Ц.Ням-Осор: МАН даргаа солиод шинэчлэгдэхгүй

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Ц.Ням-Осор: МАН даргаа солиод шинэчлэгдэхгүй

МАН-ын 27 дугаар их хурал удахгүй болох гэж буйтай холбогдуулан тус намын хяналтын зөвлөлийн дарга Ц.Ням-Осортой ярилцлаа.

-Намын их хурал удахгүй болно. Шинэ дарга сонгож, шинэчлэлийг үе шаттай хийнэ гэж ярьж байгаа. Таны бодлоор энэ хурлаар нам шинэчлэгдэж чадах уу?

-МАН-ын шинэчлэлийн тухай сэдэв бол Монголын улс төрийн харилцааны шинэтгэлийн язгуур асуудлын нэг. Ирж яваа цагийн шинэ харилцаанд нийцсэн улс төрийн хүчин болох шаардлага, цаг үетэй зохицох чадвар намын удирдлагын арга барилд үгүйлэгдэж байна. Намын шинэчлэл бол дарга нарыг солих, цөөлөх тухай биш. Намын бүтэц, зохион байгуулалт, баримтлах зарчим, цаг үетэй тохирсон зорилтоо хэрэгжүүлэх арга хэлбэрээ оновчтой болгох, улс төрийн стратеги, хэрэгжүүлэх технологио сонгох, шийдэлд хүрэх асуудал.

-Их хурлын төлөөлөгчдөө сонгох хурал болж байна. Бүлэглэл фракцийн гар хөл ирэх үү, намын хамт олны төлөөлөл сонгогдох уу гэдэг эргэлзээтэй.

-Энэ бол чухал асуудал. Бүлэг, фракцийн төлөөлөл их хуралд хэдий чинээ их сонгогдоно, энэ намын цаашдын үйл ажиллагаа төдий чинээ л сулрах, талцах, итгэл алдрах нөхцөл даамжирна. Иx хурлаар хэлэлцэх асуудлын мөн чанарыг ойлгож, хүний үгээр биш өөрийн толгойгоор санал өгч намын шинэчлэлд нэмэр болж чадах хүнээ үүрүүд сонговол хамт олны төлөөлөл болж чадах байх.

-Энэ намыг тараах, задлах сонирхол хэсэг бүлэглэл эсвэл сөрөг хүчний хувьд байгаа гэж та  үздэг үү?

-Тэр мөрөөдөл. Энэ нам Монголын улс төрийн тогтолцоонд бусад намуудад үлгэр загвар, эталон болж байгаа. Цаашид ч тийм байх болно. Нэг хүнтэй нам амьдраад байхад 220.0 гишүүнтэй нам тарна гэж байхгүй. МАН бүдэрвэл АН цуурна. Хэдий чинээ олон фракц бүлэг болно төдий чинээ намын тогоон дотроо бие биенээ урна, хэмлэлдэнэ, тамираа барна.

-Танай нам нийгэмд хүлээн зөвшөөрсөн лидер байгаа юу. Ер нь ямар хүн намын дарга болох ёстой вэ?

-Монголчууд төрийн тогтолцоогоор нэг хүний дөвийлгөх “лидер төрүүлэх” түүнийгээ дагах сэтгэлгээний уламжлалтай. Нэг лидер биш салбар салбарын мэргэшсэн чадвартай баг бүрдүүлж, нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлж чаддаг, улс төрийн хүчин олны дэмжлэг хүлээнэ. Улс орны хөгжлийг бүхэлд нь харах чадвар, туршлагатай олон ургальч үзлийг нэгтгэн зангидаж чадах хүн дарга болох нь зүйтэй.

-МАН-д чадвартай боловсон хүчин дутагдаж байна гэж шүүмжлэх юм?

-Боловсон хүчний нөөц хангалттай. Харин сонгон шалгаруулах асуудалд том алдаа бий. Боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох, баримтлах зарчмаа ард олонд ил тод зарлаж түүнийг цаашид хэлбэрэлтгүй мөрдөх үндсэн зарчмаа тохирох хэрэгтэй. Бусад намуудад үлгэр жишиг цаашилбал төрийн боловсон хүчний бодлогын суурь загварыг манай нам гаргаж тавих ёстой.

-Чадвартай мэргэжилтэй нь биш, мөнгөтэй танилтай нь МАН-д  дээгүүр залардаг болсон нь нууц биш шүү дээ.

-Энэ асуудал зөвхөн манай намд ч биш бүх нам, төрийн ажилд ч нэвтэрсэн гажиг тогтолцоо. Фракц бүлэглэл тухайн цаг үедээ давуу юм шиг боловч хожмын үр дагавар, хор уршиг хэмжээлшгүй. Мөнгөөр бүхнийг шийдэж болно гэсэн сэтгэлгээ нь залуу үеийн уураг тархийг хордуулж байна. Монголын ирээдүй болох залуу үеийнхэн мэдлэг мэргэжил, ур чадварыг шүтэх биш, мөнгө танил тал, том даргын “карманд” багтах гэсэн ёс суртахууны доройтолд орсон байна.

-Намын шинэчлэлд боловсон хүчний талаар ямар зарчим баримтлах нь зөв, оновчтой юм бол?

-Суурь үзэл баримтлалгүй, улс төрийн үнэт зүйлгүй, хүн чанар, боловсрол мааруухан, ашиг хайгч, анархист бүлэглэлийг төрийн, намын ажил амьдралаас холдуулах хэрэгтэй. Манай нам тархитай, өндөр эрэмбийн чадавхитай, нэр нүүртэй, хүмүүжил төлөвшил боловсролтой хүнийг л удирдах албанд томилдог журмыг дүрэмдээ оруулах хэрэгтэй байна. Мөнгөтэй хэсэг хүмүүс фракц бүлэглэл үүсгэж намыг цаашилбал төрийг талцан хувааж авдаг тогтолцоог халаагүй тохиолдолд ямар ч шинэчлэл хийгдэхгүй. Ямар ч шатны сонгуулд намаа ялагдуулсан баг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч хариуцлага хүлээдэг зарчим тоггмоор байна. Дарга огцорно, би үлдэж дараа нь дарга болохын тулд сайн ажиллах биш ажилд нь саад болох сэтгэхүйтэй болсон нь харамсалтай.

С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж