Хөгжлийн банкны бондод баталгаа гаргав

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны бондод баталгаа гаргав

Монгол Улсын Хөгжлийн банкинд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн сайдын гаргах зээлийн баталгааны үндсэн нөхцөлийг урьдчилан тохиролцох зорилгоор “Монгол Улсын Засгийн газрын баталгааны үндсэн нөхцөлийг тохиролцох гэрээ”-г өчигдөр байгууллаа. Тус гэрээг нэг талаас Сангийн яам, түүнийг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, нөгөө талаас Монгол Улсын Хөгжлийн банк, түүнийг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Хашчулуун нар гарын үзэг зурсан юм.

Энэхүү гэрээг байгуулснаар Монгол Улсын Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн сайд зээлийн баталгааг тухай бүр нь гаргах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн энэхүү гэрээгээр “Монгол Улсын Засгийн газрын баталгаа бүхий Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаасны гэрчилгээ” болон “Монгол Улсын Засгийн газрын баталгаа”-ны загваруудыг баталж, Сангийн сайд албан ёсоор Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Хашчулуунд гардуулан өглөө. Хөгжлийн банк нь энэхүү гэрээний дагуу Засгийн газрын баталгаагаар хангагдсан өөрийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах хууль эрх зүйн орчин бүрдэж, шаардлагатай тухай бүр арилжааг зохион байгуулах боломжтой болж байна.

Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улс анх удаа ДНБ-ний 9.8 хувьтай тэнцэх хэмжээний Засгийн газрын баталгааг Монгол Улсын Хөгжлийн банкинд гаргасан нь манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн түүхэнд тэмдэглэх үйл явдал боллоо гэдгийн Сангийн сайд С.Баярцогт энэ үеэр онцлон тэмдэглэсэн юм. Монгол Улсын Засгийн газрын баталгаа бүхий Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаас гаргах замаар бүрдүүлсэн эх үүсвэрээр манай улсын хөгжил цэцэглэлийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ихээхэн ач холбогдолтой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж