
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гол зохицуулалт нь төсвийн орлогод хамгийн их жин дардаг /төсвийн орлогын 80 хувь, татварын нийт дүнгийн 53 хувь/ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмүү өртгийн албан татвар, гаалийн татвар болоод нөөц ашигласны төлбөрийг одоо байгаа хэмжээнд нь тогтворжуулахаар болсон явдал. УИХ татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн ч тогтворжуулалтын гэрчилгээ авсан аж ахуйн нэгжүүдэд энэ хамаарахгүй, харин татварын хувь хэмжээ буурсан тохиолдолд тэр хэмжээгээр нь татвараа төлнө гэсэн үг. Хуулийн анхны төсөлд 15 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд аль салбарт хөрөнгө оруулснаас үл хамааран тогтворжуулалтын гэрчилгээ олгохоор тусгасан байсныг хэлэлцүүлгийн явцад хөрөнгө оруулсан бүс нутаг болон үйлдвэрлэлийн салбараас нь хамаарч хөрөнгө оруулалтын босгыг нэмэгдүүлж, бас бууруулсан байгаа.
Тухайлбал, Улаанбаатарт 10-30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, мөн баруун бүс буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудад 2-8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан бол татварын тогтворжуулалтын хугацааг таван жилээр, Улаанбаатарт 200 тэрбумаас дээш, баруун бүсэд 50 тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгө оруулсан бол тогтворжуулалтын хугацаа 15 жил байхаар хуульчилсан. Татварын тогтворжуулалтын хугацаа болон хөрөнгө оруулалтын хэмжээг таван бүсэд ялгавартайгаар тогтоосон нь жаахан төвөгтэй мэт харагдавч нийтэд нь 15 тэрбум төгрөгийн босго тавьсантай харьцуулахад илүү олон компани татварын тогтворжуулалтад хамрагдахаар болж байна.
Хөрөнгө оруулалтын хуультай хамт батлагдсан бас нэг чухал хууль нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль. Энэ хууль хэрэгжсэнээр иргэдийн гар дээр байгаа, эргэлтэд ордоггүй илүүдэл хөрөнгийг Хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлж, санхүүжилт шаардлагатай байгаа салбаруудад хөрөнгө оруулах замаар нийт эдийн засгаа тэтгэх боломжтой. Ингэснээр хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэрийг дайчлан гаргахаас гадна банкуудын хүү буурах, санхүүгийн зах зээл дээр өрсөлдөөн бий болох, иргэд ч гэсэн илүүдэл хөрөнгөө эргэлтэд оруулж ашиг олох гээд тал талдаа үр ашигтай. Намрын чуулганы эхэнд батлагдсан хоёр хууль шинэ монголчуудын хувьд гадаадаас ч, дотоодоосоо ч хөрөнгө босгох, тэр хэрээр ажил, орлогоо нэмэгдүүлэх үүд хаалгыг нээлээ. Хэрэгжилт нь харин яаж явах нь энэ Засгийн газраас шалтгаална.
