Бид төөрчихсөн хүмүүс биш ээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Бид төөрчихсөн хүмүүс биш ээ

Сүүлийн хоёр сарын турш олон нийт, хэвлэл мэдээллийн анхааралд байсан халуун сэдвийн нэг нь эдийн засаг хямарсан эсэх тухай маргаан байлаа. Элдэв оршилгүй шуудхан дүгнэхэд, Монгол Улсад өнөөдөр эдийн засгийн хямралаас илүүтэйгээр Засаглалын хямрал нүүрлэчихээд байна.

ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ

Монголд “төрийн алба -төрлийн алба” болсоор уджээ. Түүгээр ч зогсохгүй төрийн алба төрөөс ашиг хайгчдын алба, нийгмийн баялгийг хамаатан садан, танил талаараа хуваарилах бүтэц болон хувирлаа.

Авилгад автсан, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн барьцаанд орсон, тэдгээрийн явцуу эрх ашигт дөрлүүлсэн төрийн алба өнөөдөр улс орны хөгжлийн хөшүүрэг гэхээсээ иргэд, хувийн хэвшлийнхний урагшлах замын саад тотгор, нийгэмд тэгш бус, шударга бус байдал газар авах хөрс суурь болжээ. Түмний үйлсэд сэтгэлээрээ зүтгэж яваа хүмүүс олон байгаа ч бодит амьдрал дээр төрийн алба тогтолцоогоороо ужиг өвчинд нэрвэгдээд байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга бидэнд үлдсэнгүй.

Хариуцлагын тогтолцоо сул, ёс зүйн наад захын шаардлага хүртэл мартагдаж хаягдсан төрийн шат шатны байгууллагууд увайгүй хүмүүсийн эрээ цээргүй аашлах таатай орчин болж, иргэд олон нийтийг бухимдуулж байна.

УИХ, Засгийн газрын гишүүдээсээ эхлээд төрийн бүх байгууллагууд хуулийг хэрхэн үл тоомсорлож, авилгад автаж ирснийг, хариуцлагагүйн балчигт живсэн засаглалын эргэн тойронд хэр баргийн хүнээс амархан гарахааргүй ёс зүй, хүн чанаргүй үйлдэл хэрхэн цэцэглэх болсныг хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж буй албан тушаалтнуудын хэргүүд, өнөөдөр ч шил шилээ даран сонсогдсоор, илэрсээр буй улс төрчид, хурган дарга нарын чих халууцуулсан үйлдлүүд бэлхнээ харуулна.  

Ужиг өвчинд нэрвэгдсэн, уух идэх нь дийлдэхгүй болсон төрийн алба өнөөдөр Монголын эдийн засгийг бүхэлд нь ганхуулж байна.

УИХ, Засгийн газар сүүлийн арав шахам жил дараалан гаргасан тооцоо судалгаа муутай гэнэтийн огцом шийдвэрүүдээрээ бизнесийн орчныг бүхэлд нь түйвээж, Монгол Улс гадаадын ч, дотоодын ч хөрөнгө оруулалтад хамгийн ээлгүй орчин болж хувирав.

Төрийн зардал, төрийн өмч, эдийн засаг дахь төрийн оролцоо цаг минутаар данхайж байна. Монголд буй болж байгаа баялгийн бараг тэн хагас шахуу мөнгийг төр татвар нэрээр хураан авч ашигтай ашиггүй зүйлд цацаж байна. Төрийн өмч ерээд оны эхээр хувьчилсан хөрөнгийн хэмжээнээс хэд дахин давжээ. Харамсалтай нь энэ өмчинд сэтгэл гаргах эзэн байхгүй, төрийн бараг бүх бизнес алдагдалтай. Хөл дээрээ зогсох гэж тэмцэж байгаа Монголын хувийн хэвшил, хувийн бизнес эрхлэгчид албан тушаалтнуудын царай харж аргыг нь олохгүйгээр, төртэй ямар нэг бизнесийн хэлцэлд орохгүйгээр өөрийнхөө хөдөлмөрөөр баялаг бүтээх тухай зүүдлэх ч боломжгүй шахуу болж.

Энэ мэтээр тоочоод байвал төр хэрхэн хөгжлийн чөдөр тушаа болж байгаа тухай жишээ баримттай дүгнэлтийг хэдэн нүүр дүүргэн бичиж болно.

ШАЛТГААН НЬ ЮУ БАЙВ?

Энэ бүхний бурууг бид юуны өмнө эрх барьж ирсэн улс төрийн хүчнүүд, тэдгээрийн удирдлагуудад тохож болно. Тэдэнд энэ хариуцлагаас зугтаж нуугдах газар байхгүй. Өнөөдөр байдал ямар байгааг мэдэхийн цаагуур мэдсээр байж улс орныхоо үсрэнгүй хөгжлийн суурийг тавьчихсан мэтээр хэвлэлийн хэдэн нүүр дүүргэн сайрхах ёс суртахууны эрх ч тэдэнд байх ёсгүй.

 Гэхдээ харамсалтай нь хэдэн улс төрчийг буруутгаж, нэгийг нөгөөгөөр сольсноор байдал тэгтлээ сайжирчихгүй гэдгийг амьдрал харуулж байна.

Монголд нүүрлээд байгаа Засаглалын хямрал бол хорь гаруй жил үргэлжилж байгаа улс төр, нийгэм, эдийн засгийн шилжилт дуусаагүй, улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болж чадахуйц төрийн механизмаа бүрдүүлж амжаагүй байгаагийн илрэл гэж үзэж байна. Бид олон жил бодит байдлаас нүүр буруулж, шаардлагатай шинэчлэл, тогтолцооны өөрчлөлтөд шамдах бус, удаашруулсны үр дагавар гэж үзэж байна.

Төрийн албан тушаалыг танил талдаа, намын гишүүддээ өгөөд байгаа нь намын дарга нарын буруу гэхээс илүүтэй үнэхээр чадварлаг хүмүүсийг шаардлага хангах шударга шүүлтүүрээр шүүн тогтоож, хүний нөөцийн сан үүсгэдэг, түүнээс нь төрийн байгууллагууд ил тод шалгуураар шилж сонгож ажиллуулдаг хүний нөөцийн тогтолцоо Монгол Улсад байхгүй байгаагийнх. Үнэн хэрэгтээ чадварлаг сайн хүмүүсийн эрэлд хатсан дарга нар хаа сайгүй л байгаа. Сайн гэдгийг нь нотлоод өгдөг шалгарсан найдвартай тогтолцоо нь байхгүй болохоор “танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг сонголт хийх нь олон.

Тендерийн шалгаруулалтын ил тод сайн механизм, төсвийн байгууллагуудын “шилэн данс”-ны тогтолцоо манайд эрт бүрдчихсэн бол түмний нүдэн дээр намынхандаа, эсвэл хамаатан садан, найз нөхөддөө төсвийн хөрөнгийг тараагаад өгөх бөх зүрхтэй даргын тоо өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй байсан бизээ.

Улс төрийн нам уг нь юуны өмнө бодлогын байгууллага байх учиртай. Намууд олон нийтийн санаа бодол, улс орны хөгжлийн боломж нөөц гээд олон зүйлийг судалж нягталж байж шигшиж тунгаасан бодлогоо гаргадаг, хоорондоо цэц мэргэнээ уралдуулж, ялсан нь тэр бодлогоо хэрэгжүүлдэг байх ёстой. Ийм л тогтолцоо руу бид зорьсон. Үүний тулд хориод жилийн өмнө олон намын тогтолцоог бий болгосон. Бас намууд тэр бодлогоо ойлгож хэрэгжүүлэх мэдлэг чадвартай улс төрийн шийдвэр гаргагчдыг бэлтгэж байх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр улс төрийн намууд анхны зорилгоосоо ямар их гажчихсан явааг бид мэдэж байгаа.

Улс төрийн намууд бодлого, судалгаа сайтай байсан бол, юунд зорьж хаашаа явж байгаагаа олон нийтээр нухацтай хэлэлцүүлдэг, үйл ажиллагаандаа бодитой үнэлгээ өгдөг  тогтолцоотой байсан бол арай ч өнөөдрийнх шиг социализмын үеийнхээсээ давсан төрийн өмчтэй болохгүй байсан биз. Төрөө улам данхайлгасан бодлого, хуулиуд ар араасаа үйлдвэрлэгдэхийг ч хараад суухгүй байх байсан.

Иймээс хориод жилийн өмнө эхлээд гүйцээж чадаагүй яваа засаглалын тогтолцоо, түүний салаа мөчрүүдээ шинэчлэх, боловсронгуй болгох ажилдаа эргэн орох нь юу юунаас чухал санагдана. “Шилжилтийн үеэ дуусгачихсан, одоо өөрсдийгөө бус, эдийн засгаа засъя” гэсэн гэнэн дүгнэлтээ эргэн харж “засаглалаа засварлах” ажилд нухацтайгаар ханцуй шамлан орох цаг болжээ.

ХААНААС ЭХЛЭХ ВЭ?

Эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах хуулийг яаралтай батлах санаачлага гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Өргөн барьсан хуулийн эхний төслийг анхааралтай уншвал үнэн хэрэгтээ хөрөнгө оруулалтын бодлого гэхээс илүүтэй “засаглалаа засах” шаардлагыг илүү мэдэрсэн, төр өөрийнхөө үйл ажиллагааны тогтвортой байдалд амлалт өгсөн хууль орж ирсэн юм. Энэ нь нэг талаас хөрөнгө оруулалтын  “доголон хууль” орж ирлээ гэдэг шүүмжлэл дагуулсан ч нөгөө талдаа Засгийн газар, УИХ бодит байдалд нухацтай дүгнэлт хийж байгаагийн дохио болсноороо ач холбогдолтой.

Гэхдээ бид асуудлаа цогцоор нь харж, улс төрийг хариуцлагагүй, тогтворгүй болгож байгаа, өвчнийг ужигруулж байгаа шалтгаанаа зөв тодорхойлж эмчлэхгүй бол өндөр халуурлаа түр зуурын эмээр дараад нэг их хол явахгүй.

Дээр хэлсэнчлэн, төрийн албаа, тендер шалгаруулдаг, төсөвт хяналт тавьдаг тогтолцоогоо, улс төрийн намуудаа шинэчилсэн шиг шинэчилж, байх ёстой гольдролд нь яаралтай оруулахгүйгээр өнөө маргаашийн ганц нэг тоогоор өөрсдийгөө хуурч, цэц булаалдаж сонгуулиас сонгуулийн хооронд амь зогоогоод Монгол Улс хөгжихгүй.

Уг нь энэ бүх шинэчлэлийг хийхгүй гээд байгаа хүн бараг байхгүй. Гэхдээ хариуцлага нь хаанаа яваа, хэн нь түүнийг нэхэж тооцох нь тодорхойгүй болчихоод байгаа өнөөгийн улс төрийн орчинд эдгээр шинэчлэлийн бодлого хэзээ мэндлэх, мэндэлсэн ч хүссэн хэмжээнд гарч чадах эсэх, гарсан ч хэрэгжих үү үгүй юу гэдгийг ёстой л “би таашгүй”.

Тиймээс Монгол Улс хаашаа явахаа шийдэх хувь заяаны салаа зам дээр зогсч байгаа энэ үед засаглалын хямралыг цэглэх ажлыг өнөөдрөөс эхлэх нь чухал байна. Эхлэх эхлэхдээ Их хурал, Засгийн газраасаа эхэлмээр байна. Их хурал нь эрх барих дээд байгууллага биш, Засгийн газар нь гүйцэтгэх байгууллага биш болж УИХ, Засгийн газар бантан болтол холилдсон, яван явсаар Засгийн газар нь Их хурлынхаа дээр гараад суучихсан засаглалын завхралыг засахаас эхлэх ёстой. Монголд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зааг байхгүй болж, үүний уршгаар эрх мэдэл цөөн хүний гарт төвлөрч, засаглалын зарчим ноцтой гажуудсан аюултай ухралт буй болсныг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх учиртай.
Улсын Их Хурал 76 гишүүнтэй. Гишүүн бүр Үндсэн хуулиар баталгаажсан тэгш эрх, үүрэгтэй. Бүгдээрээ нийлээд өөрсдийн итгэл үнэмшлээр иргэдийнхээ эрх ашгийг төлөөлсөн хууль, бодлого батлах учиртай. Түүнийг хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын шийдвэрээр байгуулсан Засгийн газар хэрэгжүүлж, хэрхэн хэрэгжүүлж байгааг нь мөн л ард түмний төлөөлөл болсон УИХ хянаж, алдаа гаргавал хариуцлага тооцож явах учиртай.

Уг нь дээрх логикийг нуршаад байх шаардлагагүй бүгд л мэднэ л дээ. Гэхдээ өнөөдөр Монголд ийм тогтолцоо хэлбэрийн төдий л үлдэж, хариуцлагын механизм ажиллахаа больжээ. Намуудын хамгийн нөлөөтэй, туршлагатай гишүүд нь бүгд Их хуралд орж, давхар сайд болж, дарга уу, цэрэг үү гэдэг нь ойлгогдохгүй болчихоор амьдрал өөрөөр яаж ч өрнөх билээ. Зүй нь улс төрд чанагдсан эдгээр хүмүүс Засагтаа юу хийхийг нь зааж чиглүүлээд, хянаж шаардаж, ажиллуулсан шиг ажиллуулж явбал хариуцлага гэдэг зүйл арай бодитой болж ирэх бус уу.

Энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гаднаас томилдог болохоор тусгасан байгаа. Энэ хуулийг хэлэлцэн баталж байж дараа дараагийн шинэчлэлийн ажил бодитойгоор урагшлах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ төсөлд хуулийг 2016 оны сонгуулийн дараагаас дагаж мөрдөхөөр тусгасныг 2014 он болгож батлах нь зүйтэй болов уу. Асуудал хаана үүсч, хүндэрч байгааг мэдсээр байж Ардчилсан нам, УИХ-д суудалтай бусад намууд, сонгогчдын итгэл хүлээж сонгогдсон гишүүд ирэдүйгээ бодсон энэ шийдвэрийг гаргахгүй удвал дэндүү хариуцлагагүй явдал болно.  Асуудлыг шийдэж зориглохгүй дахиад гурван жил болбол түүний төлөөс нь дэндүү өндөр болж мэднэ.

Аз болоход бид юу хийхээ мэдэхгүй ойд төөрчихсөн хүмүүс биш. Яавал байдал сайжрах вэ гэдэг дээр олон хүн нэгдмэл хариулт өгч байна. Одоо ганцхан улс төрийн хүсэл зориг, олон нийтийн шахалт дэмжлэг л чухал байгаа үе. Ирээдүй өнөөдрөөс эхэлдэг. Оногдсон хариуцлагаа үүрсэн шиг үүрч, үр хүүхэд маань тайван амьдрах Монгол Улсын төлөө нүүрлээд байгаа Засаглалын хямралд өнөөдрөөс эхлэн цэг тавьцгаая.

УИХ-ын гишүүн М.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж