
Дүрмийн ажлын хэсгийнхэн өнгөрөгч сард эхэлсэн анхдугаар их хурлын хуралдаанд төслөө танилцуулсан ч их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар хэлэлцүүлгийг хойшлуулсан билээ. Их хурлын төлөөлөгчдийн олонхи Хуульчийн мэргэжлийн дүрмийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, нийт хуульчдын саналыг авах нь зүйтэй гэж үзсэн юм.
Харин өнгөрсөн хоёр өдрийн хуралдаанд ажлын хэсгийнхний танилцуулснаар дүрмийн төсөл өмнөхөөсөө нэлээд олон зүйл, заалтаар тэлсэн байна. Нийтдээ таван анги, 19 бүлэг, 113 зүйл, 316 хэсэгтэй байсан дүрмийн төслийг сарын хугацаанд дахин боловсруулахдаа 20 бүлэг, 161 зүйл, 339 хэсэгтэй болгон өөрчилжээ. Хамгийн их өөрчлөлтийг прокурорын бүлэгт хийсэн гэдгийг ажлын хэсгийнхэн танилцууллаа. Дүрмийн эхний төсөл прокурорын үйл ажиллагаатай холбоотой 17 зүйл заалттай байсныг 37 болгон нэмэгдүүлжээ. Төслийг дахин боловсруулах явцад Прокуроруудын холбоо хамгийн их идэвхитэй оролцож, тусдаа ажлын хэсэг байгуулан дүрмийн төсөлд өгөх саналаа нэгтгэж ирүүлсэн байна.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд ажлын хэсгийнхэн Хуульчийн мэргэжлийн дүрмийн төсөлд нийт хуульчдыг татан оролцуулах, саналыг нь тусгах зорилгоор таван чиглэлээр ажилласан гэдгээ ажлын хэсгийн ахлагч О.Мөнхсайхан танилцуулсан. Тухайлбал анхдугаар их хурлын өмнөх хуралдаан дээр төлөөлөгчдийн амаар болон бичгээр гаргасан нийт 58 саналаас 31-ийг нь дүрмийн шинэ төсөлд суулгажээ. Тухайн үед дүрмийн төслийн ажлын хэсэгт орж ажиллахаар 18 хуульч нэрээ өгсний найм нь завсарлагааны хугацаанд өргөтгөсөн ажлын хэсэгт орж ажилласан байна.
Түүнчлэн энэ онд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, хуульчийн эрх авсан нийт 4500 гаруй хуульчид нэг бүрчлэн дүрмийн төслөө явуулснаас таван хуульч И-майлээр саналаа ирүүлсэн байна. Энд ирүүлсэн нийт 64 санал саналаас 11-ийг нь дүрмийн шинэ төсөлд тусгасан байна.
Мөн хуульчдын өөрсдийнх нь гаргасан саналын дагуу сайн дурын холбоодоор нь дамжуулан дүрмийн төсөлд санал авах ажлыг зохион байгуулжээ. Наториатын танхим, Банкны хуульчдын холбоо, Өмгөөлөгчийн, Прокуроруудын, Шүүгчдийн холбоо, Залуу хуульчдын холбоонд албан ёсоор хандаж дүрмийн төслийг явуулснаас Прокурорудын холбоо, Өмгөөлөгчдийн болон Залуу хуульчдын холбоо хамгийн идэвхитэй оролцож, дүрмийн төсөлд хамгийн олон саналыг ирүүлсэн байна. Холбоодоос нийт 127 санал ирүүлснээс 91-ийг дүрмийн шинэ төсөлд суулгажээ.
Сануулахад Хуульчдын анхдугаар их хурлын өмнө ажлын хэсгийнхэн Хуульчийн мэргэжлийн дүрэмд санал авахаар нийт хуульчдын дунд гурван ч удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Сая их хурлын завсарлагааны хугацаанд ч мөн гурван өдрийн хэлэлцүүлэг зарласнаас хоёрт нь хуульчид оролцсон байна. Хуульчдын дунд хийсэн нээлттэй хэлэлцүүлгээс нийт 35 санал гарсны 14 нь дүрмийн шинэ төсөлд суужээ. Мөн тодорхой чиглэлээр мэргэшсэн хуульч экспертүүдээс дүрмийн төсөлд саналыг нь авч, Англи, Канад, Герман, Японы хуулийн фирмүүд рүү дүрмийн төслөө илгээснээс гурав нь саналаа ирүүлсэн байна. Тэдгээрээс Хуульчийн мэргэжлийн дүрэмд шинээр суулгасан нэг зүйл нь “Шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ талуудыг эвлэрүүлэхийн тулд аль нэг талтай ганцаарчлан уулзаж болно. Гэхдээ эвлэрүүлэн шийдэх ажиллагаа амжилтгүй болсон тохиолдолд шүүгч шүүх хуралдаанд орохгүй” гэдэг заалтыг нэмсэн байна. Шүүгч хэргийн аль нэг талын талаар маш дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон учир шүүн таслах ажиллагааг явуулахдаа сонирхлын зөрчилд орж, нэг талыг барьсан шийдвэр гаргаж болзошгүй гэдэг үндэслэлээр шүүгчийг тусгаарладаг байна.
Хуульчийн мэргэжлийн дүрмийг боловсруулсан ажлын хэсэг дүрмийн ач холбогдлыг тайлбарлахдаа гурван зүйлийг онцолсон. Өмнө тус тусдаа мөрдөгдөж байсан Өмгөөлөгч, Шүүгч, Прокурорын ёс зүйн дүрмүүд нь хэт ерөнхий, зарчмын шинжтэй, хэн нэг нь ёс зүйн алдаа гаргалаа гэхэд бие биедээ шаардлага тавих хяналтын тогтолцоо байхгүй байжээ. Хоёрдугаарт энэ тусгаар байдал нь хуульчид өөрсөддөө тавигдах мэргэжлийн нийтлэг шаардлага, стандартаа боловсронгуй болгох боломжийг нь хязгаарлаж байсан гэв. Тиймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хуульч мэргэжилтнүүдэд тавигдах нийтлэг стандартыг Хуульчийн мэргэжлийн дүрмээр тогтоохоос гадна тус тусын ажлын онцлогоос хамаарсан тусгайлсан ангийг ч мөн оруулсан байна.
Тиймээс Хуульчийн мэргэжлийн дүрэм нь өмнө мөрдөгдөж байсан ёс зүйн дүрмүүдтэй харьцуулахад илүү дэлгэрэнгүй, нарийвчилсан зохицуулалттай учир хуульчдын өдөр тутмын гарын авлага болж, ёс зүйн болон мэргэжлийн алдаанд орохоос сэргийлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлагуудыг хэнд хэзээ, ямар хэмжүүрээр тооцох вэ гэдэг үндэслэлийг зааж өгсөнөөрөө заавал биелэгдэх шинжтэй болсон гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байгаа. Эцэст нь Хуульчдын анхдугаар их хурлын хоёр өдөр үргэлжилсэн хуралдаанаас Хуульчийн мэргэжлийн хариуцлагын дүрмийг баталж, хуульчдын холбооны бүтцэд ажиллах мэргэжлийн чиг үүргийн хороод, түүнээс бүрдсэн Холбооны зөвлөлийн гишүүдийг сонгосон юм. Өөрөөр хэлбэл үүгээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг мэргэжлийн холбоонд нь шилжүүлэн өгөх үйл явц дуусч, Хуульчдын холбоо төрийн аливаа байгууллага, эрх мэдлээс хараат бусаар ажилллах боломж нь бүрдэж байгаа юм. Энэ тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Монголын хуульчид дэлхийн стандартад нийцсэн хууль эрх зүйн очринд, дэлхийн стандарт шаардлагад нийцүүлэн ажиллах боломж бүрдлээ” хэмээн үнэлсэн. Хэрвээ энэ ажил үр дүнгээ өгч, хуульчид шударга ёсны манлайлал болон мэргэжлийн нэр хүндээ өргөж чадвар үүнээс хойш маш олон мэргэжлийн холбоод төрөн гарч, өөрсдийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага стандартуудаа тогтоогоод, түүндээ хяналт тавиад явах боломж бүрдэх юм. Үүний анхдагч нь Монголын хуульчдын холбоо боллоо.
Сануулахад Хуульчдын холбооны анхдугаар их хурлын өмнөх хуралдаанаар Монголын хуульчдын холбоог байгуулж, холбооны дүрэм болон төсвийг баталсан билээ. Нэгэнт хуульчдын мэргэжлийн холбоо төрөөс хараат бус, бие даасан байдлаар ажиллах тул төсвөөс санхүүжилт авахгүй, гишүүн хуульчдынхаа татвараар санхүүжих юм.