Татварын байцаагчийн нөхөр Д.Батболд шүүх хуралд ирэв

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Татварын байцаагчийн нөхөр Д.Батболд шүүх хуралд ирэв

Гуч гаруй насны татварын байцаагч хоёр бүсгүй гэр бүлийн асуудал, хардалтаас болж нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн долдугаар сарын 1-нд гарсан юм. Эл хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч аравдугаар сарын 11-нийг хүртэл ес хоногоор хойшиллоо. Учир нь сэжигтэн Ц.Туяагийн өмгөөлөгч Б.Одонтунгалаг эмнэлэгт хэвтэж байгаа тул хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авчээ.

Хэргийг дахин сануулахад…

Сэжигтэн Ц.Туяа нь татварын байцаагчаар ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад байсан  нэгэн юм. Хохирогчийг гэрийнх нь үүдэнд буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны орцонд хоёр удаа хутгалж, 70 гаруй удаа хутгаар сийчэн хөнөөсөн болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг. Хохирогч бүсгүйн хувьд 31 настай, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хяналтын байцаагчаар ажилладаг, аав, хүүгийн хамт хэрэг гарсан орон сууцанд амьдардаг байсан билээ.

Ц.Туяа мөрдөн байцаалтын үеэр өгсөн мэдүүлэгтээ “Би гэртээ хоёр настай хүүгээ асардаг байсан. Гэтэл нөхөр маань талийгаачтай уулздаг болсон гэх сураг байнга дуулдах болж, сүүлдээ энэ нь бидний амьдралд нөлөөлж эхэлсэн. Би өмнө нь хэд хэдэн удаа талийгаач Э-тэй утсаар ярьж, нөхрөөс минь холбоогоо таслахыг гуйж, уулзаж ярилцахыг хүссэн. Гэвч тэр бүсгүй гуйлтыг минь хүлээж аваагүй. Тэгээд тэвчээр алдран, архи уусан үедээ гэрийнх нь үүдэнд очиж уулзсан. Уулзсанаас хойш яг юу болсныг санахгүй байгаа, нэг ухаан ороод харахад миний гар цусанд хутгалдсан байсан” гэж мэдүүлсэн байдаг.

Хоёр бүсгүйг  талцуулсан “нууц ноётон” хэн байв?

Хоёр бүсгүйн  нэг нь амиа алдан, нөгөө нь шоронд ял эдлэх болоод байгаа энэ хэрэг Д.Батболд гэх эрээс үүдэлтэй. Д.Батболд нь анхны эхнэр, хүүхдээсээ салж, сэжигтэн Ч.Туяатай гурван жилийн турш  хамтран амьдарч байх үедээ талийгаач бүсгүйтэй нууц амрагийн харилцаа тогтоожээ.

Д.Батболд нь Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын алба хашдаг байсан ч хэргийн дараахан ажлаасаа жилийн чөлөө авсан гэдгийг эх сурвалж хэллээ. Нилээн дээгүүр албан тушаал хашдаг Ц.Батболд нь сэжигтэн, талийгаач хоёр бүсгүйд ижил өнгийн “Volkswagen Touareg” маркийн автомашин бэлэглэж байсан гэх мэдээлэл байдаг. Тухайн үед үнэтэй автомашин худалдан авч эхнэр болон нууц амрагтаа бэлэглэсэн Д.Батболд гэгчийг Авлигатай тэмцэх газарт шалгах сураг гарч байсан ч удалгүй нам жим болсон юм.

Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн Д.Батболд хуралдааны үеэр “Би ажлаасаа гарсан. Өөр хэлээд байх юм алга” хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзаж байлаа.

Татварын байцаагч бүсгүйд ямар ял төлөвлөсөн бэ? 

Хохирогчийн ар гэрийнхэн өнөөдрийн шүүх хуралдааны үеэр Ц.Туяад цаазын ял оноохыг шаардаж байв. Талийгаачийн ээж “ Энэ алуурчин хүүхэн охины минь амийг хөнөөсөн. Цаазын ял өг” хэмээн шүүх хуралдаан хойшилсон шийдвэрийг эсэргүүцэж байсан юм.

Сэжигтэн бүсгүйд төлөвлөсөн ялын талаар прокурорын эх сурвалжаас тодруулахад “Байцаалтын явцад сэжигтэн хэргээ хүлээж, хутганаас түүний гарын хээ олдсон тул цагдаагийнхан Ц.Туяад өс хонзонгийн сэдэлтэйгээр бусдын амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт буруутгасан. Шүүхээс түүний гэм буруутайг тогтоовол  Эрүүгийн хуулийн 912.2, 3 болон 91.2.12 дүгээр зүйл заалтын дагуу 15-20 жилийн хорих ял, эсвэл цаазаар авах ялаар шийтгэх учиртай. Гэхдээ эмэгтэй хүнд ямар ч тохиолдолд цаазын ял оноодоггүй” гэлээ. 

Ямартай ч олон нийтийг цочирдуулан, анхаарлыг татаад байгаа энэ хэргийг аравдугаар сарын 11-нд Баянгол дүүргийн шүүхэд эцэслэх шийдэхээр боллоо.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж