Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Хоёрын эсрэг хоёр

МАН-чууд амарч, ар гэрийн ажлаа амжуулсаар. Америкт нохойгоо салхилуулж, сургуульд суралцаж, Өмнөд Солонгост эмнэлэгт хэвтэж, Японд сургалтад сууж явна. Учир нь засагт багтаагүй тэдэнд өөр хийчих зүйл байхгүй учраас тэр. Команд өгч, цуглах дохио өгтөл тэд энэ хэвээрээ л байна. Мэдээж энэ сарын 27-нд намынх нь их хурал болох тул тэд цуглах нь тодорхой.

МАН-чууд ирэх үед нэг зүйл бараг шийдэгдчихсэн байх биз. Намын даргад М.Энхболд байх уу, эсвэл У.Хүрэлсүх байх уу гэдэг.  УИХ дахь бүлгээ даргалж буй Н.Энхболдын нэр ч явах нь тодорхой. Мөн хэдэн эмэгтэйчүүддээ найдаж Д.Оюунхорол, ерөнхийлөгчийн сонгуульд ч боломжийн амжилт гаргасан гэдгээрээ Б.Бат-Эрдэнэ нарыг дэвшүүлэхэд хэн ч гайхахгүй. Суудлаасаа бууж буй удирдлага хэнийг дэмжихээ илэрхийлэх вэ гэдэг нь ч нэг зүйлийг хэлэх нь гарцаагүй.

Бүлгийн даргын туршлагаас гадна одоогийн албан тушаал нь намын даргын суудал руу очих гишгүүр болдог ч цөөнгүй асуудлуудыг шийдэж чадаагүй байгаа нь Н.Энхболдыг намын даргын энд хүрэхэд нь саад болохоор байна. УИХ дахь бүлэг нь асуудлыг хэлэлцэхэд зөвхөн ирц бүрдүүлэгчийн хувиар оролцохоос биш шийдвэрт нөлөөлж чадахгүй, одоог хүртэл байнгын хороод зэрэг бүтцийн байгууллагад хоёр гуравхан хүнтэйгээр оролцож, хүч дутсаар байгаа. Дээрээс нь  Н.Номтойбаярын асуудал нь гишүүний бүрэн эрхийн хэмжээнд яригдаж мэдэхээр, Увсаас сонгогдсон хоёр гишүүнээ ч Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж татуулж болох нөхцөлүүд үүсэв. Энэ бүх нөхцөл сарын эцэст шийдэгдэж амжихгүй нь тодорхой. Ингэхээр бүлгийнхээ асуудлын дороос гараагүй Н.Энхболд намын даргаар гарна гэдэг төсөөлөхөд бэрх болж байна. Тэрээр ч энэхүү хүндрэлтэй байдлаа “УИХ-ын бүхий л шатны хуралдаанд сөрөг хүчний оролцох боломжийг хангах, хуульд зааснаар байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллах хэрэгтэй байна” гэж тодорхойлсон. Уржигдар үдээс хойшхи Ардчилсан намын бүлгийн хуралд УИХ-ын 2012 оны сонгуульд Увс аймгаас нэр дэвшсэн хоёр гишүүн нь оролцсон бөгөөд энэ тухай нь бүлгийн дарга Д.Эрдэнэбатын амыг татан байж асуухад “Сая Ардчилсан намын дотоод мэдээллийг сонссон. Зөвхөн Увсын асуудлыг сонсоогүй. Ер нь шат шатны сонгуультай холбоотой асуудлууд дээр ямар нөхцөл байдал үүсээд байгаа вэ гэдэг талаар мэдээлэл хуваалцлаа. Энэ дотор Увс аймгийн төлөөлөгчдийн УИХ-ын сонгуультай холбоотой асуудал орж ирсэн. Бүлгийн гол зорилго бол намаас, холбогдох хүмүүс, хуулийн байгууллагаас үнэн зөв мэдээллийг авч, нэгдмэл ойлголттой болох ёстой. Энэ утгаараа бид холбогдох  мэдээллийг сонссон” гэх тайлбарыг өгсөн болоод өнгөрөв. Ардчилсан намын энэхүү мэдээллийг сонссоны дараа  МАН-ынхан Удирдах зөвлөл хуралдлаа. Хэдийгээр ажлын цаг дууссан ч тэд хуралдаж, дараагийн алхмаа төлөвлөсөн нь лавтай. Маргааш нь ч МАН-ын талаас хоёрын эсрэг хоёр гэх нүүдэл хийлээ. Увсын тойргийн маргааны эсрэг Өвөрхангайн хоёрын маргааныг дахин босгож ирэв. Иргэд Үндсэн хуулийн цэцэд Өвөрхангайн асуудлаар гомдол гаргажээ. МАН-чууд 22 мянган хүний гарын үсэг цуглуулж, гомдолтойгоо хавсаргаж. Ийнхүү өнөөдрийн үүсээд буй эдгээр асуудлуудыг хэрхэн шийдэх нь бүлгийн дарга Н.Энхболдын асуудал болж үлдэж байна.

Гэвч намын даргаар хэн суух вэ гэдгээс илүү хэн ерөнхий нарийн бичгийн дарга болох вэ гэдэг нь сонирхолтой болж байна. Намын даргад М.Энхболд сонгогдсон тохиолдолд генсекээр У.Хүрэлсүхийн талаас Ж.Мөнхбат. Магадгүй намын даргад У.Хүрэлсүх тодрох бол генсек нь М.Энхболдын зүгээс гарах тэнцэтгэлийн дүрмийг бүх зүйл эцэслэгдэхээс өмнө бараг тохирсон биз. “Их хурлаар энэ бүгдийг шийднэ” гэх хариултаар ам хааж, нарийн ширийн тохиролцоогоо ярьсан хүн одоогоор гараагүй л байна. Гэвч намын дарга болох хүн намыг зангидсан гар шиг аваад явах хүн байх ёстой болохоос гараа зангидаад асуудлыг шийдэх гэдэг нь арай л биш шүү гэж жиг жуг гэцгээж байгаа. У.Хүрэлсүх талдаа хүч өгөх өнөө жигүүрийнхэнээс нэг юм дуулах нь гэж байсан хүмүүсийн итгэл ч “дэвээгүй жигүүр”-тэй хамт бөхчихөж.  

Тус генсекийн суудалд Ж.Сүхбаатар, Цогтбаатар, Ж.Мөнхбат нараас эхлээд хэд хэдэн хүн яригдаж байна. Эхнээсээ Ж.Сүхбаатар нар ч бэлтгэлээ базааж Японд намыг хэрхэн удирдах, хүний нөөцийг хэрхэн бэлтгэх, пи ар удирдлагын чиглэлээр семинардаж явна. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж