Барилга барих хөрөнгө 2-3 дахин нэмэгдэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Барилга барих хөрөнгө 2-3 дахин нэмэгдэж байна гэв

Ерөнхий сайдын сард  нэг удаа аймгуудын засаг дарга нартай хийдэг "Цахим хурал" өнөөдөр боллоо. Хуралд Дорнод, Дорноговь аймгаас  бусад аймгийн Засаг дарга нар оролцсон юм. Ерөнхий сайд хурлын эхэнд Засгийн газраас хэрэгжүүлсэн ажил, болоод төлөвлөсөн ажлыг нэгтгэсэн гарын авлагаас санаа авч, аймаг орон нутагтаа  хэрэгжүүлэхийг уриалав. Энэ үеэр нийслэл төдийгүй  аймаг, сумдад төсвийн хөрөнгөөр  барьж буй барилгууд удааширч, анх төлөвлөснөөс 2-3 дахин  илүү хөрөнгө зарцуулахаар нэхэх болсон гэх асуудлыг онцолсон.  Дундговь аймагт гэхэд  гурван жилийн өмнө  төсвөөс хоёр тэрбум төгрөг урьдчилж аваад ажлаа эхэлсэн   театрын барилга өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгааг дурдав. Шат шатны  байгууллагад хандсан ч  үр дүнд хүрээгүй гэж тус  аймгийн Засаг дарга учирлалаа.  Энэ мэт төсвөөс хөрөнгөө  шийдүүлсэн хэрнээ ажил нь урагшилдаггүй, хөрөнгө дутсан гэх тайлбар хэлээд суучихдаг жишээ олон байна. Тухайлбал  2007 онд эхэлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын театрын барилга өнөөдрийг хүртэл ашиглалтад  ороогүй,  төрийн  ёслол хүндэтгэлийн ордон анх 5.2 тэрбум байсан бол өнөөдөр 15 тэрбум, Яармагийн төрөх эмнэлэг 17 тэрбумыг  гаргуулсан ч дахин 14 тэрбум, Баян-Өлгий аймгийн номын сан 30 сая байснаа 300 сая, Үндэсний архивын газрын барилга хоёр дахин,  Гандантэгчинлэн хийдийн барилгын өргөтгөл 1.3 тэрбум байснаа 11.4 тэрбум  төгрөг зарцуулагдахаар өсчээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Нэг барилга барих хөрөнгө хэд дахин өсдөг, барилгын зураг төсөв гаргах  хөрөнгө 40-130 хувь өсч байна. Төсвийн хөрөнгөөр тоглодог энэ байдлыг засах ёстой. Ирэх 11 сард төсөвтөө тодотгол  хийнэ. Цаашдаа аймаг орон нутагт эрхийг нь, хөрөнгийг нь  шийдэж өгнө.

Тэгэхээр нэг суманд ашиглалтад орохгүй байгаа барилгатай Засгийн газар зууралдахгүй болно гэсэн үг. Орон нутгийн удирдлага өөрөө зохион байгуулж, хяналтаа тавиад, хариуцлагаа хүлээдэг байдал руу шилжинэ" гэлээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж