Йелийн их сургуульд 250 сая ам.доллар хандивлав

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Йелийн их сургуульд 250 сая ам.доллар хандивлав

Чарлз Б.Жонсон 1950-иад оны сүүлчээр.
Фото: Franklin Resources компанийн сайт

Йелийн их сургуулийг төгсөгч Чарлз Б.Жонсон 250 сая ам.долларыг их сургуульдаа бэлэглэсэн нь тус сургуулийн түүхэнд өмнө байгаагүй их хэмжээний хандив болсон талаар Associated Press мэдээлжээ.

Йелийн Ерөнхийлөгч Питер Сэловей (Peter Salovey) тус их сургуулийг 1954 онд дүүргэсэн Чарлз Б.Жонсон (Charles B. Johnson) төрөлх сургуульдаа дээд хэмжээний хандив өгсөнийг зарлав. Жонсон саяхан болтол Franklin Resources гэдэг олон улсын компанийн захирлуудын зөвлөлийг толгойлж байжээ.

Тэрбумын дөрөвний нэг болох хэмжээний Жонсоны бэлгээр их сургууль нь хоёр коллежийг шинээр нэмэн байгуулах гэнэ. Йелийн их сургуулийг өргөтгөх төсөл нь хагас тэрбумын зардалтай болох бөгөөд  Жонсоны оруулсан хандивийг тооцоод одоо их сургууль төслөө хэрэгжүүлэхэд 80 сая ам.доллар босгох шаардлагатай болжээ.

Одоо Йелийн их сургуулийн бүтцэд 12 коллеж байгаа ба хамгийн залуу нь 1962 онд бий болсон байгаа. Хоёр шинэ коллежтай болсноор их сургууль оюутны элсэлтийг 15 хувиар нэмэгдүүлэх ажээ.

Өмнө нь Чарлз Б.Жонсон их сургуульд байнга хандив өгч байсныг Йелийн ерөнхийлөгч тэмдэглэв. Түүний хандивын буянаар их сургуульд Америкийн дипломатыг судлах Жонсоны төв бий болжээ. Тэнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссенжерийн чухал баримтууд хадгалагдаж байгаа. Мөн Жонсон тус их сургуульд Бенжамин Франклины баримтуудын цуглуулгатай болоход нь тусалсан байна. Оюутан байхдаа тэр их сургуулийн регби болон Америк хөлбөмбөгийн багт тоглож байсан Жонсон их сургуулийн цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн засахад санхүүжилт өгсөн байна. Хөнгөн атлетикийн манеж байгуулахад тэр тусласан ажээ.

Чарлз Б.Жонсоны хөрөнгийг Forbes сэтгүүл 2013 оны гуравдугаар сард 5,6 тэрбум гэж үнэлсэн байна. Америкийн хамгийн баян 400 хүний жагсаалтад Жонсон 74-т нь бичигджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж