Цагаачдын усан онгоц живж, 130 хүн амь үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Цагаачдын усан онгоц живж, 130 хүн амь үрэгдлээ

Европыг чиглэн явж байсан Африкийн цагаачдын хөлөг онгоц Италийн өмнөд хэсэгт орших Лампедуза арлын ойролцоо осолдож, живснээс 130 хүн амь үрэгдэж, өөр олон тооны хүн ор сураггүй болжээ. Италийн эргийн хамгаалалтыхны мэдээлснээр одоогоор 130 хүний цогцосыг олж илрүүлээд байгаа бөгөөд цаашид амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх магадлалтай гэнэ. Түүнчлэн усан онгоцны ослоос 150 орчим цагаач иргэн эсэн мэнд аврагджээ. Гэрчүүдийн яриагаар усан онгоцон дээр гал гарснаас осолдож живсэн ба 500 орчим хүн зорчиж явсаны 100 нь эмэгтэйчүүд байсан гэнэ. Одоогийн байдлаар хохирогчдын дунд гурван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй байгааг Италийн албаныхан тогтоожээ. Цагаачдын усан онгоц Лампедуза арлын эрэгт хүрэхээс ердөө хэдхэн метрийн наана живж, осолджээ.

НҮБ-аас мэдээлснээр живсэн усан онгоцон дээр зорчиж явсан цагаачдын ихэнхи нь Сомали, Эритрей улсын иргэд гэнэ. Түүнчлэн НҮБ-ын Дүрвэгчдийн дээд комиссараас мэдээлснээр Европыг зорьсон цагаачдын хөлөг онгоц, завь Газар дундын тэнгист живж, осолдсоноос 2011 онд 1500 орчим хүн, өнгөрсөн онд 500 орчим хүн амь үрэгдсэн байна. Харин өнгөрсөн есдүгээр сарыг хүртэлх хугацаанд Италид 30100 цагаач иргэн эсэн мэнд хүрэлцэн ирээд байгаагийн 7500 нь Сири, мөн тооны Эритрейчүүд бол үлдсэн 3000 нь Сомалийн иргэн гэнэ. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж