тэргүүнүүдийг багтааж болно. Өөрөөр хэлбэл, тэд эрх мэдэлд хамгийн ойр байж, намын бодлогыг тодорхойлж, албан тушаалыг эрэмбэлдэг, өөр бусад намууд болон фракци хоорондын хэлэлцээрт ордог хүмүүс.

Харин хоёрдугаар эгнээ­нийхэн бол дээрх нөхдүүдийн дэмжлэгтэйгээр албан тушаалд очиж, түүнийхээ ч өрийг төлдөг, нэг үгээр хэлбэл далласан газар нь “далдайж”, далайсан газар нь далд орж явах заяанд төрсөн хүмүүс. Нам сонгуульд яллаа гэхэд хамгийн ашигтай “мест” дээр очих ч үр шимийг нь тэднийг албан тушаалд томилсон эзэд нь хүртдэг. Өөрөөр хэлбэл ачааны хүндийг тэд л үүрдэг. “Бүтээн байгуулалтын цаг” дээр Ерөнхий сайд цементийн үнийн нэмэгдлээс болж тэднийг хэрхэн “хяргаж” байхыг харсан биз дээ. “Ажлаа хийж чадахгүй бол зайлаарай, ард чинь олон хүн байна” ч гэх шиг. Гэвч тэдэнд ч гэсэн “барлаг” хэрэгтэй шүү дээ. Тэд бол гуравдугаар эгнээнийхэн…

Ардчилсан нам Засгийн эрхэнд гарснаас хойш нэлээд олон дарга авлига, албан тушаалын хэргээр хуулийн байгууллагын хаалга татав. “Авлигачдын нурууг бөхийлгөж, ардын нурууг тэнийлгэх” амлалт авсан Ерөнхийлөгч маань багш, эмч нарын “наборны” хэргээс хэтэрч чаддаггүй байсан АТГ-ынхны ажлыг жаахан шахаж өгсний ач биз. Хойноос нь урагш жагсаавал “Эрдэнэт” үйлдвэрийг “ломбардад” тавьсан Ч.Ганзоригийн, “МИАТ” ком­па­ниас мөнгө угаасан Ц.Орхон, Р.Бат-Эрдэний, АМГ-ын дарга асан Д.Батхуягийн /одоо шоронд ял эдэлж байгаа/ гээд хэргийн цар хүрээ, сэжигтэн, холбогдогчдынхоо тоогоор хоорон­доо өрсөлдөхүйц зохион байгуулалттай том хэргүүдийг хуулийн байгууллагынхан шал­гаж эхэлсэн. Дахиад жаахан урагшлах юм бол Хадгаламжийн Ц.Чимэдцэрэн, Гаалийн Х.Баатарын хэргийг ч үүнд хам­руулж болно.

Тухайн цаг үедээ үедээ УИХ-ын гишүүнийг бүрэн эрхтэй нь ялын тогтоол уншуулж байсан 14 тэрбум төгрөгийн хэрэгт эцэст нь ганц Ц.Чимэдцэрэн шоронд суугаад гарсан билээ. Зүгээр л нэг банкны нягтлан бодогч. Харин тэр мөнгөний хэд нь, хэний гараар орсныг хуулийнхан тогтоож чадаагүй.

Дараа нь МАН-ын “ирээдүй­тэй залуу кадр” гэгдэж, УИХ-д нэр дэвшихээр Хөвсгөлийн тойрогт сунгаанд ороод байсан АМГ-ын дарга Д.Батхуяг сонгуулийн өмнөхөн бас л шоронгийн хаалга татсан. Түүний улс төрийн бүх карьераа устган байж, хууль зөрчиж олгосон 189 лицензийг хэний даалгавраар хэнд өгсөн бэ гэдгийг хуулийнхан бас л хэлээгүй. Тухайн үед олон нийт Ерөнхий сайд асан С.Баяраас эхлээд МАН-ын олон улстөрчийг уг хэрэгт хардаж байсан ч эцэстээ шүүхээр шийтгүүлсэн нь ганц Д.Батхуяг. Уг нь бол Хөвсгөлд багтахгүй хөрөнгөтэй хүн анх улс төрд орж ирсэн гэх ч юуны учир, хэний төлөө ийнхүү хулгай хийх болсон нь учир битүүлэг. Ямар ч байсан хувийнх нь өмч хөрөнгөнөөс лав хуудуутай зүйл олоогүй шиг билээ. Нэг үгээр хэлбэл улс төрийн “хоёрдугаар эгнээнийхэн” тэжээсэн эзэддээ өрөө төлсөн төдий.

