
Триполи хотын оршин суугчид өнгөрсөн 2011 онд орос эмэгтэй Ливийн цэргийн офицерийн амийг хөнөөсөн гэх хэргийн улмаас ОХУ-ын Элчин сайдын яам руу халдсан аж. Ливийн албаныхны мэдээлснээр халдлага, үймээний үеэр хоёр ливи хүн амь үрэгдэж, ОХУ-ын Элчин сайдын яамны гаднах хаалга, автомашины зогсоол эвдэрч сүйдсэн гэнэ. Азаар Ливийн цагдаа, цэргийнхэн ОХУ-ын Элчин сайд болон бусад дипломатуудыг нэн даруй хамгаалалтанд авснаар халдлагын үеэр тэд гэмтэж бэртээгүй аж.
Үүнээс өмнө өнгөрсөн 2012 онд Ливийн Бенгази хотод орших АНУ-ын Элчин сайдын яам руу олон тооны хүн халдаж, Элчин сайд болон өөр гурван ажилчныг хөнөөсөн ба өнгөрсөн дөрөвдүгээр сард Францын Элчин сайдын яамны гадна байрлуулсан автомашинд тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас хоёр хамгаалагч, нэг оршин суугч гэмтэж бэртсэн хэрэг гарсан билээ. Мөн өнгөрсөн зургаадугаар сард Италийн Элчин сайдын яамны гадна байршуулсан автомашинаас бөмбөг илэрсэн бөгөөд Их Британи өнгөрсөн тавдугаар сард Ливиэс Элчин сайдаа эргүүлэн татсан байна.