Адуучид шилдгийн шилдгээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Адуучид шилдгийн шилдгээ тодрууллаа

Шилдэг адуучид эрдэм чадлаа гайхуулан өрсөлдөж,
шилдгийн шилдгээ тодрууллаа

Үндэсний
их баяр наадмын гурван өдөрт хүний хөлд дарагдаад бусад үед нам жим
байдаг Хүй долоон худагт амралтын өдрүүдэд 21 аймгаас ирсэн шилдэг
адуучид, тэдний авъяас чадварыг сонирхохоор олон мянган хүн цуглав. Аймаг, сумын хэмжээнд 25 жил тасралтгүй зохиогдож
аваргуудаа тодруулсаар ирсэн “Адуучин” тэмцээнийг энэ жил Ерөнхий сайдын
ивээл дор анх удаа улсын хэмжээнд зохион байгуулж, 21 аймгийн шилдгүүд
өрсөлдөж улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал
сургагчдыг төрөл бүрт шалгаруулж шагнал гардууллаа. Нийлбэр дүнгээр
шилдгийн шилдгийг тодруулж, Улсын аварга адуучин цол өргөмжиллөө.

Хэнтий
аймгийн Батноров сумын адуучин Алтаншагай 21 аймгаас ирсэн шилдгүүдээ
магнайлж, улсын аварга адуучин болсон бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг
түүнд алтан медаль, 8 сая төгрөгийн шагналыг гардууллаа. Тэмцээний
дөрвөн төрөл тус бүрт нэг, хоёр, гуравдугаар байрын эзнийг тодруулж,
цул мөнгөн медаль, 3-1 сая төгрөгөөр урамшуулсан бол нийлбэр дүнгээр
айргийн тавд шалгарсан адуучин залуусыг мөн цул мөнгөн медаль, 8-4 сая
төгрөгөөр шагналаа. Олон жилийн турш орон нутагт зохион
байгуулсан “Адуучин” тэмцээнийг улсын хэмжээний тэмцээн болгоё, адууны
соёлоо дээдэлж, адуучин залуусаа алдаршуулъя, Хүй долоон худагт Үндэсний
их баяр наадмаас гадна үндэсний хэмжээний ийм баяр наадам зохион
байгуулдаг болъё гэж зорьсон гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг шилдэг
адуучидтай уулзахдаа хэллээ. Энэ тэмцээнийг жил бүр зохион байгуулж,
монгол бахархал болсон энэ эрдэм чадлыг гадаад, дотоодын жуулчдад
сонирхуулахаар төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглээд хоёрдугаар
наадмыг ирэх жилийн есдүгээр сард зохион байгуулна. Уламжлал болгосноор
адууны соёл, адуучны эрэмгий чадлыг дэлхийд таниулах боломж бүрдэнэ гэж
Ерөнхий сайд онцоллоо. Хүй долоон худагт болсон “Адуучин”
тэмцээнийг сонирхохоор олон мянган зочид ирсэн байсан бөгөөд манай оронд
эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд нар ихэд сонирхон үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж