Эрхүүгийн төлөөлөгчидтэй бизнес уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Эрхүүгийн төлөөлөгчидтэй бизнес уулзалт хийнэ

ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Ерощенко Сергей Владимирович тэргүүтэй төлөөлөгчид аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Монголд айлчлах гэж байна.

Айлчлалын хүрээнд Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Эрчим хүч, Зам тээвэр, барилга, Аялал жуучлалын яамдууд, орон нутгийн захиргааны төлөөлөгчид болон Дорнод Сибирийн Худалдаа аж, үйлдвэрийн танхимын гишүүд хүрэлцэн ирж, Монголын бизнес эрхлэгчид, албаны төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийх ажээ. “Эрхүү-Монгол” нэртэй уг чуулган аравдугаар сарын 10-ны 12.30 цагт Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хурлын зааланд болох юм. Үүнд Эрхүүгийн салбар бүрийн 80 орчим аж ахуйн нэгж, байгууллагаас оролцох бол зургаан компанийн дэлгэрэнгүй танилцуулга хийх ажээ. Харин 14.30 цагт Монгол-Эрхүүгийн талуудын ганцаарчилсан уулзалт болох бөгөөд энэ үеэр хамтран ажиллах сонирхолтой компаниуд тухтай уулзаж, ажил хэргийн яриагаа дэлгэх юм байна. Мөн энэ өдөр Эрхүү мужийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлт 11.30 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд болох юм.

Оролцогчдын жагсаалт болон дэлгэрэнгүй мэдээллийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 976-11-323494 дугаарын утаснаас лавлах боломжтой.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж