
-Хүү чинь дажгүй юу. Өглөө тань руу залгахад хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд явж байна гэсэн болохоор асууж байна?
-Дажгүй ээ. Хүүгээ эмнэлэгт үзүүлчихээд, наашаагаа багагүй яарлаа. Зам нэлээд түгжрэлтэй байсан болохоор чамайг хүлээлгэчихлээ, уучлаарай.
-Та төрөөд удаагүй биз дээ. Саяхан л төрөөд, хүүтэй болсон гэж ярилцлага өгч байсан…?
-Тиймээ, төрөөд гурван сар болж байна. Миний хүүг ээж маань хардаг юм. Хүүгээ хараад гэртээ сууж болно. Гэхдээ улс оронд маань болохгүй, бүтэхгүй асуудал зөндөө байгааг харсаар, мэдсээр байж хувиа хичээгээд дуугүй суумааргүй байна шүү дээ. Бусад ээжүүд бол хүүхдээ хараад, гэртээ сэтгэл амар тайван сууж чаддаг байх. Миний хувьд сэтгэл өвдөөд, зөвхөн өөрийгөө бодоод байж чадахгүй юм билээ. Бусад хүмүүс талбай дээр ямар зорилготой ирж, жагсдагийг би мэдэхгүй. Миний хувьд Монгол Улсын өнөөдрийн нийгмийг өөрчлөхийг, өлөн зэлмүүн ходоодтой явж байгаа ард түмнийхээ амьдралыг сайжруулахын төлөө л энд зогсч байна. Хүмүүс их сонин юм билээ. Яаж тэмцлээ үр дүнд хүргэх вэ, яаж мөнгө олох вэ гээд толгойгоо гашилгаад, нервтээд явж байхад хажуугаар зарим нь юу ч болоогүй юм шиг алхахыг хараад даанч дээ гэх харамсал төрдөг. Өөрсдийнх нь төлөө, ирээдүйн сайн сайхан, энэ улсын хөгжлийн төлөө л бид жагсч, тэмцэж байгаа гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Зарим хүмүүст Их хуралдай, энэ жагсаал цуглаан хаврын синдром шиг санагддаг, зарим нэгэнд албан тушаал хөөцөлдөөд байгаа юм шиг бодогддог байх. Харин зарим хүмүүс “Уянгаа чи шүү, чи хүчтэй байх ёстой” гэж надад урам өгдөг. Энэ урмаар л би тэжээгддэг.
-Та төрөхөөсөө хэдхэн цагийн өмнө хэвлэлийн бага хурал хийлгээд явж байсан. Төрөөд удалгүй дахиад л талбай дээр… Ингэхэд та ядрахгүй байна уу. Жагсаал цуглаан, улс төржсөн хийрхлээс залхмаар санагдах үе танд тохиолддог уу?
-Эх орноо худалдана уу байна уу надад хамаагүй, би л болж байвал гэх хар амиа хичээсэн зангаар асуудалд хандаж болно. Гэхдээ үнэхээр зүгээр суухын аргагүй байна шүү дээ. Баянхонгорыг очоод хар, Өмнөговийн Тавантолгойн үйл ажиллагаатай танилцаад үз. Түүнийхээ дараа үнэхээр энэ Монголд чинь болж бүтэж байгаа юм байна уу гэж асуумаар санагддаг юм билээ. Асуугаад хариулт өгөхгүй бол өөрийнхөө үгийг төрд хүргэхийн тулд үзэл бодол нэгтэй хүмүүстэй хамтраад тэмцэхийг зорьдог юм байна. Би хүүгээ гэдсэнд байхаас хөдөөгүүр их явдаг байсан. Газар нутгийг маань гадаадынхан хэрхэн ухсан нүх, овоолсон шороо болгож байгааг хараад сэтгэл аймаар шимширсэн. Онгичоод, сэндийчээд хаясан тэр газар нутаг хүнээр бол аймаар өвдөж, шаналж байгаа шүү дээ. Тэгээд л надад бид энэ орны эзэн мөн үү, мөн бол яагаад амаа үдүүлээд, гараа хумхиад суух ёстой юм бэ гэх бодол төрсөн. Миний ээж аав, хань, үр хүүхдүүд үзэл бодлыг минь дэмжиж, намайг ойлгодогт баярлаж явдаг. Мэдээж хаврын хавсарганд гадаа зогсохыг хэн хүсэх билээ. Ядрах үе гардаг, харин шантарч байгаагүй. Шантрах байсан юм бол энэ тэмцлийг эхнээсээ эхлүүлэхгүй байх байлаа.
-Хөхүүл хүн хүүхдээ орхиод удаан зогсохоор хөх чинэнэ биз дээ. Тэгээд төрөөд гурван сар болж байгаа. Нялх биетэй, хаврын хавсарганд янз бүр болбол хэнд бурууг өгөх вэ?
-Чи юуны төлөө наанаа зогсч байгаа юм бэ гэж зарим хүмүүс надаас асуудаг. Би хариуд нь үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө жагсч, тэмцэж байна гэж хариулдаг юм. Хүүхдээ хараад гэртээ сууна гэдэг нэг хэрэг. Харин үр хүүхдээ гэрэл гэгээтэй, сайн сайхан нийгэмд амьдруулахын төлөө тэмцэнэ гэдэг өөр хэрэг. Аль аль нь үр хүүхдэдээ санаа тавьж буй явдал юм. Танай сониноор дамжуулж би ээж аавуудад уриалмаар санагдаж байна. Монголд өчнөөн хүүхэд өлөн зэлмүүн амьдарч, өчнөөн хүүхэд хог новш түүж, өчнөөн хүүхэд хүчирхийлэлд өртөж байна. Энэ бүхнийг эрх баригчид өөрчлөхийг хүсэхгүй юм бол бид өөрсдөө өөрчлөхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Гурван сартай хүүхдээ орхиод гудамжинд жагсана гэдэг хүсмээр зүйл биш. Гэхдээ хүсэхгүй гээд зүгээр орхиж болохгүй. Тийм учраас миний хүүхдүүд ээжийгээ өөрсдийнх нь сайн сайхны төлөө тэмцэж байгааг ойлгоно гэдэгт эргэлзэхгүй байна.
-Таны нөхөр “Уянга аа, одоо энэ бүхнээ зогсоо” гэж хэлдэг үү? Хүүхдээ хар, би ч гэсэн гэртээ гэрийн эзэн шиг баймаар байна гээд л?
-Хаа очиж надад сайн хань, сайн ээж, аав заяасан юм шиг байна. Миний хань намайг дэмждэг, ойлгодог. Мэдээж, санаа тавина. Талбай дээр битгий удаарай, эртхэн гэртээ очиж амраарай гэх үгийг ямар ч нөхөр эхнэртээ хэлдэг байх. Бурхан надад ийм л хувь заяа өгсөн юм болов уу гэж бодогддог. Би угийн тэмцэгч байх заяатай хүн юм шиг байна. Тийм ч учраас сайн хань, сайн аав ээж, үр хүүхэд надад заяасан байх. Өөрийг нь ойлгодог, хайрладаг, үзэл бодлыг нь дэмждэг ийм хань нөхөртэй эмэгтэй хүн их ховор шүү дээ.
-Нялх хүүхэдтэй хүмүүс улс төрийн элдэв хов жив, хэрүүл тэмцэлд хутгалдах байтугай айлынхаа хүнтэй ам мурийхаас цээрлэдэг. Харин та үгүй бололтой?
-Нялх хүүхдээ орхиод жагсаал, цуглаан хийж яваа маань зарим нэг хүмүүст хачин санагдаж болох юм. Нэгдүгээрт, би өөрийнхөө эрх ашгийн төлөө жагсаагүй. Монголын мянган мянган үрсийн төлөө, тэдний эцэг эхийн төлөө жагсч яваа хүн. Магадгүй муу ээж гэж тодорхойлох, зэмлэх хүн бий л байх. Би өөрийгөө муу ээж гэж бодохгүй байна. Харин ч эсрэгээрээ би сайн ээж. Учир нь зөвхөн өөрийнхөө гэлтгүй өрөөл бусдын үр хүүхдийн сайн сайхны төлөө гудамжинд даарахдаа даарч, халууцахдаа халууцаж, хараалгахдаа хараалгаж яваа жирийн нэгэн эмэгтэй. Яг л тань шиг. Танаас ялгаатай нь би эрх баригчдын бурууг ил шулуухан хэлж, энэ нийгмийг өөрчлөхийн төлөө тэмцэж байгаад л оршиж буй юм. Намайг дэмжиж байгаа олон ээжүүд бий. Ядарч байна уу, хоол цай бэлтгээд аваачаад өгье гэх сэтгэлийн дэм өгдөг ээжүүд бий. Эсрэгээрээ “Энэ Уянга юу ч билээ” гэж харах ээжүүд ч бас байна.
-Таныг сайн сэтгүүлч байсан гэвэл маргах хүнгүй байх. Ингэж явснаас мэргэжлээрээ ажиллаад, үгээ хэлж явсан бол илүү нэр хүндтэй биш үү?
-Надад сэтгүүлчээ хийгээд явах хүсэл үнэхээр байна. Гэтэл ийм бололцоо алга. Монголын хэвлэл мэдээллийнхэн эзнийхээ дуугаар дуугардаг. Эзэн юу гэнэ, түүнийг нь тэр сэтгүүлч бэлтгэх, хэлэх, бичих үүрэгтэй. Тэр 15 олигархи гээд байгаа хүмүүс хэвлэл мэдээллийн салбарыг бүхэлд нь атгасан байна. Манай Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдний савраас гарч чадаагүй байна. Ийм нөхцөлд Уянгаа сэтгүүлчээ хийлээ гэхэд өөрийнхөөрөө байж чадахгүй шүү дээ. Харин гудамжинд бол би өөрийнхөөрөө, өөрийнхөө үгийг чөлөөтэй хэлэх боломжтой. Манай сэтгүүлчид ийм байдалтай байгаагаа бүгд ухамсарладаг. Харамсалтай нь, тэд эр зориг гаргаж чаддаггүй. Сэтгүүлчдийн хувьд эхлээд өөрсдийгөө боолчлолоос чөлөөлчих. Тэгээд дараа нь нийгмийг боолчлолоос чөлөөлөх хэрэгтэй болов уу. Ямар ч байсан би өөрийгөө сэтгүүлч гэх тэр боолчлолоос чөлөөлсөн гэж боддог. Түүндээ ч сэтгэл хангалуун явдаг.
-Хүмүүс “энэ Уянга ажил хийдэггүй, хавар болохоор л гарч ирж жагсаал цуглаан зохион байгуулчихаад буцаад орчихдог. Жагсаал удирдсаныхаа шанд багагүй мөнгө авдаг байх” гэж харддаг. Энэ үнэн үү?
-Манай нөхөр ажил хийдэг гэдгийг хүмүүс мэдэх байлгүй дээ. Олон газар ажиллаж, багагүй цалин авдаг. Манай хүний цалин гэр бүлээ хангалттай тэжээхэд хүрэлцдэг. Миний хувьд ажилгүй хүн биш. Гэрээр ном редакторлана, орчуулга хийнэ. Өнөөдрийнхөө хоолыг яана даа гэж зовж байгаа хүн би бол биш. Сайн нөхрийн буянаар бусдаас дутахааргүй амьдарч л явна. Ийм тэмцэл, ийм хөдөлгөөн байгуулснаараа би олон боломж, олон ажлаа алдаж байгааг үгүйсгэхгүй. Гэвч өнөөдөр бусдын өмнөөс Уянгаа дуугарахгүй бол өөр хэн ч дуугарахгүй байна шүү дээ. Би хүнд таалагдах гэж, хүмүүст сайн хэлүүлэх гэж амьдраагүй. Хамгийн гол нь өөрийнхөөрөө амьдарч байгаадаа сэтгэл хангалуун явдаг юм.
-Та нэгэн цагт Н.Энхбаярыг үзэн яддаг, авлигын “Загалмайлсан эцэг” гэж түүнийг тодорхойлдог байсан. Гэтэл одоо мөр мөрөө түшээд тэмцэж явна. Сонирхолтой л байх даа?
-Н.Энхбаярыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхад нь би шүүмжилдэг байсан. Алдааг нь ил шулуухан хэлдэг байснаа нуухгүй. Одоо бол тэр зүгээр л нэг Монголын иргэн. Өмнө нь хэн ч байсан хамаагүй, үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн нэгдэх, жагсах эрхийг нь би хүндэтгэх ёстой. Миний таньдаг нэг нөхрөөс над руу мессеж явуулсан байна л даа. “Чи яагаад авлигын эцэгтэй нэгдэж байгаа юм, даанч дээ” гэж. Н.Энхбаяр нь байна уу, М.Энхсайхан нь байна уу хамаагүй. Хамгийн гол нь тэр хүн Монголын төр засагт болохгүй юм байна гэдгийг олж харсан учраас, тэр үгээ хэлэхийг хүссэн учраас би тэднийг цаашаа гэж хэлэхийг хүсээгүй. Үндсэн хуулийн дагуу жагсах эрхээ эдэлж байгаа тэр хүмүүсийг “чи хэрэггүй” гэх ёс суртахуун надад байхгүй. Н.Энхбаяр нэмэгдээд ч бидний хүч дутаж байна. Дахиад л биднийг дэмжих өчнөөн олон хүн хэрэгтэй байна. Энэ нийгмийг өөрчлөх нь чухал болохоос, хэнтэй хамтрах нь надад чухал биш. Бидний 15 авлигачаар зарлаад, нэрлээд байгаа тэр хүмүүсийг л өөрчлөх ёстой. Тэднийг төрөөс гаргахад бидэнд маш их хүч дэм хэрэгтэй байна. Бидний тэмцэл Н.Энхбаяр гэдэг хүн гарч ирснээр тушигдах ёсгүй. Тийм хямдхан сэтгэж байна гэдэг өөрсдөө өрөвдмөөр байгаа хэрэг шүү дээ.
-Сонгууль өнгөрөхөөр та нарын тэмцэл ч дуусна. Тэр үед Уянгаа юу хийх вэ?
-Энэ нийгмийг өөрчлөхийн төлөө би УИХ-д хоёр удаа нэр дэвшсэн. Надад хэрвээ нийгмийг өөрчлөх боломж олгох юм бол тэр өөрчлөлтийн төлөө би зүтгэх л болно.
-Их хуралдайгаас 15 олигархи гэх хүмүүсийн нэрийг зарласан. Үүнийг ямар үндэслэл, нотолгоон дээр суурилж гаргаж ирсэн бэ, хүмүүс лав их гайхах шиг болсон…?
-Их хуралдайд ирсэн төлөөлөгчдийн саналаар гаргаж ирсэн нэрс. Би тэр нэрсийг хараад их гайхсан. Хамгийн мөнгөтэй, хамгийн эрх мэдэлтэй хүмүүсийг нэрлэх байх гэж бодсон. Гэтэл миний таамаглаж байгаагүй хүмүүсийн нэрсийг ард түмэн гаргаж ирсэн. Э.Бат-Үүл, Д.Дэмбэрэл нарыг би арай ч олигархиар тодорно гэж бодоогүй. Олигархи гэдэг маань их өргөн хүрээтэй ойлголт юм билээ. Нэг хэсэг нь эдийн засгийг нь бүрдүүлдэг, нөгөөдүүл нь улс төрийн хамгаалалтад авдаг, бусад нь хайцаалдаг, албан тушаалд томилдог гээд л нэг хэсэг хүмүүсийн эдийн засаг улс төрийн сүлжээ гэсэн үг.