Монгол Улс НҮБ-ын идэвхтэй гишүүн болоод удаж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд 51 гишүүн орны бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан НҮБ эдүгээ 193 гишүүн орныг эгнээндээ нэгтгэж байна. Энэхүү 193 орон болгон идэвхтэй гэдэг ангилалд орохгүй байгаа. Харин Монгол Улс 1961 оны аравдугаар сард бүрэн эрхт гишүүнээр элссэн. Үүнээс хойш Монгол Улс 50 гаруй тогтоолыг санаачлан батлуулж, 500 гаруй тогтоол шийдвэрт хамтран зохиогчоор оролцоод буй юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Монгол Улс анх 1967 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчдөө оролцуулснаас хойш 1992 он хүртэл завсарласан байна.
1992 онд Монгол оролцохдоо өөрийн гэсэн санаачилгыг тунхагласан билээ. 1992 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат цөмийн зэвсэггүй бүсийн статустай болох Монгол Улсын санаачилгыг НҮБ-ын индэр дээрээс танилцуулж байжээ. Үүнээс хойш Монгол Улс энэ санаачилгаа ажил хэрэг болгохын төлөө цуцалтгүй тэмцсэний дүнд 2012 оны НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гишүүн таван орон Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүс статусыг албан ёсоор баталгаажуулсан.
Цөмийн зэвсгийн аюулын эсрэг байр сууриа Монгол Улсын байнга илэрхийлж ирсэн. Өнгөрсөн сарын 23-нд эхэлсэн НҮБ-ын 68 дугаар ерөнхий ассамблейн индэр дээрээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цөмийн зэвсгийн аюулын эсрэг хийх тэмцлийн хамгийн дөт зам нь цөмийн зэвсэггүй бүсийг олноор байгуулах явдал хэмээн байр сууриа дахин илэрхийллээ.
Монгол Улс бүс нутагтаа өөрийн өвөрмөц онцлог бүхий ардчиллыг хөгжүүлж байгаагаараа НҮБ-ын гишүүн орнуудад бахархах туршлагатай болоод байгаа. Иргэдийн үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг тунхаглаж, хэвлэлийн эрх чөлөөтэй байгаа Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцнаа өндөр сууринд залрах боломжийг олгож байгаа нь сая болж өнгөрсөн 68 дугаар ерөнхий ассамблейн чуулганы үеэр харагдлаа.
НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд нэгэн том арга хэмжээ зохиогдсон нь “Ардчилал хөгжиж байгаа орнууд дахь иргэний нийгмийн байгууллагууд” хэлэлцүүлэг байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хөтөлсөн энэхүү хэлэлцүүлгийн гол илтгэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байлаа. “Монгол Улс иргэний нийгмийн хөгжүүлж чадсан өөрийн гэсэн туршлагатай. Энэ туршлагаас нь хуваалцахаар найз Ц.Элбэгдоржийгоо урьсан юм” хэмээн хэлэлцүүлгийн эхэнд танилцуулсан. “Иргэний нийгмийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол ардчиллыг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм” хэмээн Ерөнхийлөгч үгээ эхэлсэн. Монголын анхны иргэний нийгмийн байгууллаг болох Монголын ардчилсан холбоог үндэслэн байгуулагчдын нэг болохоо хэлж Монгол Улс туршлагаасаа харамгүй хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
“Монгол Улс иргэний нийгмийг үнэлэн хүндэтгэж ирснээр би бахархдаг. Дэлхийн улс орнуудад энх тайван, ардчилал, байгаль орчныг хамгаалах, ил тод байдлыг хөхиүлэн дэмжихэд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг иргэний нийгмийн байгууллагууд үнэхээр аль ч ард түмний амин сүнс байдаг” гэсэн Ерөнхийлөгчийн үг хэлэлцүүлэгт оролцсон олон хүний сэтгэлд хүрсэн үг байлаа.
Эдүгээ Монголд 6000 гаруй иргэний нийгмийн байгууллага байгаль орчныг хамгаалах, иргэний эрхийг хамгаалах, эдийн засгийн ил тод байдлыг бий болгох гээд маш олон чиглэлд ажиллаж, иргэдийн дуу хоолой болж байна.
Өнгөрсөн оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Хиллари Клинтоны хамт ардчилал өндөр хөгжсөн болон шинэ тутам хөгжиж байгаа улс орнуудын удирдагчдыг өөр хооронд нь холбох, арга туршлагаа солилцох цахим индэр- ЛЕНД гэдэг сүлжээг байгуулсанаа мөн хэлэлцүүлгийн үеэр дуулгасан.
Хэдийгээр монголчууд бидэнд өдөр ирэх тусам нэмэгдэж буй үнэ ханш, агаарын бохирдол, хотын түгжрэл, цагаан захтануудын хээл хахуулийн хэрэг гээд эдийн засаг, нийгмийн шийдвэрлэвэл зохих олон асуудалтай байгаа ч сайнтай муутай туулж ирсэн ардчиллын 20 жил бидэнд дэлхийд зовхи нь өөдөө байх бардамналыг өгчээ.
Монгол Улс НҮБ-ын хамтын ажиллагаандаа илүү амбицтай байна. Тухайлбал, 2022 он гэхэд Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, 2015 он гэхэд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс ардчилсан замыг сонгон хөгжсөнөөс хойш хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, сахин хамгаалах чиглэлээр тодорхой амжилт гаргаж чадсан. Өөрийн гэсэн туршлагыг ч хуримтлуулсан. Тиймээс Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах нь хамгийн боломжтой төдийгүй ач холбогдолтой хэмээн Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Иью Йорк хотноо Монголын сэтгүүлчдэд ярьсан. Том амбицтай байж том ирээдүйд хүрч чадна.
