
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах ажлын хэсэг байгуулан олон ажил төлөвлөөд байна. Төлөвлөсөн ажлуудын эхнийх нь “Амьтан, ургамлын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах боломж” сэдэвт зөвлөлдөх уулзалт өчигдөр болж, амьтан, ургамлын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид түншлэлийг сайжруулах боломж, арга замын талаар хэлэлцлээ. Уулзалтад 15 аж ахуйн нэгж, амьтан, ургамлын чиглэлийн есөн мэргэжлийн байгууллага, хоёр холбоо, нэг нийгэмлэгийн 28 төлөөлөгч оролцсон байна. Байгалийн ургамал түүж бэлтгэх, амьтан агнах тусгай зөвшөөрөл, мэргэжлийн эрх олголтоос хэтрэхгүй байгаа төр хувийн хэвшлийн харилцааг амьтан, ургамлыг хамгаалахад чиглүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байгаа юм. Тиймээс цаашид амьтан, ургамлын нөөц бүхий газар нутгийг хувийн хэвшилд эзэмшүүлэх эрх зүйг боловсронгуй болгох, байгалийн ургамлын анхан шатны боловрсуулалт хийх технологийг нэвтрүүлэхээс гадна амьтан, ургамал ашиглах зөвшөөрөл олголтыг мэргэжлийн байгууллагын холбоодоор дамжуулан зохион байгуулах нь санал ч гарчээ.
Мэргэжлийн байгууллагыг чиглэл, чиглэлээр мэргэшүүлэх, амьтан, ургамлыг хамгаалах, ашиглахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн бодлогыг сүүлийн жилд баримталж байна. Гэтэл орон нутагт баг, сум, аймгийн түвшинд асуудлыг удаах, хүнд суртал гаргах асуудал нэмэгдэж байгааг анхаарах, аймгийн байгаль орчны газар, аймаг, сумын Засаг даргын Тамгын газрыг амьтан, ургамалын хамгаалал, ашиглалтын чиглэлээр чадавхжуулах, агнуурын бүс нутгийг хувийн хэвшилд эзэмшүүлэх зэрэг саналыг уулзалтанд оролцогчид гаргасан байна.
Д.ЦЭЭНЭ