ICRG-ийн хяналт гэдэг нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог хангалтгүй хөгжүүлж байгаа улс оронд тавьдаг хяналт шалгуур юм байна. Энэхүү хяналт нь prima facie review буюу анхан шатны хяналт, анхан шатны хяналтад хангалтгүй үнэлгээ авсан улс орнуудад хийх targeted review буюу хоёр дахь шатны хяналт гэсэн хоёр үе шатаас бүрддэг. Манай улс хоёр дахь үе шатад хамрагдаж байна.
Хэрвээ энэ хоёр үе шат бүхий хяналтын дараа тухайн улс орон дотооддоо тодорхой, үр нөлөөтэй арга хэмжээ авсан нь нотлогдохгүй бол ICRG-гээс санал болгосны дагуу “ФАТФ-ын хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт”-д оруулдаг байна. Уг жагсаалтад нэр дурдагдсан улс орнуудтай санхүүгийн харилцаа тогтоохгүй байхыг бүх улс оронд уриалдаг аж. Энэ арга хэмжээ нь олон улсын санхүүгийн системийг жагсаалтад орсон улс орнуудаас үүсэх мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлээс хамгаалах үндсэн зорилготой. ФАТФ-ын гишүүн болон ФАТФ-ын зөвлөмжийг дагаж байгаа орнуудын бүх зохицуулагч байгууллага энэхүү жагсаалтыг өргөн хүрээнд ашигладаг ажээ.