
Орос, Хятад хоёр нь АНУ, Их Британи, Францын хамт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд юм. Тэр нь олон улсын аюулгүй байдал болон даян дэлхийн энх тайвныг хамгаалан бэхжүүлэх тусгай эрх, үүргийг өгч байгаа гэсэн үг билээ. Хэрэв НҮБ-ын дүрэм ба уламжлал нь ямар нэгэн зүйлийг илэрхийлээд байгаа гэж үзвэл байнгын таван гишүүний хэн нь ч санал хураалтаас татгалзах эрхгүй. Мөн дэлхийн хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэхээсээ татгалзах ёсон үгүй болой. Вашингтон, Лондон, Парис гурав “араб хаврын” авчирсан өөрчлөлтөд таарах тохирохоор бодлогоо явуулахаар оролдож байна. Тэдэнд өөрсдийн бодлогыг явуулах удирдамж болохоор стратегийн нарийн тодорхой боловсруулалт алга байгаа нь үнэн. Мөн тэд өөрсдийн үүрэгтээ эргэлзэхээр ааш гаргадгаа үргэлжлүүлсээр байна. Барууны гурван орон давхардмал стандарт, хоёр нүүр гаргадаг нь бас үнэн. Гэхдээ тэд өнөөдөр Орос, Хятад хоёрын ард нь нуугдаад байгаа арчаагүй хүлээгдмэл байдлыг харин гаргадаггүй. Тэд араб түмний уриалгыг хүлээн зөвшөөрч байгаагаа хэлсэн үү гэвэл хэлсэн. Өнөөг хүртэл улс оронтой нь түншилж байсан өөрийн бодлогоо засч залруулж буйг тэр нь харуулж байна. Үүний оронд тэд ард түмэнтэй нь нөгөө л түншлэлээ хийхээр эрмэлзэж буй. Азийн хоёр орон унтарч буй коммунист үзэл суртлынхаа дэвсгэр дээр ажиллан ард түмэнтэй нь түншлэхээ илүүд үзнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Тэдний харилцаа нь тэдгээр улс оронтой үнэн хэрэгтээ эдийн засгаар тодруулбал нефтийн сонирхлоор холбоотой бөгөөд үүгээрээ Барууны эрмэлзэлд нийцэхээр мэт. Гэхдээ өнөөгийн Ойрхи Дорнодын өөрчлөлт нь өөрийн стратегийн бодлогын цар хүрээгээ ойрын болон алсын ирээдүйдээ нарийн тод болгохыг Орос, Хятад хоёроос шаардаж байна.
Одоо Ираны цөмийн амбицад хамааралтай хоёр орны хамтрах хүрээ зэргээс давсан олон асуудлыг тэд шийдэх хэрэгтэй болжээ. Персийн булангийн орнууд болон Ираны харилцаа нь өдгөө аюултай бөгөөд хамгийн хурцадмал шатандаа байгаа. Энэ шалтгааны улмаас Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орнуудын байр суурь маш чухал болж байгаа юм. Сүүлийн үеийн хэрэг байдалтай холбогдуулан энэ нь нарийн тогтоогдсон байх ба шаардлагатай бол өөрчлөгдөж байх ёстой.
Үүнийг ард түмнээ даран дарангуйлж байгаа дэглэмийн эсрэг боссон араб түмний бослоготой ч холбогдуулан хийх хэрэгтэй юм. Орос, Хятад хоёр Аюулгүйн зөвлөлийн Ливийн тогтоолыг гаргахад саад хийгээгүй нь үнэн. Тэдний энэ байр суурийг ч бүгд магтсан. Гэтэл тэр хоёр орон одоо өөрсдийн байр сууринаас ухран аймшигтай чимээгүй байдалд оржээ.
Тийм ч учраас Орос, Хятадын удирдлага араб хаврын өмнө Иран, Йемен, Сири, Ливид тогтсон байсан байдлыг буцаах, өөрчлөлтийн эсрэг харигслалыг дэмжихээр шийдээд байна уу гэсэн асуудлыг гарган тавиад буй.
Өмнөх түүхэнд бүхэл бүтэн орныг эвдлэн нурааж байсан алдааг гаргахуйц байр суурин дээр Орос Хятад хоёр зогсч байв. Түүний нэг жишээ нь дэглэмээ улс орноосоо дээш тавьсан Саддам Хусейны зөрүүд зан болсон билээ. Өөрсдийн холбоотон түншүүддээ тийм байр суурины хор хөнөөлийг тайлбарлахын оронд Орос өөрийн дуу гаргадаггүй Хятад түншийнхээ хамт Иракийн дарангуйлагчийг чимээгүй дэмжиж байлаа. Энэ бүгд нь америкчууд Иракт нэвтрэхээс өмнө хийгдэж байсан билээ. Орос, Хятад хоёр ерөнхийлөгч Бушийн Иракт хийсэн дайныг хууль бус болгоход нь тус дэм болсон юм.
Дараа нь тэд энэ алдаагаа Иранд давтлаа. Ерөнхийлөгч Барак Обама ч тэдний бодлогыг санагдуулахаар стратегийг Иранд гаргаж байсан юм. Тэрээр Ираны амлалт урамшууллаар тэжээж, ташуураар айлгаж эхэлсэн билээ. Үр дүнд нь Ираны талаар Аюулгүйн зөвлөлийн таван гишүүний дэмжлэгийг авч Ираны асуудлаар санал нэгдсэн юм. Гэхдээ энэ стратеги нь Ираны үзүүлж байгаа шахалт төдийхөн зогсонги байдалд орж үр дүн муутай байгаа юм. Харин Орос, Хятад хоёр барууны орнуудаас Тегеранд үзүүлэх шахалтаа ихэсгэвэл тохиролцооноос гарахаар айлгаж байгаа. Тийм ч учраас тэднийг үнэн хэрэгтээ Ираныг дэмжиж байгаа гэж болох юм. Иран хөрш араб орнуудынхаа хэрэгт хутгалдаж буйд нь чимээгүй хандаж байгаа Орос, Хятад хоёр ард түмний эсрэг түншлэлд хамтарч буйн шинж энэ байх. Иран Хезболлахыг зэвсэглэн санхүүжүүлсэн бодлогыг Ливанд явуулж байгаа. Энэ талаар барууны орнууд Орос, Хятадтай санал бараг нийлсэн байгаа. Хятад эдгээр асуудлуудад удирдан чиглүүлэх үүргээ Орост даалгаад өөрөө чимээгүй дэмжиж буй.
Саяхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун маш чухал илтгэл тавьсан. Тэр илтгэлийг байнгын таван гишүүн сонсон анхаарч оройтоогүй дээрээ урьдчилсан арга хэмжээ авах хэрэгтэй гэж шахаж буй.
Арабын бүсийн өөрчлөлтийн салхи нь Ливанд шинэ аюул учраад байгаагаас биднийг холдуулах ёсгүй хэмээн илтгэлд өгүүлсэн байлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Ливанд буй бүх бүлэглэлийн зэвсгийг хураах санал дэвшүүлжээ. Зэвсэглэлийг хураах нь улс төрийн хэрэг байж болох авч энд Иран ба Сирийг оролцуулалгүйгээр түүнийг явуулах боломжгүй гэж Бан Ги Мун онцолсон байна.
Сири, Иран хоёр энэ асуудалд сайн дураар оролцохгүй нь мэдээж. Мөн тэд Орос, Хятад энэ талаар ямар байр суурьтай байгааг харна. Орос, Хятад хоёр Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй санал нэг байгаагаа харуулах ёстой болж байна. Израиль-Палестины сөргөлдөөний талаар ч цаашид энэ асуудлаас татгалзахаа Хятад улс болих нь зүйтэй гэх аж. Орос ч энэ асуудлаар тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой гэнэ…
Эрх чөлөө ба дэглэмийг өөрчлөхийг шаардсан Дамаскийн жагсагчид Ливийн хөдөлгөөний эхэн үе шиг харгислалд өртөж байна. Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн Сирийн асуудал тэдэнд хамаагүй мэт байдгаа орхих хэрэгтэй. Өөрт нь харгислал, занал учруулж буй дэглэмийн эсрэг хийж буй тэмцэлдээ Ливийн ард түмэн эр зоригоо магтуулан дэмжүүлэх ёстой. Тийм хүлээн зөвшөөрөлтийг Сирийн ард түмэн ч хүртэх нь шударга болно. Хүний эрхийг зөрчих нь “айдсын соёлын” зэвсэг болж буйг ярьсан Бан Ги Муний зөв аж. Мөн үүнд цэг тавихыг дэлхийн хамтын нийгэмлэгээс шаардсанаараа тэр зөв зүйл хийж байна.
Үнэн хэрэгтээ хүмүүс айдас хүйдсийн эсрэг босдог. Дэлхийн тэргүүлэгч орнууд айдас, хүйдэст хөтлөгдөхийн оронд өөрийн үүргээ зоригтойгоор биелүүлэх цаг иржээ.
хуучин дипломат сурвалжлагч Рагида Дергхам,
Эх сурвалж: The Russian-Chinese Partnership Against
People