
Уг нь лидер гэдэг үг огтоос өөр утгатай байх. Хэвлэлээр олон гарсан, дуулиан шуугиан тарьсан төдий хүний тухай лав биш. Толь бичгээс хайгаад үзвэл үгийг утгыг удирдагч, манлайлагч, хошуучлагч, гол дүр, тэргүүлэгч, жолоодогч, залуурдагч хэмээн тайлсан байгаа. Харин улс төрийн лидер гэдэг бол улс төрийн бодлоготон, улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч, аливаа шинэ дэвшилтэт үзэл санааны урд нь алхагч, нийгмийг араасаа дагуулагчийг хэлдэг гэж ойлгодог. Гэтэл яг одоо МАН-ын урд хэн гараад алхаж байгаа юм бэ?
Харамсалтай нь хатагтай Д.Сауле болон тэдний намынхны үнэлэмжээр бол хүн хутгалаад цагдаад шалгагдаж байгаа Н.Номтойбаяр /түүнийг дэд сайдын суудалд сууж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчийн жагсаалтад бичигдсэнээс хойш түүний талаар хэвлэлд гарсан хар, шар мэдээллийг тоолбол хатагтайн хэлж буй “лидер”-үүдийн жагсаалтад нэлээд дээгүүр бичигдэх нь тодорхой/ гишүүн, авлига, албан тушаалын хэргээр шоронд ял эдэлж буй АМГ-ын дарга асан Д.Батхуяг, эхнэрийнхээ нэр дээр хорь гаруй данс нээлгэж, мөнгө угаасан, бусдас авлига нэхсэн хэргээр шалгагдаж буй Боловсролын сайд асан Ё.Отгонбаяр /өнөөдөртөө түүнд хамгаалалт болж буй цорын ганц зүйл нь УИХ-ын гишүүний бүрэн эрх/ гишүүн, МИАТ-ын Ц.Орхон, ТӨХ-ны асан Д.Сугар, Татварын Ч.Гансүх ч гэсэн тус намын “томоохон” лидерүүд болж таарах нь. Хэн хэн нь л тус намын томилгоогоор ажил, албан тушаалд очсон хүмүүс. Монголчууд олимпийн медальтнуудаа нэр, зүсээр нь бүртгэж чадахгүй байлаа ч эдгээр этгээдүүдийг бол харин хаанаас нь ч хараад танихаар болтол сурталчлагдсан билээ.
Улстөрчдийн ийнхүү өөрсдийгөө хэтрүүлэн үнэлэх болсон шалтгааныг нэг талаас хэвлэлийнхэн ч бас тавьж өгсөн байх талтай. Гартаа ганц хүрз барьж үзээгүй, өөрийн гэсэн ямар ч намтар түүхгүй, зүгээр мөнгөтэй айлын мангар “пацаан”-д аав нь хүүгээ “хүн” болгох гэж дэд сайдын суудал худалдаж авч өгсөний төлөө “МАК”-ийн өв залгамжлагч, "МАН-ын нялх Сэнгүм" гэмт мэтчилэн хөөрцөглөж, худал үнэн “балешигласны” гай энэ. Одоо ч гэсэн хар л даа. Сонины хуудас, телевизийн эфирийн хамаг л үнэтэй, үзэгчтэй цагаар захын нэг сонирхогч, УИХ-ын гишүүн орж суугаад толгойдоо ч байхгүй зүйлээ бусдад тулгадаг, түүгээрээ дамжуулж карьер хийх гэдэг болсон байна.
Хэвлэлийнхэн ч гэсэн өдрийн үйл явдлын мэдээгээ зөвхөн төрийн ордон, сайд дарга нарыг тойруулан бэлтгэдэг гэхэд хилсдэхгүй. Үр дүнд нь монголчууд нийтээрээ энэ 76 хүнээс хамааралтай амьдардаг болчихоод байна. “О.Баасанхүү эвшээв”, “З.Баянсэлэнгэ дээлээ солив” гэх шиг юм бичээд, өөгшүүлээд байхаар өөр яалтай ч билээ. Ядахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээ мэдээллийн зай талбай, цаг нарыг улстөрчид нь ч, үйлдвэрлэгчид нь ч, урлаг соёлынхон нь ч, жирийн иргэд нь ч тэнцүүхэн хувааж байж бид нийгмээ бүхэлд нь харж чадна биз дээ.
Энэ үүднээс нь харвал харин ч саяхнаас УИХ-ын даргын гаргасан захирамж, УИХ-ын үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлчдийн тоог цөөлсөн нь зөв болж харагдаж байна. Суваг солих, сонины нүүр эргүүлэх болгонд гарч ирээд хоолны дуршил үгүй хийж, хөдөлмөрийн чадвар бууруулаад байгаа улстөрчидтэй олон таарахаа болино биз. Дуртай нь биш, чадалтай, мэдэлтэй нь тэр зурагтаараа ярьдаг болог. Тэгэхийн тулд хэвлэлийнхэн ч гэсэн тэдэн дээр явж очих биш, тэд өөрсдөө явж ирдэг болох нь зөв. Тэртэй тэргүй хэвлэл мэдээлэл, телевизийн камераас холдчихоороо уснаасаа гарсан загас шиг ам нь ангалзаад, ажлаа хийж чадахаа больчихдог улс юм чинь. Ядахдаа “мөнгөө төлөөд хөгжмөө захиалдаг” зах зээлийн зарчмаа дагах нь зөв.
Тийм учраас хэвлэлийнхэндээ хандаж хэлэхэд хэрэгтэй хэрэггүй, нэртэй нэргүй, өөрийн гэсэн толгойтой, толгойгүй улстөрчдийг хэвлэлийн хуудас, эфирийн цагаас шахъя. Улстөрчдийг өргөмжилсөн, улс төрөөс хэт хамаарсан нийтлэлийн бодлогоо арай илүү иргэнлэг, хүнлэг, амьдралд ойр, ахуй луугаа хандуулъя л даа. Тэгэхгүй бол улстөрчид гэж өөрсдийгөө хүний хөгжил хувьслын дээд хэлбэр гээд итгэчихсэн нийгмийн бүхэл бүтэн анги давхарга бий болчихоод толгой дээр зайдлах янзтай.