
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ч, Б.Бат-Эрдэнэ гишүүний саналыг дэмжиж байгаагаа хэлж, ухамсраараа энэхүү хуулийн төслийг хэлэлцэх шатанд оролцохгүй байх хэрэгтэй гэв. Харин Л.Гүндалай гишүүн дуугүй байсангүй “Сүртэй ш дээ” гэсэн хариу барьснаар энэ удаагийн хуралдааныг дуусгасан юм.
Дашрамд сануулахад, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөлд зааснаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх сумдын нутагт орших Улаан тайгын байгалийн цогцолборт газрын талбайн хэмжээг дээрх сумдын зарим газар нутгаар өргөтгөж, ангилан дээшлүүлэн Улаан тайгын дархан цаазат газрын ангилалд оруулах. Ховд аймгийн Булган сумын нутагт орших Булган голын байгалийн нөөц газрыг Их, Бага онгог орчмын газар нутгаар өргөтгөж, ангилал дээшлүүлэн, Их бага, Онгог-Булган голын байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулахаар тусгасан байна. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Улаан-Уул сумдын нутаг дэвсгэрт орших Тэнгис-Шишгэдийн ай савыг байгалийн цогцолборт газрын, Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутагт орших Хантай, Зэд, Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын, Дорнод, Сүхбаатар аймгуудын Хөлөнбуйр, Булган, Мөнххөөн, Сүхбаатар сумдын нутагт орших Жаран Тогоон тал, түүний орчмын зарим газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд шинээр хамруулахаар тусгаад байна. Эдгээр газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд шинээр хамруулснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 25.6 сая га-д хүрч, нийт нутгийн 16.4 хувийг эзлэх ажээ.