
Тийм ээ, түүний зөв. Гоё зохиолтой, гоё кино үзмээр байна. Монголд кино зохиол үгүйлэгдэж байгаагийн жишээг бид кино театрт очих бүртээ мэдэрдэггүй гэж үү. Давгүй, сайн киног уран бүтээлчид хийж байна. Үүнийг үгүйсгэх арга байхгүй. “Бодлын хулгайч”, “Ларьдма”, яг одоо театрт гарч байгаа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” гээд нийгэмд үг хэлэх гэсэн, бодит явдлаас сэдэвлэсэн, үйл явдал, найруулга, дүрслэл, зураг авалт сайтай гээд онцолж болох бүтээлүүд Монголын кино урлагт төрж байгаа. Гэхдээ л… Гэхдээ л дийлэнхээрээ сайн гэж үнэлээд байгаа эдгээр кинонууд эргээд харахад яг л нэг сэдвийг эргүүлж, тойруулан мөлжиж байна. Шилжилтийн үе, ная, ерээд он, нийгэм хямарч, хүмүүс тэр босго саадыг давах гэж алдаж, оносон бараан өдрүүд. Шорон, ядуу тарчиг амьдрал, гэр бүл салалт, ухаарал. Алдаа, алдаа, алдаа…
Арай дөнгүүр гэсэн кинонууд бүгд ийм хүнд сэдэв дээр амьдарч, дандаа хар бараанаар энэ урлаг шинэ дээлээ сольж байгаагийн буруу нь явсаар кино зохиол эзэнгүйдсэнийх. Аргагүйдсэндээ жүжигчид өөрсдөө киногоо бичиж байна. Найруулагчаа хийж байна. Продюсерлож байна. Дуулж байна. Тэгээд кинондоо гол дүр бүтээж байна. Жүжигчин Б.Навчаа “Ларьдма”-гаа тэгж л тэмцэж байж хийсэн. Сая жүжигчин У.Уранчимэг бас л тийм маягаар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киног бүтээлээ. Энэ гэхдээ жүжигчдийн буруу биш. Харин ч тэдний кино ямар болж гэхээсээ өмнө тэдэнд яагаад кино зохиол байхгүй байна гэдгийг түрүүлж харах ёстой.
Монголын кино зохиолчид ажлаа хийхгүй байна, маш сайн кино зохиол байхгүй байна. Цаашилбал энэ салбарт бодлого харагдахгүй байна. Тиймээс “Кино зохиол, бас дахин кино зохиол” гэсэн дүнг сүүлийн үеийн бүх кинонд тавимаар байна.
“NEWSWEEK” сонин №031
