
Тиймээс бид УИХ-ын төвшинд дээрх шаардлагад хэзээ хариу өгөхөөр бэлтгэж байгаа талаар холбогдох зарим хүмүүсээс тодрууллаа.
Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ӨМНӨХ АЖЛАА ХҮЧРЭХГҮЙ БАЙНА
-“Эх орон, шударга ёс” шударга ёс хөдөлгөөнөөс бүх ард түмний “Их хуралдай” гэгчийг зохион байгуулж, УИХ-д тодорхой шаардлага хүргүүлсэн. Ямар ч байсан Монголын иргэдийн нэг хэсгийн шаардлага гэж үзээд хариуг нь УИХ-аас өгөх ёстой байх. Шаардлагын хариуг хэзээ өгөх вэ, ямар процедураар өгөх ёстой юм?
-Шаардлагын хариу бодох сөхөө бидэнд алга, өмнөх ажлаа хүчрэхгүй байна. Бид чинь дээрээ удирдлагатай улс. УИХ-ын дарга лав энэ асуудлаар ямар нэг асуудал оруулж ирээгүй, манай намын бүлэг дээр ч яригдаагүй.
-Даргын зөвлөл хуралдаагүй юу?
-Хэрэв тэр шаардлагыг нь хүлээж авсан хүн байгаа бол УИХ-ын Тамгын газраар дамжаад УИХ-ын даргад очих ёстой. Магадгүй УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, шийдвэр гаргах байх. Одоогоор хурал зарлаагүй байна.
Ц.ШАРАВДОРЖ: УИХ-ЫН УДИРДЛАГАД УЛАМЖИЛСАН
-УИХ-д тавьсан шаардлагыг УИХ-ын дарга хүлээж авсан болов уу, шаардлагын хариуг хэзээ, ямар хэлбэрээр өгөх вэ?
-Бид шаардлагыг хүлээж аваад УИХ-ын удирдлагад уламжилсан. Хэзээ, ямар байдлаар хариу өгөх талаар мэдэхгүй байна. Тамгын газар лав үүнд хариу өгөх боломжгүй.
-УИХ-ын даргын зөвлөл хэзээ хуралдах вэ?
-Мэдэхгүй.
Л.ГАНТӨМӨР: АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ХУРАЛДААГҮЙ
-Шаардлагыг даваа гаригийн үдээс хойш УИХ-д хүргүүлсэн гэж би ойлгосон. Үүнээс хойш Ардчилсан намын бүлэг хуралдаагүй, бүлгийн байр суурийг хэлэх боломжгүй байна. Би ч бас тавьсан шаардлагын талаар бодитой, тодорхой мэдээлэл аваагүй байна. УИХ дээр энэ асуудал орж ирээгүй.