Харин нэгдүгээр эгнээнийхэнд хэзээ ч ийм зүйл тохиолддоггүй юм. Учир нь тэд ямар ч цаасан дээр гарын үсэг зурахгүй, зөвхөн тушаал өгөхөд л болно. Зурсан байлаа ч ардаа улс төрийн хамгаалалттай, хоёр том нам хоорондоо өгөө аваатай учраас хэргээс холдуулах шалтаг, шалтгаан өчнөөнөөрөө олдож таарна. Эцэстээ мөнгөө тоолж суугаа нь л ялаа үүрэх нь тодорхой. Одоо шалгагдаж байгаа МИАТ-ийн, “Эрдэнэт”-ийн, Ё.Отгонбаярын хэрэг ч бас л энэ жишгээр явах биз. ТӨХ-ны дарга асан хуулийн хамгаалалтад /Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд ч бас УИХ-ын гишүүнтэй адил халдашгүй байдал гэж зүйл байдгийг өдий хүртэл олон хүн анзаараа ч үгүй байх/, түүнээс дээших хүмүүс нь харин намын хамгаалалтад байгаа.

2004 оны сонгуулийн дараа Гаалийн Х.Баатарыг авлигын хэрэгт МАН-ын бүх томчуул ороогдож эхлэхэд одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр /тухайн үед намын генсекээр ажиллаж байсан/ тэрбумыг нуухын тулд 100 саяын баримт бичиж өгөөд шоронд суулгаж байсан юм. Х.Баатар нь ялтай, Ё.Отгонбаяр гавьяатай үлдсэн. Энэ бол улс төрийн “хоёрдугаар эгнээнийхэнд” өгч буй сургамж.

Харин одоо Ардчилсан намын засаглах үе. Хэнд эрх мэдэл байна, түүнд золиослогдох хүн олдож л таарна. Төсвийн зарлага их наядаар хэмжигдэж, түүгээр худалдан авалт хийдэг дарга нарын тоо олширч, тэрбум төгрөг задгай мөнгө шиг сонсогддог болсон энэ үед захын сайд хуруугаараа ганц дохиход мөнгөө бариад гүйж очих төсөв захирагч нар хэдэн зуугаараа бий. Гэвч юм эргэж, Ардчилсан нам, Ардын нам хоёр байраа солихын цагт, эрх барьсан нөхдүүд идсэн ууснаа дэнслүүлэхийн цагт ялыг нь хэн үүрэх бол?! Эхнээсээ ганц нэгээрээ үүрээд эхэлчихсэн биш үү?

Намын даргын итгэмжит хүн хэмээн өөртөө итгэж, Н.Алтанхуягийн төлөө чонотой нийлэхээс буцахгүй явсан “Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүхийг өнгөрсөн зун хуулийнхан барьж хорьсон. Гэхдээ сануулахад хэн ч, хэнд ч итгэж найдалгүйгээр энэ хэмжээний мөнгийг “идэж” чаддаггүй юм. Түүний идсэн, уусан олон тэрбумын хэд нь Ардчилсан намын, хэд нь Ардын намынхны зараалаар явсныг хэн мэдлээ. Энэ бол зүгээр л улс төрийн хоёрдугаар эгнээнийхнийг угтдаг хувь заяа. Ардчилсан намын хоёрдугаар эгнээнийхэнд болгоомжлуулахад…    

Б.СЭМҮҮН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №032

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж