Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Хүүхдийг хайрла…

Хүүхдийг хайрла…

Хүүхдийг хайрла. Солонгосын сирал үзэхдээ уйлдаг ээж сандал бариад охиноо зодохдоо яг л улангассан адгуус шиг байдаг байжээ. Энэ явдал одоогоос хоёр жилийн өмнө гарсан бөгөөд төрсөн охиноо зодож, тархи, толгойг нь хагалсан бүсгүйг шүүхээс гурван жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Охин дүүтэйгээ одоо асрамжийн газар амьдарч байгаа.

Согтуу ирсэн аавыгаа цагдаад өгнө гэж айлгасан охин төрсөн эцэгтээ хутгалуулсан хэрэг хэдхэн хоногийн өмнө гарчээ.  Архи ууж ирэх болгондоо байнгын агсан тавьдаг аавыгаа “хүмүүжүүлэх” гэсэн охин  одоо эмнэлэгт хэвтэж байна.  Өнгөрсөн өвөл долоохон настай хүү зайрмагний мөнгө авсныхаа төлөө дөрвөн цаг хойд эцэгтээ яргалуулсан аймшигтай хэрэг гарч байсан. Тэгвэл хэдхэн сарын өмнө таван настай хүүгээ заазуурдсан эцэг нийгэмд багагүй айдас төрүүлсэн. Түүний дараахан 16 настай хүүг авга эгч нь гурван жил модон амбаарт хорьсон  жигшүүрт явдал Хөвсгөл аймагт гарч байв.  Энэ мэтчилэнгээр гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал Монголын нийгмийн хамгийн бугшмал, анхаарал татсан сэдэв болжээ.  Төрсөн аав ээж, ах дүүдээ хүчиндүүлсэн, зодуулсан гэх хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж, Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бяцхан иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө төр дорвитойхон алхам хийхгүй бол болохоо байсныг бодит амьдрал гэрчилнэ.  Гэр бүлийн хүчирхийлэл ямагт бусдаас далд, цоожтой хаалганы цаана өрнөдөг. Тиймээс  архи ууж агсам тавих аав ээжийгээ царайчлан, гарынх  нь чилээг гаргах хүүхдүүд Монголд хичнээн байгааг хэн хэлж чадах вэ.

Төр иргэнийхээ эрх ашгийг хамгаалахгүй юм бол хэн хамгаалах вэ. Энэ сэдвийг улиг домог болтол ярьдаг хэрнээ яагаад өнөөдрийг хүртэл хүүхдүүд гэр бүлийн хүчрхийлэлийн хамгийн том золиос нь болсоор байна вэ. Нийслэлийн дүүрэг болгонд согтуучуудыг эрүүлжүүлэх газрыг ажлуулдаг хэрнээ Улаанбаатарын хэмжээнд хүчирхийлэлийн эсрэг хамгаалалтад авдаг газар хичнээн байдаг билээ.  Гурван ч сар хүрээгүй хүүхдээ гудамжинд цүнхэнд хийгээд хаясан хэрэг хүртэл гарсан шүү дээ. Арван сар тээж, ангир уургаа хөхүүлэх ёстой хүүхдээ гудамжинд хаясан аав ээжид оноох хариуцлагын систем Монголд байдаггүй болохоор хүүхдээ яаж өсгөх нь миний дур хэмээн тэнэгтэх аав ээжүүд олон. Тиймээс хэн нэгэн хүүхдээ зодож байхыг харсан атлаа хараагүй юм шиг өнгөрдөг нь Монголд гэр бүлийн хүчирхийлэлийн газар авах шалтгаан нь болчихоод байна.  Хүүхэд зодохыг монголчууд гэмт хэрэгт тооцдоггүй. Алганы амт, суран тэлээгээр хүүхдийг хүмүүжүүлэх ёстой гэж ойлгодог аав, ээжүүдийн тархинд суусан тэр үзлийг өөрчлөхгүйгээр  зурагтаар зуун удаа хүчирхийлэлийн тухай яриад ч үр дүнд хүрэхгүй болов уу.

Хүүхдийн эрх гэхээрээ л энэ асуудал зөвхөн  Хүүхдийн төлөө үндэсний газарт хамааралтай юм шиг санадаг. Ажил үүргийнхээ чиг хандлагаар бол хүүхдийн эрх тэдэнд хамгийн чухал хамааралтай нь үнэн ч хүн болгон тухайлбал, хөрш нь, багш нь, нийгмийн ажилтан, хорооны дарга нь, Засгийн газар, УИХ-ын гишүүн нь бүгдээрээ хүчирхийлэгчийн эсрэг тэмцэхгүй л бол нийгэм дэх гэр бүлийн хүчирхийлэгчид хаа нэгтээ нуугдсан хэвээр л байх нь тодорхой юм. Ангийн багш нь яагаад хичээл таслаад байна вэ гэж загнахаасаа илүү амьдралыг нь судлаад үздэгсэн бол, хөршийнх нь хүүхэд юунаас болж уйлж буйг хэрэгт дурлахаасаа илүү анхааралтайгаар судалдаг бол олон хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэлийн золиосноос урьдчилан сэргийлэх, амь нас эрүүл мэндээрээ хохирч, асуудлыг хурцатгахаас нь өмнө аварч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Төрөөс явуулж байгаа бодлого, шийдвэрээс харсан ч хүүхдийн эрх гэр бүлийн хүрээнд төдийгүй нийгэмд хамгийн ихээр зөрчигддөг. Хамгийн наад зах нь нийтиэн тээвэр нь хүүхдүүдэд мөнгөөр, оюутнуудад үнэгүй үйлчилдэг шүү дээ.

"Зуу"-гийн  шар торонд номоо хийж үүрээд хөл нүцгэн хичээл рүүгээ явж байгаа хүүгийн зураг фээсбүүкийнхний анхаарлыг хамгийн ихээр татаж байна.  Тэр хүүд үнэтэй дүрэмт хувцас авах нь байтугай өсгийгөө далдлах оймс алга. Ийм л амьдрал дунд, архин дунд өсч байгаа ирээдүйгээ хүчирхийлэгчээс хамгаалахын тулд Монголын төрөөс их зүйлийг өөрчлөх шаардлагатай болжээ. Хүүхдийн хамгийн том хүчирхийлэгч нь хамгийн ойрынх нь хүмүүс байдаг. Тиймээс хүчирхийлэгчээс хүүхдийг хамгаалахын тулд өнөөдөр Гэр бүлийн тухай хуулиандаа өөрчлөлт оруулах шаардлагатай болсон юм биш үү.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж