Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүр нийслэлийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсч байхаар амласан. Энэ удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 30-нд Төрийн ордонд болно. Уулзалтын талаар Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Л.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Ерөнхийлөгч жил бүр нийс­лэлийн иргэдтэй уулзаж байгаа бо­лохоор мэдээж хэрэг өнгөрсөн жилийн уулзалтаас ямар үр дүн гарав гэдгийг эхлээд харах нь зүйтэй байх?

-Ерөнхийлөгч иргэдийн са­наа бод­лыг өөрсдөөс нь сонсч, шийдвэрлүүштэй ямар асуудал байгааг талаар санал солилцож хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөнд оруулан ажиллах үүднээс энэ уулзалтыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн хувьд иргэд хотын утаа, агаарын бохирдол, амьдрал тийм сайнгүй байгаа гээд олон асуудал хөндсөн. Үүнээс хамгийн гол анхаарал хандуулж байсан асуудал бол агаарын бохирдол. Тийм учраас энэ чиглэлээр хууль санаачилж, анхаарлаа хандуулж, олон арга хэмжээ зохиосныг та бүхэн мэдэж байгаа. Энэ жилийн хувьд ч иргэдэд хамгийн гол нь ямар асуудал тулгарч байна вэ гэдгийг сонсч ярилцах уулзалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Уулзалтад оролцохыг хүссэн хүмүүс Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандан уулзалтад оролцох боломжтой байгаа.

-Энэ жил Ерөнхийлөгч хөдөө орон нутгаар нэлээд явж, иргэдтэй уулзсан. Ер нь бараг бүх аймгуудаар очсон байх аа.

-Энэ жил очихоор төлөвлөсөн бараг л бүх аймгуудаар явсан. Зарим аймагт хоёр ч удаа очоод гарах боломж гарсан. Харин Сэлэнгэ, Дархан, Эр­дэнэт, Говьсүмбэр, Дорноговь, Өм­нө­говь гэх мэт зарим аймгуудаар очоо­гүй байгаа. Энэ жилийн хувьд төлөвлөгөөнд багтах бараг боломжгүй болов уу. Нөгөөтэйгүүр сонгууль дөхөхөөр хөдөө орон нутгаар явахад хэн нэгнийг дэмжих гээд ч байгаа юм шиг сөрөг сэтгэгдэл гардаг. Тийм ч учраас цагийн эрт дээр, сонгуулийн уур амьсгал идэвхжээгүй байгаа үед очих боломжтой аймгуудаар явж, ажил байдалтай нь танилцах үүднээс энэ жил 10 гаруй аймагт оччихлоо. Ер нь аймгуудаар явахад хүмүүс ч хөгжиж байгаа байдал анхаарал татаж байна. Басхүү жирийн ард иргэд улстөржихөөс залхаж, татгалзаж байна гэж анзаарагдсан. Цөөхөн монголчууд бид нам болж талцаад яах вэ, ер нь намын харьяалалгүй тогтолцоо руу шилжвэл яасан бэ гэсэн саналыг Ерөнхийлөгч ч хувь хүнийхээ хувьд дэмжиж байна гэдгээ хэлж байсан. Ер нь бол гарсан бүх саналыг нэгтгэж, хариуцах зөвлөхүүд нь цаашид анхааран ажиллах талаар захирамж гарган ажиллаж байна. Орон нутгаас гаргасан зарим нэг асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хуралдаанд асуудал оруулж байна.

-Төв талбай дээр цуглаад байгаа хүмүүс “Их хуралдай”-г Ерөнхийлөгч дэмжээсэй гэдгээ илэрхийлж байсан. Тэдэнтэй Ерөнхийлөгч уулзах, байр сууриа илэрхийлэх эсэх талаар ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Уулзах хүсэлтээ илэрхийлсэн эсэх талаар надад одоогоор ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Хүн болгон Ерөнхийлөгчтэй уулзаж, саналаа илэрхийлэхийг, дэмжлэг авахыг хүсдэг. “Их хуралдай”-г дэмжиж байгаа хүмүүс ч, бас дэмжихгүй нь ч бий. Олонх нь дэмжиж байна уу, үгүй гэдгийг хэлэх шалгуур үзүүлэлт хараахан байхгүй байгаа учир энэ асуудалд их нухацтай хандах ёстой. Ерөнхийлөгч цуглаан болгонд байр сууриа илэрхийлэх боломжгүй. Үнэхээр ард түмний бүгдийнх нь санаа сэтгэлд нийцсэн, давалгаа болсон асуудал мөн эсэхийг одоо шууд хэлэх боломжгүй шүү дээ. Тэгэхдээ бид анхаарлаа хандуулж, ажиглаж байна. Ардчилсан нийгэмд хэн ч жагсч цуглаж, үзэл бодлоо илэрхийлж болно.

А.ТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж