Нийслэл болон улс, аймгийн чанартай хотуудад үйл ажиллагаа явуулж буй албан газар, аж ахуйн нэгжүүдээс хотын татварыг авахаар Сангийн яамны боловсруулж байгаа төсөлд тусгагдсан байна. Хуулийн дагуу Улаанбаатар болон 21 аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй албан газар, аж ахуйн нэгжийн олсон орлогоос тодорхой хэсгийг нь хотын хураамжид авах аж. Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн төвд очиж зочид буудалд нь гурав хонолоо гэхэд гарсан төлбөр дээрээ нэмж тус аймгийн аж ахжйн нэгжээр үйлчлүүлснийхээ төлөө тодорхой хураамж төлнө гэж Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал хэлсэн. Хотын аль нэг ресторан, дэлгүүр, зочид буудлаар үйлүүллээ гэхэд мөн адил Хотын албан татварын дагуу төлөх ёстой төлбөр дээрээ хураамж төлөх бололтой юм. Энэ хууль нь Улаанбаатар хот, бүх аймгийн төвүүд , Эрдэнэт, Дархан, Алтанбулаг, нийт 27 суурин газарт үйлчлэх юм байна. Ингэснээр орон нутгийн болон улсын төсөвт тодорхой хэмжээний эдийн засгийн дэмжлэг болно гэж хууль санаачлагчид нь үзэж байгаа юм.
Хотын албан татварыг тухайн аж ахуйн нэгжийн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгийн 0.1-0.3-аар бодож авахаар тусгасан байна. /Доорх хүснэгтээс харна уу/
Хотын зэрэглэл | Татварын хувь | |
Доод | Дээд | |
Нийслэл хот | 0.1 | 0.3 |
Улсын зэрэглэлтэй хот | 0.1 | 0.2 |
Аймгийн зэрэглэлтэй хот | 0 | 0.1 |
Аль ч улс орны улс, нийслэлийн чанартай хотуудад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс татвар авдаг бөгөөд Монголын татварын орчинд цоо шинэ “үзэгдэл” нэвтрүүлж буйгаа албаны хүмүүс энгийн, шударга, олон улсын жишигт нийцсэн санхүүгийн тогтолцоог бүрдүүлж байна гэдгээр тайлбарлах болсон. Харин эмнэлэг, сургууль, цэцэрлэг, төрийн албан газруудаас Хотын албан татварын хураамж авахгүй юм байна. Хотын албан татвар төлөгч нь тухайн улиралд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулсан албан татварыг харьяалах татварын албанд дараа улиралын эхний сарын 20-ны дотор төлж, жилийн тайланг дараа жилийн хоёрдугаар сарын 10-ны дотор гаргахаар зохицуулагдах ажээ. Хэрэвзээ цагтаа хураамжаа төлөөгүй аж ахуйн нэгжийг Татварын ерөнхий хуульд заасны дагуу арга хэмжээ авахаар уг хуулинд тусгасан байна.