АНУ түүхэндээ хоёр дахь удаагаа түр зогсолт хийж байна. Өмнө нь Билл Клинтоны үед сөрөг хүчнийхэн нуруугаа харуулж байсан бол энэ удаад Обамад сөрөг хүчнийхэн нуруугаа харууллаа. Энэ хоёр хүн хоёулаа Ардчилсан намаас нэр дэвшиж ерөнхийлөгчийн суудалд очсон хүмүүс. Үр дүн болоод ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь бараг ижил. Энэ удаагийн түр зогсолт АНУ-д хүчтэй нөлөө үзүүлж эхэллээ. Воллстрийтэд бүртгэлтэй ихэнх хувьцаа уналттай гарч АНУ-ын өрийн хэмжээ Сем авгынханы эрх мэдлээс нэгэнтээ хэтрэх дээрээ тулчихаад байна. Түр зогсолт хэзээ зогсч тааруу үзүүлэлтүүд хэзээ засрахыг одоо хэлэхэд тун эрт байна.
АНУ-ын гадаад өр 16,7 тэрбумыг давахад тун ойрхон ирээд байна. Хэрвээ дахин долоо хонох л юм бол энэ хэмжээг аль хэдийнэ давна. Энэ бол шинжээчдийн таамаг. Үүнээс гадна яг одоогоор дотооддоо ч өр нь дийлдэхээ байх дээрээ тулаад байна. Хэдхэн тоо сонирхоцгооё. Батлан хамгаалахын өр 400 сая, Эрчим хүчний өр 12.5 сая, Тээврийн салбар 18.5 сая, Худалдааны салбар 40,2 сая доллараар хэмжигдэж байна. Цаашдаа энэ тоо өсөх хандлагатай байгаа. “Энэ бол үнэхээр таагүй мэдээлэл. Зөвхөн энэ түр зогсолтоос болж АНУ-ын өсч эхэлж байсан эдийн засаг унах аюултай тулгараад байна. Өрийн хэмжээ ч дийлдэхээ байлаа. Энэ бол эхний цохилт. Улам даамжирвал цохилтууд улам хүчтэй болно” гэж эдийн засаг судалгааны төвийн захирал Боб Найтли ярьжээ.
Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар АНУ зэвсэглэлд зарцуулах хэмжээгээ ч бууруулсан байна. Мөн зарим улсуудад байрлуулаад байсан цэргийн хүчээ татаж эхэлжээ. Мөн худалдааны төвийн ихэнх ажиллагаа доголдсон учраас худалдааны салбарт уналт ажиглагдаж эхэлсэн байна. Мөн томоохон компаниуд хувьцаагаа эргүүлэн татах хандлага ажиглагдаж байгаа аж. Хэрэглэгчидийн ч худалдан авах чадвар бага зэрэг унасан тухай мэдээлж байна.
Хэдийгээр Барак Обамагийн засаг захиргааныхан түр зогсолт эрүүл мэндийн салбарт нөлөөлөхгүй гэж мэдэгдэж байсан ч эхнээсээ сөрөг үр дагавар дагуулаад эхэллээ. Энэ бол үнэхээр тааруу мэдээлэл. Ялангуяа улс даяар явуулдаг хавдарын эсрэг туршилтын эмчилгээ зогсчээ. Учир нь АНУ-ын конгресс эрүүл мэндийн салбарын төсвийг батлаагүй болохоор ийм үр дүн гарч байгаа аж. Мөн сэтгэл заслын сайн дурын эмчилгээ болоод сэтгэц судлалын төвийн үйл ажиллагаа ч зогсч байгаа ажээ. “Надад зургаан сарын л хугацаа үлдсэн гэж эмч нар хэлсэн. Энэ бол судасны хавдар гэдэг маш ховор тохиолддог өвчин. Уг нь туршилтын эмчилгээ хийлгэвэл амьдрах хугацаа хурдсах боломжтой гэж эмч нар надад хэлсэн. Гэтэл туршилтын эмчилгээ маань АНУ-ын засгийн газрын түр зогсолтоос болоод үргэлжлүүлэх боломжгүй болсон. Одоо надад нэг минут ч үнэ цэнэтэй байгаа. АНУ-ын захиргаанд байгаа албан тушаалтнууд хурдхан л төсвөө батлах хэрэгтэй байна. Тэгвэл над шиг хүмүүст үгээр хэлэхийн аргагүй тус хүргэж байгаа нь тэр” Кристин Ловс ярьжээ.
АНУ-ын хар тамхинд донтсон хүмүүст зориулсан эмнэлэг муж бүрт үйл ажиллагаагаа зогсоожээ. Мөн л түр зогсолтоос болж гарсан үр дүн гэнэ. Цаашид түр зогсолт тайлагдах хүртэл энэ бүх сөрөг үр дагавар үргэлжилнэ гэдгийг мэргэжилтнүүд баталж байна.
Бүгд найрамдахчууд болоод ардчилсан намынхан өнгөрсөн баасан гаригт уулзаж гацаанаас гаргах талаар уулзаж ярилцсан ч ямар нэгэн үр дүнд хүрсэнгүй. Хоёр талынхан уулзалтыг маш таатай уур амьсгал дунд өрнөсөн гэж дуу нэгтэй ярилцаж байгаа ч эцсийн бүлэгт тэд өөрсдийн байр суурь дээрээ хатуу зогсоцгоосон байна. “Энэ бол улстөрийн барьцаа. Бүгд найрамдахчууд өөрсийн эрх ашгийнхаа төлөө ард түмний нэрийг барьж АНУ-ыг барьцаанд тавьчихлаа. Үр дүн нь одоо яаж гарч байгааг харж байгаа биз дээ. Хэрвээ тэд арай ухаалаг байсан бол хүн шиг ярилцах байсан юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Х.Обама ярьжээ. Уулзалтын дараа тэр орон нутгийн хэвлэлүүдэд нээлттэй ярилцлага өгч байгаа. Ардчилсан намынхан одоо батлуулах гэж байгаа бодлогын баримт бичгүүдийн ач холбогдлыг АНУ даяар сурталчлах ажлыг ид өрнүүлж байна. Харин энэ асуудалд АНУ-ын хэвлэлүүд арай өөр өнцөгөөр хандаж байгаа билээ.
“…АНУ-ын түүхэнд тохиолдож байгаа энэхүү хоёр дахь түр зогсолт сөрөг үр дагаварыг дагуулж эхэллээ. АНУ-ын хүн бүр одоо 2,3 сая долларын өртэй байгаа. Одоо энэ өр хэд болж өсөхийг хэн ч үл мэднэ. Магадгүй хоёр тал хэтэрхий өөрийнхөө зүтгэж байгаа байх…” гэж Нью-Йорк Таймс сонинд нийтэлжээ.
Сөрөг хүчнийхэн АНУ-ыг аврахын төлөө энэ алхамыг хийж байгаа гэдгээ удаа дараалан мэдэгдэж байгаа. Учир нь Ардчилсан намыханы бодлого хэтэрхий өрөөсгөл байгааг баталж байгаа юм. Мөн тэд Батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтыг багасгаж эрүүл мэнд болоод боловсролын салбарт илүүг зарцуулах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Мөн галт зэвсэг эзэмших хуулийг өөрчлөх хүсэлгүй байгаагаа тэд мэдэгдсэн. Хэрвээ энэ хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулчих л юм бол үр дүн нь илүү аймшигтай болно гэж тэд үзэж байгаа аж. “Ардчилсан намыханы бодлогууд бүгд алдаатай байгаа. Тэгсэн мөртөө тохиролцоонд хүрэхийг хүсэхгүй байна. Тэд ирээдүйн үр дагаврыг огтхон ч бодохгүйгээр сонгуулийн дараах нэр хүндээ өсгөх гэж зүтгэж байгаа нь энэ. Дахин хэлэлцээ хийх хэрэгтэй. Өнгөрсөн баасан гаригт болсон хэлэлцээ ний нуугүй хэлэхэд ямар ч үр дүнд хүрээгүй” Конгрессийн дарга Жон Боенер ярьжээ.
Одоо тэдэнд долоо хоногийн хугацаа байгаа. Хэрвээ энэ хугацаанд ямар нэгэн үр дүнд хүрэхгүй бол түр зогсолт үргэлжилнэ. Харин дэлхий нийтэд ямар нөлөө үзүүлэх бол… Ямар ч байсан эерэг үр дүн үзүүлэхгүй нь ойлгомжтой.