
Чуулганы хуралдаанд тоотойхон суух болсон Р.Амаржаргал гишүүн энэ намрын чуулганы нээлтэд сууж харагдсан. УИХ-ын үйл ажиллагааг шүүмжилж ажлаа тасалдаг тэрбээр намынхаа бодлогод ч таатай ханддаггүй. Сөрөг хүчин нь болсоор ирсэн нэгэн. Гэвч сүүлийн үед эрхэм гишүүн идэвхитэй хөдлөх болжээ. Ардчилсан намд байгуулагдсан А.Мурат тэргүүтэй шинэ жигүүрийнхэн түүнтэй уулзаж, санал бодлоо солилцох болсон байна. Намынхаа аль нэг фракцид харьяалагддаггүй, “ганцаардаж” явсан түүнд залуучууд нь хандаж, дэмжлэг хүссэн сурагтай. Албан тушаалд очиж чадаагүй АН-ын цөөн гишүүн ийнхүү жигүүр байгуулж удирдлагуудаа шантаачилж эхэлсэн нь Р.Амаржаргалын сонирхлыг ч татаж байгаа гэнэ. Учир нь тэрбээр УИХ-ын дарга болох хүсэлтээ удирдлагууддаа тавьсан ч хүлээж аваагүй тул ихээхэн “бухимдаж” явдгаа илэрхийлж байсан удаатай. Иймд нөхдийнхөө эсрэг сөрөх дуртай түүнд жигүүрийнхэн “таалагдаж” байгаа аж. Харамсалтай нь тэрбээр нам дотроо жигүүр, фракци байгуулдаг ч төдийлөн амжилт олоод байдаггүй. АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны 35 дугаар их хурлаараа МҮДН фракцийг сэргээснээ зарлаж байсан ч төдийлөн тодорч чадаагүй. Одоо ч тэрбээр А.Мурат тэргүүтэй шинэ жигүүрийнхэнтэй хүч хавсран сөрөг хүчин болохоор шийджээ. Энэ удаагийн түүний намын удирдлагын эсрэг чиглэсэн дайралт хэр амжилттай болохыг харах үлдэж байна.
Т.АМАРТҮВШИНЭх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
