Энэ жил Эрчим хүчний яамнаас дутагдаж буй эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллажээ. Энэ хүрээнд хэдэн том төслийг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Салхит ууланд 50 мВт-ын чадалтай салхин цахилгаан станцыг энэ оны зургаадугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулсан. Одоогийн байдлаар Салхит цахилгаан станц 30 гаруй мВт-ын эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлж 50 орчим мянган айлыг эрчим хүчээр хангаж байна. Сэргээгдэх эрчим хүчээр баялаг манай орны хувьд цаашид нар, салхины эрчим хүчийг ашиглаж дутагдаж буй хэрэглээг нөхөх боломжтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа.
Гурав, дөрвөн Засгийн газар дамжиж 10 гаруй жилийн нүүр үзэж байгаа тавдугаар цахилгаан станцын ажлыг энэ жил эхлүүллээ. Өнгөрсөн хугацаанд найман удаа байршлыг нь сольж газрын асуудлыг нь эцэслэн шийдвэрлэж чадахгүй байсан энэ станцыг Хөлгийн голын хөндийд барих шийдвэр гарсан. Тус цахилгаан станцын гүйцэтгэгчээр “Жи ди Эф Суэз”, “Сожитц корпораци”, “Поско энержи”, “Ньюком” ХХК компаниудаас бүрдсэн консерциум шалгараад байна. Тус консерциум концессын гэрээний дагуу 25 жилийн дараа 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг манай улсад хүлээлгэн өгөх юм. Ирэх онд ажлаа эхлүүлэх цахилгаан станцыг 3.5 жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шинэ цахилгаан станцыг барих гэж олон жилийн хугацаа алдсан боловч одоо барих газар болон гүйцэтгэгч компаниудыг тодруулсан учраас төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно гэдгийг салбарынхан хэлж байна. Ийнхүү тавдугаар цахилгаан станц ашиглалтад орж манай орны эрчим хүчний системд 450 мВт-ын эрчим хүч нийлүүлээд эхэлбэл эрчим хүчний дутагдлаас эмээх шаардлагагүй болох аж.
Эрчим хүчний яам тавдугаар цахилгаан станц ашиглалтад орохоос өмнө цахилгаан, дулааны хэрэглээг хангахын тулд гурав болон дөрөвдүгээр цахилгаан станцыг өргөтгөж байна. Тухайлбал дөрөвдүгээр цахилгаан станцыг 100 мВт цахилгаан болон, 180 Гкал-ын дулаанаар нэмэгдүүлж байгаа юм. Энэ ажил ирэх оны гуравдугаар улиралд дуусах гэнэ. Харин гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх ажил энэ ондоо багтан дуусах бөгөөд Энэ мэтчлэн шинэ цахилгаан станц ашиглалтад орохоос өмнө байгаа нөөцөө нэмэгдүүлэх ажил үргэлжилж байгаа юм байна. Үүнээс гадна Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон ордуудад түшиглэсэн том чадлын цахилгаан станцыг барих ажил урагштай байгаа аж. Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц 2017 онд ашиглалтад орох бөгөөд одоогийн байдлаар энэ төсөлд оролцох сонирхлоо Япон, БНСУ, АНУ, ХБНГУ, Чех, БНХАУ-ын 10 консерциум илэрхийлсэн аж. Эрчим хүчний салбарт энэ мэтчлэн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Үүнээс гадны дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажиллаж байгааг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэллээ. Мөн Эрчим хүчний яам энэ жилийг эрчим хүчний хэмнэлтийн жил болгон зарласан. Эрчим хүчний салбарынхан дотооддоо хэмнэлтийг эхлүүлснээр зөвхөн сүүлийн хагас жилд 222 сая төгрөг хэмнэсэн тооцоо гарчээ. Энэ мэтчлэн унаж босон байгаа эрчим хүчний салбараа “хөлд оруулах” гарааны жилийн ажлаа дүгнэлээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин