NBA эхлэхэд нэг сар үлдлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

NBA эхлэхэд нэг сар үлдлээ

Дэлхийн сагсан бөмбөгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг NBA-ын шинэ улирал эхлэхэд нэг сарын хугацаа үлдлээ. Шинэ улирал шинэ өнгө төрхөөр эхлэх гэж байна. Алдарт Девид Стерн NBA-ын комиссараар ажиллах сүүлийн жил бол Жейсон Кидд тоглогчийн биш, дасгалжуулагчийн дүрээр Бруклинд хүрэлцэн ирнэ. Бэртэл, гэмтэлд өртөж, нэг улирлын турш талбайд гараагүй Дирк Роуз мөн будагтай талбайдаа эргэн ирнэ. Эсрэгээрээ алдарт “Хар мамба” хочит Коби Брайнт эхний тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа. Хьюстончүүд энэ жил Ховардтай тоглох бол, Бруклинчүүд Кевин Гарнет, Пол Пирсээр хүчээ зузаатгасан. Ийнхүү сагсан бөмбөгийн шинэ, сонирхолтой адал явдал биднийг хүлээж байна.

Бостон яах бол?

Туршлага болоод чадвараар нэгэн цагт Их гурвалыг нэгтгэж байсан байсан Бостончууд энэ жил их гурвалын аль нэггүйгээр тоглоно. Тиймээс Бостончууд яах бол? Дээр нь бас нэг тааруу мэдээлэл байгаа нь Ражон Рондо эхний тоглолтод орох эсэх нь эргэлзээтэй байгаа. Түүний бэртэл бүрэн эдгээгүй гэж багийн эмч нар мэдээлээд байгаа билээ. Их гурвал задарснаас хойш сагсан бөмбөгийн ертөнц Бостонд шинэ эрин үе ирснийг зарласан. Эргэлзэх юмгүй мэдээж энэ бол Рондогийн эрин үе. Гэхдээ түүнд Кортни Ли, Жефф Грийн, Жералд Воллес нар хүч нэмэх нь гарцаагүй. Хүмүүсийн эргэлзэж байгаа зүйл гэвэл их гурвалтай байхад гаргадаг байсан амжилт, энэ удаад тэднээс хүсэх зүйл мөн үү гэх асуулт. Мэргэжилтнүүдийн хэлж буй нэг зүйл гэвэл энэ улиралдаа тэднээс томоохон амжилт хүлээгээд хэрэггүй гэж. Магадгүй бүгд хөлөө олтол дахиад хоёр улирал шаардлагатай байж болох юм.

“Лейкерс” тэргүүлэгчийн байр сууриа авах уу?

Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Лейкерс” баг шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалаад байгаа. Энэ хугацаанд нэг дасгалжуулагч, хоёр, гурван тамирчдыг өөр баг руу илгээсэн. Одоо энэ багт найдлага төрүүлж байгаа ганц тамирчин байгаа нь Коби Брайнт. Тэр энэ жил эхний тоглолтод гарахгүй байх магадлал өндөр байгаа. Хэдийгээр багийн эмч нар эхний тоглолтод гаргахын тулд бүх зүйлээ дайчилж байгаа ч эрсдэлийг хэн ч хүсэхгүй байгаа нь лав. Хэрвээ эхний тоглолтод ямар нэгэн зүйл буруугаар эргэвэл түүнийхээ горыг урт удаан үргэлжлэх улирлын тоглолтуудад амсч ч болох юм. “Лейкерс”-ийн тухайд сэлгээний тамирчид гол асуудал болж байгаа. Өнгөрсөн улиралд сэлгээний тамирчид муу байснаас болж финалд шалгарч чадаагүй. Тиймээс энэ жил сэлгээнийхэн хэр зэрэг тоглох вэ гэдэг эргэлзээтэй байна. Улирлын дундуур Маркус Ландри энэ багт ирсэн. Гэхдээ гараанд гарах эсэх нь эргэлзээтэй байгаа. Хэрвээ улирал эхэлтэл бэлтгэлийн үеэр сайн байвал гараанд гаргаж ч болно гэж Майк ДиАнтони ярьж байгаа.

“Хит” цомоо хамгаалах уу?

Хоёр жил дараалан түрүүлж, багийнхаа түүхийг бичиж байгаа орчин цагийн их гурвал цомоо хамгаалах эсэхийг хэн ч тааж мэдэхгүй. Гэхдээ мэргэжилтнүүд цомын төлөө өрсөлдөх хамгийн боломжит багаар тэднийг нэрлэж байгаа. Ямартай ч тэднийг бүсдээ тэргүүлнэ хэмээн итгэх хүмүүс цөөнгүй бий. Томоохон шинэчлэл гэхээр зүйлийг энэ баг хийгээгүй. Дасгалжуулагчийн тухайд энэ жил ямар ч байсан финалын төлөө өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа. Ямар ч байсан улирлын хамгийн гол, олны анхааралд байх баг бол “Майами Хит”. Гэхдээ олны итгэлийг дааж чадах уу, “Даллас”-т тэргүүллээ алдсан шиг ямар нэгэн азгүйтэл тулгарах юм биш биз.

Бруклин,  Хьюстон шинэ өрсөлдөгчид

Яах аргагүй энэ хоёр баг өнгөрсөн зун сонирхолтой олон наймаануудыг хийж чадсан. Хьюстонг харцгаая. Энэ зуны хамгийн том наймаа хийсэн нь Двайт Ховард. Тэрээр энэ жил 12 дугаартай тоглох бөгөөд шинэ улиралд бэлэн байгаагаа зарласан. Драфтаар болон драфтын бус тоглогчдоор хүчээ зузаатгасан. Магадгүй Харден, Лин, Ховардыг Хьюстоны түүхэнд байгаагүй хүчтэй тоглогчид гэж нэрлэж болох юм. Техас мужийнхан магадгүй Яао Мин, Трейси Макгрейдигийн үзүүлж байсан амжилтаас ч илүүг тэднээс хүсч байгаа биз ээ. Брүүклиний гарааг харвал яалт ч үгүй плей оффын баг гэж нэрлэж болох талтай. Пол Пийрс, Кевин Гарнет, Андрей Кириленко, Жейсон Терри нарыг эгнээндээ нэгтгэж чадсан. Мэргэжилтнүүд аль хэдийнэ карьерынхаа оргил үеийг ардаа хийсэн хөгшин тамирчид багийн амжилтад нөлөөлөх эсэх нь эргэлзээтэй гэж байгаа бол дасгалжуулагч нь өөр бодолтой байгаа. Дээрээс нь нэгэн цагт Нетсийн түүхийг бичилцэж явсан Жейсон Кидд Брүүклинг удирдана. Тэрээр “Бид плей оффт орохын төлөө л тэмцэнэ. Тиймээс бэлтгэлийг бид маш эрчимтэй хийж байгаа. Шүтэн бишрэгчдээ гомдоохгүйн тулд бүхнээ зориулна” гэж мэдэгджээ.

Иймэрхүү сонинтойгоор, хүлээлттэйгээр шинэ улирал эхэлж байна. Сануулахад тоглогчдын холбооны ерөнхийлөгчөөр Крис Пол тодорсон. Дерк Фишерийг маш сайн энэ үүргийг гүйцэтгэсэн гэж үздэг ч Пол Фишерээс дутуугүй гүйцэтгэгч байх шаардлага тулгарч буй. Сүүлийн 30 жилийн хугацаанд NBA-г удирдсан Девид Штерн 2014 оны хоёрдугаар сард үүрэгт ажлаа өгнө. Түүнийг залгамжлах хүн нь NBA-н дэд ерөнхийлөгч Адам Силвер байх болно. Түүний хийх хоёр шинэчлэл бий. Сагсан бөмбөгийн багийн тоог хоёроор нэмнэ. Бүсийн аваргын цомыг өөрчилнө. Одоогоос яг нэг сарын дараа шинэ улирал, шинэ адал явдал эхлэх гэж байна.

Б.БОЛОРСҮХ
“NEWSWEEK” сонин №031

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж