намрын чуулган нээлтээ хийсэн эхний өдөртөө Монголбанкны хэрэгжүүлэх
мөнгөний бодлогын төслийг хүлээн авлаа. Мөнгөний бодлого энэ удаад
инфляцийг 8 хувьд барина гэсэн амлалт өгч байгаа аж. Үнэхээр үүндээ хүрч
чадах уу?-
Инфляцийг нэг оронтой тоонд барих
амлалтыг үе үеийн Засгийн газар амладаг ч үүнийг нь хэрэгжүүлэх үүргийг
Монголбанк хүлээдэг. Төгрөгийн ханш сул, чанга байх, түүний худалдан
авах чадвар сайн, муу байхыг төв банкны бодлого л тодорхойлдог гэсэн үг.
Тэгвэл хүн бүрийн хэтэвч, айл болгоны амьжиргаатай холбоотой амин чухал
ийм асуудлыг атгаад сууж буй Монголбанк ирэх онд ямар бодлого
хэрэгжүүлэх гэж байна вэ?
УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн эхний
өдөртөө Монголбанкны хэрэгжүүлэх мөнгөний бодлогын төслийг хүлээн авлаа.
Мөнгөний бодлого энэ удаад инфляцийг найман хувьд барина гэсэн амлалт
өгч байгаа аж. Үнэхээр үүндээ хүрч чадах уу?
Монголбанкны хуулиар
хүлээсэн үүрэг нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг
хадгалахад чиглэгддэг. Харин төгрөгийн тогтвортой байдал гэдэг гадаад,
дотоод хоёр талтай зоос юм. Дотоод тогтвортой байдал гэдэг нь яах
аргагүй хэрэглээний үнийн индекс буюу инфляциар илэрхийлэгддэг бол
гадаад тогтвортой байдал гэдэг нь бусад валюттай харьцах ханшаар
хэмжигддэг. Монголбанк чухам гадаад, дотоод тогтвортой байдлын алийг нь
илүү анхаарах ёстой юм бол?
Дэлхий нийтийн жишгээр бол тухайн улсын
төв банкны үүрэг нь төгрөгийн дотоод тогтвортой байдлыг буюу үнийн
тогтвортой байдлыг хангахад чиглэгддэг аж. Монголбанкны үүргийн хувьд
хуулиар нарийн ялгаа заагдаагүй учраас ерөнхийдөө дотоод тогтвортой
байдлыг хангахад бодлогоо чиглүүлж, харин гадаад валюттэй харьцах
ханшийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлт буюу эдийн засгийн суурь хүчин
зүйлс тодорхойлно хэмээн онцлоод орхидог. Ирэх оны мөнгөний бодлогын
төсөл ч энэ жишгээр үнийн тогтвортой байдлыг найман хувиас хэтрүүлэхгүй
байх зорилтдоо түлхүү төвлөрөх аж.
Сүүлийн хориод жилд аль ч Засгийн
газар инфляцийг нэг оронтой тоонд буюу найм, ядаж л 10 хувиас
хэтрүүлэхгүй гэсэн зорилт тавьдаг ч 33 хувь хүртлээ цойлж байсан үе бий.
Тэгэхээр Н.Золжаргал ерөнхийлөгчийн зорьж буй хэмжээ мөн л бага төвшин,
энэ ч хэрээрээ амаргүй амлалт болж таарах нь. Уг нь Монгол шиг хөгжиж
буй эдийн засагтай улс оронд инфляцийн хэмжээ 7-11 хувь байхад эдийн
засгийн өсөлтдөө сөрөг нөлөөгүй гэж үзэх олон улсын аргачлал байдаг аж.
Гэвч үнийн өсөлт мөнгөний бодлогод захирагдахгүй, тооцоолсноос үргэлж өндөр гардаг зовлонтой.
Монголбанкны
тооцоолж, зорьсон инфляцийн төвшин бодит байдлаас хэр зөрүүтэй
гардгийг дээрх хүснэгтээс харж болно. Амлалт, бодит байдлаас яагаад
ингэж зөрүүтэй гардгийг мэргэжилтнүүд тайлбарлахдаа “Монголбанкны хараат
бус байдал сул байгаатай холбоотой” гэж үздэг. Олон улсын жишгээр бол
хараат бус төв банктай орнуудад инфляцийн төвшин бага байдаг аж.
Тэгэхээр инфляци мөнгөний бодлогод тусгаснаас зөрж, өсөхийн хэрээр
Монголбанкны хувьд хараат бус бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаагийн
илрэл гэж ойлгож болох юм. Харин тэрхүү хараат бус бодлого хэрэгжүүлэх
боломжийг нь хаадаг нэг хүчин зүйл бол улстөрчдийн ойворгон хандлага,
популист шийдвэрүүд гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, мөнгөний бодлогын арга
хэрэгсэл инфляцид жилийн дараа нөлөөлдөг учраас Монголбанк инфляцийн
зорилтыг дунд хугацаагаар томьёолох шаардлагатай гэж үзэж, энэ талаар
УИХ-д санал оруулж байсан удаа бий. Гэвч эрх баригчид инфляцийн талаарх
амлалтаа жил болгон өөрчилдөг зуршилтай учраас “дунд хугацаагаар
төлөвлөх” гэсэн эдийн засагчдын саналыг дэмжээгүй. Чухам ийм байдлаас
болоод Монголбанкны гэлтгүй аль ч салбарын бодлого мэргэжлийн утгаараа
хараат бусаар хэрэгжих боломж Монголд хомс. Энэ удаад Монголбанкны
боловсруулсан мөнгөний бодлогын төсөлд УИХ хэр их засвар хийх, ирэх оны
төсвөө хэрхэн уялдуулах вэ гэдэг бас л асуудал. УИХ, Засгийн газар нь
популист байдлаар төсвөө хийж, үүндээ мөнгөний бодлогыг нийцүүлэх гэж
оролдох тусам Монголбанкны хараат бус байдал алдагдаж, инфляци дураараа
тонгочих нөхцөл бүрдэнэ гэдгийг хаа хаанаа бодууштай.