
Энэ барилдааны ахлах нас буюу 17-18 насны ангилалд нэгдүгээр сургуулийн А.Мягмаржаргал алтан медаль хүртэж, түүнтэй шигшээ барилдаанд шалгарсан Чулуут сумын Ц.Анхманлай дэд байрт орсон бөгөөд удаахь байрт Цэцэрлэг сумын харьяат Э.Энхцог шалгарчээ. Энэхүү барилдааны уламжлалт “Дайчин бөх”-ийн шагналд дөрөвдүгээр сургуулийн Б.Түвшинсайханыг тодруулсан бол “Уран барилдаант” бөхөөр Батцэнгэл сумын Э.Эрдэнэ-Очир, “Уран гараа, дэвээ”-т бөхөөр Цэнхэр сумын Х.Наранцогт нарыг тодруулжээ. Багийн дүнгээр эцэслэхэд дөрөвдүгээр сургуулийн Д.Дондов дасгалжуулагчтай баг тэргүүлж А.Дарханбат дасгалжуулагчтай Цэнгэл сумын баг дэд байрт шалгарчээ. Дашрамд дуулгахад, медаль хүртсэн тамирчид Сүхбаатар аймагт болж буй үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа билээ.