
Хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон "Саруул" захын нээлт болно гэхээр та гайхаж магадгүй. Хотын төвийн хэрэглэгчийн сайн мэдэх болсон “Саруул” зах өнгөрсөн тавдугаар сараас хойш ажиллаагүй. Тус захад тавдугаар сарын 20-нд гал гарч их хэмжээний хохирол учирсан ч дахин хоёр тэрбум гаруй төгрөгний засвар хийж шинэчлэн өнөөдөр нээлтээ хийж байгаа юм байна. Шинэчлэл хийснээр хөргөлт, агааржуулалтын хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглосон, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан, ялангуяа дохиол хамгаалалт, аюулгүй байдлыг онцгой анхаарсан орчин үеийн маркет болжээ. Захын нээлтээд хотын удирдлагууд, ижил үйлчилгээ явуулдаг зах, хүнсний худалдааны төвийн төлөөлөгчид болон хэрэглэгчид оролцоно.
“Саруул” захаа шинэчлэн “Саруул маркет” болгосон “Монгол глобал” компанийн захирал Б.Ганбаяр “Бидэнд хүнд гамшиг тохиолдолд сэтгэлээрээ хамт байсан хүн бүхэнд талархал илэрхийлье .Тэр тусмаа захаа галын дуудлага авангуутаа түргэн шуурхай ирж, илүү их хохирол учрах аюулаас аварсан гал сөнөөгчид, захаа шинэчлэн босгоход гар бие оролцсон бүх хүмүүс, мөн энэ хугацаанд эв сэтгэл нэгтэй байж, дахин ажлын байр гаргахад тэвчээртэйгээр хүлээсэн түрээслэгч нартаа баярлалаа” гэж байлаа. Уг захад өмнө нь 100 гаруй хүн ажиллаж байсан бөгөөд маркет болон өргөжүүлснээр 200 гаруй ажлын байр бий болгож байгаа юм байна. Мөн галаас үүдсэн бүх хохирлыг Монгол “глобал” компаниас нөхөн төлжээ.
А.АНУ