АН-ын жигүүр хааш дэвнэ вэ?

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

АН-ын жигүүр хааш дэвнэ вэ?

Эрх баригч хүчинд ургаад удаагүй байгаа жигүүр /УИХ-ын гишүүн асан А.Мурат тэргүүтэй гишүүд/ -ийнхэн өчигдөр АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардах бичиг хүргүүллээ.  Шаардлагад Үндэсний зөвлөлдөх хороог аравдугаар сард багтаан хуралдуулах, сүүлийн гурван удаагийн ҮЗХ-ны ротацийн 228 суудалд сонгууль зарлах, Их хурлыг энэ онд багтаан хуралдуулахыг онцолсны зэрэгцээ хариуг аравдугаар сарын 5-нд багтаан өгөхийг шаардаж байна. Заасан хугацаанд хариуг өгөхгүй бол жигүүрийнхэн дараагийн арга хэмжээг авна. Энэ нь намын удирдлагад хариуцлага тооцох асуудлыг сөргүүлэн тавьснаар үргэлжлэх бололтой.

Гэхдээ жигүүрээс тавьж байгаа дээрх шаардлагад хариу өгөхийн тулд намын дарга нь Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж, ҮЗХ-г хуралдуулах эсэхээ шийднэ. Өнгөрсөн есдүгээр сард тус зөвлөл хуралдаж, дээрх асуудлыг ярилцсан ч олонхи гишүүн нь “ҮЗХ-г ойрын хугацаанд хуралдуулах шаардлагагүй” гэж үзсэн юм. Одоо дахиад асуудлыг ярихад өмнөхөөсөө өөрчлөгдөх эсэх нь эргэлзээтэй аж. Учир нь Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь Улстөрийн намуудын тухай хуулийг УИХ-аар баталсны дараа ҮЗХ-г хуралдуулах ёстой гэх чиг барьж байгаа нь цаад талдаа намын даргаа огцруулах ажиллагаа руу шилжүүлж болзошгүй нь.

Эрх барьж байгаа улстөрийн хүчинд намын даргаараа оролдох нь хүсэх зүйл биш боловч өнгөрсөн гурван жилийн хугацаанд намын дотоод бүтцэд “цус сэлбэх” үйл явцыг хийгээгүй нь эцсийн дүндээ алдаа болж хувирч байж мэдэх нь. Дотоод ардчиллыг хүсэмжилсэн эгэл жирийн гишүүд доод, дунд шатанд нэгдэж, “Жигүүр”-ийн ард тулах хүч болж зогсоо бол МоАХ-ны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын баг дээд төвшнөөс нь дэмжлэг үзүүлж байгаа гэх. Түүгээр ч зогсохгүй “Кроун” фракцийн гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Д.Нямхүү жигүүрийн үйл ажиллагааг идэвхитэй дэмжих болсон тухай яриа хүчээ авч эхэллээ.

Харин жигүүрийн нэр нүүр нь болж тодроод байгаа УИХ-ын гишүүн асан А.Муратын хувьд нам нь эрх баригч хүчин болсноос хойш албан тушаалд очоогүй цөөхөн хүний тоонд багтах болсон нь гишүүдийнх нь дунд “Албан тушаалд санаархсандаа хийж байгаа алхам” хэмээн буруутгаж байгаа ч өөрөө бол үгүйсгэж буй. Жигүүр байгуулсан шалтгаанаа А.Мурат ширээ сандал горьдсондоо бус сүүлийн нэг жилийн хугацаанд царцанги байдалд орсон намын дотоод амьдралыг хөдөлгөөнд оруулахын тулд хийж буй алхам хэмээн тайлбарлаж буйгаас харвал шууд албан тушаалд очихын төлөө шантааж хийж байна гэж буруутгахад бэрхтэй. 

Өнгөрсөн түүхийг харахад Засгийн эрхийг ээлжлэн барьсан хоёр гол хүчин нь эрх баригч хүчин болсны дараа намын анхан болоод дунд шатаа бэхжүүлэх талд санаа тавьж ирсэн нь цөөн. Тодотговол, ялсан намын зовлон ч гэж тодорхойлж болох энэхүү алдааг АН сүүлийн нэг жилийн хугацаанд гаргаж буй юм биш. 1996 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж Засгийн эрх авсныхаа дараа намын байгууллагаа бэхжүүлэх талд ажиллаж чадаагүй нь алдаа болон хувирч 2000 онд навсайтлаа ялагдаж байв.

МАН ч сүүлийн жилүүдэд эрх баригч хүчин болж ажиллахдаа шат, шатны намын үүрүүдээ эзэнгүйдүүлсэн нь өнгөрсөн сонгуульд ялагдал хүлээх томоохон шалтгаан нь болсныг улстөрчид анхааруулдаг. Тиймээс АН-ын жигүүрээс тавьж байгаа  төрийн албанд томилогдсон ҮЗХ-ны гишүүдээ чөлөөлж оронд нь шинэ залуу гишүүдээ багтаая, намын анхан болоод дунд шатаа бэхжүүлье гэх санааг нь албан тушаал горьдсон хэсэг нөхдийн явуургүй ажиллагаа хэмээн хардахад бас төвөгтэй. Аливаа улстөрийн хүчин дотооддоо ардчилалтай, асуудлаа зөвхөн дээд төвшинд биш, дунд, доод шатандаа ч ярилцаж ойлголцож чаддаг болсон цагт ил тод байдал хангагдаж цааш урт удаан хугацаанд оршин тогтнох сууриа бэхжүүлдэг нь нотлогдсон зүйл болохоор аль аль талдаа хүлээцтэй хандах нь асуудлыг шийдэх зөв гарц болж мэдэх нь.

Гэхдээ жигүүрт дэмжлэг үзүүлэх болсон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын тухайд АН-ын даргад нэр нь дэвшиж ирсэн хүчтэй лидерт тооцогдож байв. Өнгөрсөн жилүүдэд ҮЗХ-ны хуралдаанд тэр Ардчилсан хүчний холбооныхонтой саналаа нэгтгэн намын даргыг огцруулах санал тавьж, тухай бүртээ бүтэлгүйтэж байсан ч энэ удаад яахыг таашгүй. Жигүүрийнхэнтэй УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нарын гишүүд уулзаж, санал солилцсон нь цаагуураа сайд Х.Баттулгатай санаа нэгдсэн байхыг үгүйсгэх аргагүй тул дотоод ардчилал хүсэмжилсэн энэ үйл явц АН-ын Их хурал зарлагдтал нэлээд эрчимжих төлөвтэй байна. Тэр үед АН-д ургасан жигүүр юуны төлөө зорьж хөдөлсөн нь бас тайлагдах биз ээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж