Улаанбаатарын хэлэлцээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын хэлэлцээ эхэллээ

Есдүгээр сарын 23-27 өдрүүдэд Лондон хотноо явагдсан Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хоёр дахь шатны хэлэлцээ өнөөдрөөс буюу аравдугаар сарын 7-ноос Улаанбаатар хотноо эхэлж байгаа юм.

Монголын талаас тус хэлэлцээрийг  Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ”-ийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” гүйцэтгэх захирал Да.Ганболд нар ахалж буй бөгөөд хоёр тал ажлын гурван хэсэг байгуулж шийдвэрлэгдээгүй үлдсэн 15 асуудлыг ярилцахаар хэлэлцээрийн ширээний ард дахин сууж байна.  Лондон хотноо “Рио-Тинто”-гийн төв оффист болсон хэлэлцээрт Монголын талаас 22, “Рио-Тинто”-гийн талаас найм, нийтдээ 30 асуудлыг ярилцаж, хэлэлцсэн бөгөөд үүнээс 15-ыг нь шийдвэрлэж, үлдсэн 15-ыг нь судалж, нягталж үзсэний үндсэн дээр хоёр тал Улаанбаатарт дахин хэлэлцэхээр болсон талаар Уул уурхайн яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу хэвлэлийнхэнд дуулгасан.   Лондонгийн хэлэлцээр ерөнхийдөө тайван, бүтээлч, эерэг уур амьсгал дунд өрнөсөн гэдгийг тус улсыг зорьсон эрхмүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл Улаанбаатарын хэлэлцээ халуухан уур амьсгал дунд өрнөж магадгүй байна. Учир нь зарчмын болон ойлголцлын зөрүүг арилгах асуудалд Лондонгийн хэлэлцээр анхаарлаа түлхүү чиглүүлсэн бол Монголд явагдаж байгаа Оюутолгой төслийн хоёр дахь шатны хэлэлцээр ерөнхийдөө далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх юм. Англид шийдвэрлэгдсэн гэх 15 асуудлын дунд үндэсний ажиллах хүчний квот, цалин хөлс, усны үнэ тарифын асуудал багтсан байна.

Гэхдээ яг ямар 15 асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ гэдгийг хувь нийлүүлэгчид нууцлахаар шийдсэн үү эсвэл тэрхүү 15 асуудлынхаа гол шалтгааныг Улаанбаатарт олохоор болсон уу гэдэг одоо ч  хариултгүй хэвээр байгаа юм.  Хэлэлцээрийн хамгийн гол чухал зүйл болох далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтын асуудлыг хувь нийлүүлэгчид өнөөдрөөс ярилцах юм.  Үүнийг нэгдэх ажлын хэсгийнхэн шуурхай хэлэлцэх үүрэг авсан байна. Харин хоёр дахь ажлын хэсгийнхэн Оюутолгой төслийн зардлын тайлан яагаад хэтэрснийг тогтоохоор хамтран судалгаа хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой төслийн зардлын хэтрэлтийг хоёр талаас тулгаж нягтлах ажлын хэсэг төслийн эхний ээлжийн хөрөнгө оруулалтын зардал чухам юунаас болоод хэтрэв гэдгийн учрыг олох юм байна. Мөн төслийн зардал анхны гэрээнд тусгаснаас хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдсэн асуудлыг шалгуулахаар Монголын Засгийн газар болон хөрөнгө оруулагч “Рио-Тинто” компани тус тусдаа олон улсын аудитын шалгалт оруулсан бөгөөд шалгалтын үр дүнг хооронд нь тулгаж шаардлагатай зардал мөн эсэхийг хэлэлцэнэ гэдгийг Ч.Отгочулуу дарга тайлбарласан.  Гурав дахь ажлын хэсгийнхэн Оюутолгойн бүлэг ордын  геологийн нөөцийг тогтоох, ТЭЗҮ-ийг хэлэлцэнэ. “Онтрий гоулд”-ын нэр дээр байгаа лицензүүдийг “Оюутолгой” руу шилжүүлэх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр хоёр тал санал нэгдсэн байна. “Онтрий Гоулд” компанийн нэр дээр алтны нөөц, хүдэр, зэсийн тодорхой хувь байгаа нь  Монголын талаас тавьсан 22 асуудлын нэг гэдгийг албаны хүн тайлбарлав.   Оюутолгойд   Монгол Улсыг төлөөлсөн ТУЗ-ын өмнөх гурван гишүүн хувь нийлүүлэгчдийн хооронд ямар асуудал үүсч, юу болоод байгааг ядаж л ганц үгээр олон нийтэд тайлбарлаж байгаагүй юм.   Амаа үдүүлсэн хууччуулаа бодвол шинэхэн гишүүд ямар ч байсан Лондон явсан ажлынхаа тайланг хэвлэлийнхэнд дэлгэлээ. Гэхдээ тэдний дэлгэсэн мэдээлэл зарим хүний сэтгэлд хүрч чадсангүй. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар еэвэнгийн нөгөө тал нь юу байсан бэ гэж хардаж байгаагаа илэрхийлээд авсан.

Нийт валютын урсгалын 55 хувийг хангаж байгаа Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалт зогсож, далд уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдэж, үүнийгээ зээлээр хэрэгжүүлэх хүсэлтээ тавьсан Рио-Тинтой хэрхэн хэл амаа ололцох вэ гэдэг нь хоёр талын хамтран байгуулсан ажлын хэсгүүдийн амжилтаас шалтгаална.  Тэр тусмаа цас хялмаалсан Улаанбаатарт өрнөж буй хэлэлцээрийн гол асуудал нь  далд уурхайн санхүүжилтыг хэрхэх вэ гэдэг шүү дээ.

Ж.НЯМСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №032

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж