“Нар сарны дор” долоон зураач нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

“Нар сарны дор” долоон зураач нэгдлээ

Төрийн соёрхолт зураач Б.Пүрэвсүхийн урланд 1979 онд сурч Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг төгссөн долоон уран зураачийн онцлог өнгө аясыг харуулсан “Нар сарны дор” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 17:00 цагт Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна.

Уг үзэсгэлэн нь хоёрдох жилдээ зохиогдож байгаа бөгөөд Монголын урчуудын эвлэлийн  шагналт зураач Ч.Хүрэлбаатар, Г.Лхагвасүрэн болон зураач Б.Очирхуяг, С.Ганболд, Д.Эрдэнэбилэг, Б.Чулуунбат, Д.Пүрэв нарын уран бүтээлүүд тавигдах аж.

Эдгээр уран бүтээлчид нь Репин, Суриковын академи болон Улсын багшийн их сургууль, Соёл урлагийн их сургуулийг төгссөн бөгөөд 1980-аад оноос идэвхитэй уран бүтээлээ туурвисаар өнөөдрийн үзэгчдэд үнэлэгдэж, танигдсан зураачид юм. Мөн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гадаад, дотооддоо гаргасан төдийгүй, уран бүтээлүүд нь Америк, Англи, Франци, Бельги, Итали, Герман, Швецарь, Солонгос, Япон, Хятад, Тайван, Малайз, Сингапур зэрэг олон орны уран зураг цуглуулагчдын сан хөмрөгт хадгалагдсаар буй.

Уран бүтээлчдийн онцлог нь 1979 оноос хойш мэргэжлээрээ тасралтгүй уран бүтээлээ туурвисаар ирсэн бөгөөд реализмаас, модернизмийн өнгө аясыг илэрхийлсэн уран бүтээлүүд тавигдаж байгаа юм. Үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үнэ төлбөргүй олны хүртээл болно.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж