ГССҮТ-ийн гурван эмчийг ажлаас нь халжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

ГССҮТ-ийн гурван эмчийг ажлаас нь халжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч, ажилтнууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал сонгон шалгаруулалт явуулалгүйгээр тус эмнэлгийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцэж буй эмнэлгийн ажилтнууд дээрх томилгоог нэн даруй цуцлахгүй бол тэмцлийн хэлбэрээ эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдэв. Одоогоор тус эмнэлгийн 80 гаруй ажилтан халагдах өргөдлөө бичсэн бөгөөд тэдний эсэргүүцлийг хүлээн авч, томилгоог цуцлахгүй бол ГССҮТ-ийн 250 гаруй ажилтан, албан хаагч бүгд өөрсдийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдөл өгнө гэлээ.

Түүнчлэн “Эрүүл мэнд, иргэний хяналт, шинжилгээний зөвлөл” ТББ-аас ГССҮТ-ийн ажил хаясан эмч нарт хариуцлага тооцох хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хүргүүлээд буй. Харин энэ талаар ГССҮТ-ийн эмч нар хариуцлага тооцох эрхзүйн үндэслэл байхгүй гэдгийг хэлэв. Учир нь тус эмнэлгийн эмч, ажилтнууд есдүгээр сарын 26-нд ажил хаялт зохион байгуулсан ч энэ үеэр төлөвлөгөөт хагалгааг түр хойшлуулж, яаралтай мэс заслуудыг хийсэн. Харин маргааш нь өмнөх өдрийн буюу есдүгээр сарын 26-нд төлөвлөгдсөн байсан 20 гаруй хагалгааг хийсэн байна.

Хэдийгээр Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус эмнэлгийн сонгон шалгаруулалтыг дахин явуулах тухай ярьсан ч асуудалд ороод буй эмнэлгийн дарга Ц.Энхбаяр гурав хоногийн өмнө Яаралтай тусламж хариуцсан дарга, Стратеги, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, Эмчилгээ, чанарын албаны даргыг ажлаас нь халсан байна. Тиймээс Яаралтай тусламж гэхчлэн эмнэлгийн гол албууд удирдлагагүй болсон учир өвчтнүүдийн амь настай холбоотой ч байж мэдэхээр байдал үүсээд байгааг эмч нар онцоллоо.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж